Хүмүүс: |
Зууны шилдэг нийтлэлч Баабарын бичсэн бүхнийг унших дуртай хүн олон бий. Гэхдээ Монголд одоогоор цөөхөн байж магадгүй. Олон гэдгийг энд зөвхөн Монгол уншигчдаар хязгаарлаагүйг, Баабарт үнэн голоосоо дургүй хүн ч гэсэн ойлгох биз. Түүний бүтээлүүд дэлхийд түгээд байгаа. Харин тэр Монголынхоо тоостой гудамжинд алхаж яваа, бохир заваан улс төрийн хүрээнийхэнд зориулан, хааяа мөнгө ихтэй хүмүүсийн захиалгаар тэднийг доош нь чихсэн нийтлэлүүд бичдэг байлаа. Үүнд нь улс төрд байр сууриа олж ядан яваа хөөрхий тэдгээр “том”-чууд нь голдоо ортол гомдохыг яана. Харин саяхнаас Баабар хатуу, ёгт, заримдаа жаахан хэтрүүлсэн хорон үгээрээ тэдэн рүү дайрахаа болив бололтой. Харин шинжлэх ухааны болон түүхийн ээдрээтэй асуудлуудыг задлан шинжилж, хялбаршуулсан анализ өгүүллэгүүдээ бичдэг болжээ. Түүний “Ой”, “Атом” зэрэг анализ өгүүллэгээс харин дарга нар маань юм ойлгож авдаг эсэхийг бурхан ч мэдэхгүй юм шиг байна. Гэвч тэд бас “Өнөөх Баабар чинь манийгаа доромжлон, шоолохоо больж, одоо л ухаан суух нь” хэмээх ажээ.
Я.Ымербек.Factnews.mn