Ашигт малтмалын хуулинд ` Төр Алтан хувьцаа эзэмшинэ` гэсэн заалт оруулах уу

2008/05/01
Share |
Хүмүүс:
Ашигт малтмалын хуулинд ` Төр Алтан хувьцаа эзэмшинэ` гэсэн заалт оруулах уу

Айванхоу майнзтай хөрөнгө оруулалтын гэрээ хийхийн тулд “Бүтээгдэхүүн хуваах зарчим”, “Алтан хувьцаа” хоёрын аль нэгийг сонгох болох нь- Монголчууд бид газрын баялагаа ашиглах, стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар олон сар ярьж байна. Гэвч одоо хэр нь тогтсон шийдэлд хүрээгүй байна. Анх Оюутолгой, Таван толгойн ордод төрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд өөрчлөлт оруулах болсон. Тэгэхийн тулд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилж нөгөөдүүл нь өнгөрсөн зунжин, намаржин гадаадын уул уурхайн компаниудаар зугаалсан. Тэр зугаалгын үр дүнд Ашигт малтмалын хуулинд төрөөс баримтлах бодлогыг Стратегийн ашигт малтмалын ордын 51 хувийг  Монголын төр, үлдсэн 49 хувийг хөрөнгө оруулагч эзэмшинэ гэсэн шийдэлд хүрээд байсан. Улс төрийн голлох хоёр хүчний удирдлагууд элбэг баяр болж энэ зарчим дээр санаа нэгдэн гар хөлөө барилцаад сүйд болоод байсан. Харин удалгүй тэр гар барилцсан ажил буцах тийшээгээ хандав. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын дөрвөн гишүүн Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шинэ
хувилбар зохиочихсон АН-ын зөвлөлөөрөө дэмжүүлээд парламентаар хэлэлцүүлэхээр оруулж ирэв. Тэр шинэ хувилбар нь стратегийн ордоос төр 51 хувь эзэмших бус олборлосон бүтээгдэхүүнээ хуваах зарчим байв. Бүтээгдэхүүн хуваах зарчмын нэг онцлог нь  оролцогч талууд бүтээгдэхүүнээ 50, 50 хувиар хувааж авах явдал. Гэхдээ  дэлхий дахинд бүтээгдэхүүн хуваах гэрээг хатуу ашигт малтмал ашиглах дээр хэзээ ч байгуулж байгаагүй гэдэг. Бүтээгдэхүүн хуваах зарчмыг голдуу газрын тосны салбарт өргөн ашигладаг аж. Харин  хатуу ашигт малтмал болох алт зэс нүүрс олборлох зорилгоор хуулийн өөрчлөлт хийж байгаа орон зөвхөн манайх юм гэнэ лээ. Тэгэхээр бид туршилт л явуулах гээд байгаа бололтой. Мэдээж Э.Бат-Үүл нарын төслийг УИх дэмжвэл шүү дээ. Харин бүтээгдэхүүн хуваах энэ хувилбар бас биш юм гэдэг дээр гишүүд анхаарч эхлэжээ. Түүнийг орлох боломжтой бас нэг хувилбар нь “Төр алтан хувьцаа эзэмших”. Энэ нь ч манай нөхцөлд яг таарах хувилбар болох талаар МАХН-ын болон АН-ын  зарим гишүүд санал нэгдэж байгаа аж. Алтан хувьцаа эзэмшихийн ач холбогдол нь төр стратегийн ордоос хувь эзэмшээд зогсохгүй, менежментийг  нь хүртэл хяналцдагаараа онцлогтой аж. Тухайлбал Оюутолгойн ордыг эзэмшиж байгаа Айванхоу майнзтай хамтран байгуулах компанийн тодорхой хувийг төр эзэмшихийн зэрэгцээ тухайн компанийн бусад зүйлд хийх хөрөнгө оруулалтыг ч гэсэн хянах боломжтой гэнэ. Хэрэв тэр компани нь зөвшөөрөхгүй бол татварын бодлогоор хориг тавих арга механизмыг ч хэрэгжүүлж болдог аж.  Алтан хувьцаа эзэмших тохиолдолд манай төр эзэмших 51 хувийнхаа хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрсдөө олж гаргах ёстойгоороо тиймхэн. Гэхдээ бидэнд хөрөнгийн эх үүсвэр олох боломж байгаа. Сүүлийн үед Арабын орнуудаас Монголд ашигтай хөрөнгө оруулалт хийе, бүр хэрэгтэй бол хөнгөлөлттэй зээл ав гэдгийг ч санал болгоод байгаа. Түүнийг ашиглаж Алтан хувьцаагаа босгох түүнийгээ олон улсын хөрөнгийн биржүүдээр борлуулж хөрөнгө оруулалт хийх арга ч бий гэж зарим УИХ-ын гишүүн үзэж байна лээ. Тэгэхээр энэ хэрэгжих боломжтой хувилбар мэт санагдана.
Монголын засгийн газартай Оюутолгойн орд дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах  Айванхоу майнз, Рио Тинто уг хувилбарыг боломжтой гэж үздэг гэсэн. Харин ажлын хэсгийн боловсруулсан төслөөр хууль батлагдах юм бол хөрөнгө оруулагчид төслөөсөө буцах саналыг хүртэл тавих магадлалтай. Айванхоу майнз Монголын төр 51 хувийг “автомат”-аар эзэмших юм бол Оюутолгой төслийг зогсооно гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Нөгөө Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах талаар бүр ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн.
Өнгөрсөн хугацаанд Айванхоу майнзын зүгээс Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсгийнхэнтэй гурван удаа уулзалт хийсэн бөгөөд тэр бүрдээ Монголын талын хувь оролцоо 51 хувь байхыг эсэргүүцсэн байна. Харин бүтээгдэхүүн хуваах, “Алтан хувьцаа”-ны зарчимыг боломжтой гэдгийг илэрхийлж байжээ. Хэрэв УИХ ажлын хэсгийнхээ боловсруулсан Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг дэмжих юм бол хөрөнгө оруулагч Оюутолгой төслийг гацааж тэр хэрээрээ Монгол улс хохирно гэдэг нь хэнд ойлгомжтой. Энд юмны эзэн гэж “хамраа сөхөх” бус ухаалаг шийдвэр гаргах нь чухал гэдгийг ч УИХ-ын гишүүд ойлгохын дээдээр ойлгож байгаа. Тийм ч учраас Оюутолгой төслийг хурдан эхлүүлэхийн тулд ээлжит бус чуулган хүртэл зарлаж асуудлыг шийдэхийг оролдсон хэрэг. Харамсалтай нь ээлжит бус чуулган байтугай ээлжит хаврын чуулганы хугацаанд нэг шийдэл дээр тогтох эсэх нь эргэлзээтэй хэвээр л байна. Хэрэв энэ парламент Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Оюутолгой төслийг жинхэнэ утгаар нь эхлүүлэхгүй бол дараагийн парламент байгуулагдаад гольдордоо ортол төр цаашилбал Монголчууд багагүй байдлаар хохирно. Ялангуяа өдөрт нэг сая ам.доллар алдаж байгаа энэ нөхцөлд тэр хэмжээгээр хохирно гэсэн үг.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.