Хамтарсан засаг энэ намар унана: Харин У.Хүрэлсүх ерөнхий сайд, М.Энхболд УИХ-ын дарга...

2011/10/08
Share |
Хүмүүс:
Хамтарсан засаг энэ намар унана: Харин У.Хүрэлсүх ерөнхий сайд, М.Энхболд УИХ-ын дарга...

Монголын улс төрийн томоохон хүчин гэгддэг МАН-ын дотоод “ертөнц” дэх хямрал дээд цэгтээ тулсныг уржигдар болсон “Элит” цогцолбор дахь бүлгийн хурал нь нотоллоо. 2008 оны сонгуулийн ялалт нь тус намд ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх том боломжийг өгсөн. Гэвч хамтарсан засгийн газар байгуулах “домогт” стандарт бус шийдлээ С.Баяр гаргасан. Тэд хамтрах шалтгаанаа эдийн засгийн чадамжийг өсгөх, стратегийн орд газруудыг эргэлтэнд оруулах явдал хэмээн тайлбарлаж байв. Одоо ч үүнийгээ л хэлж байгаа. Намынхаа хуучин нэрийг сольж МАН гэх болсон нь үзэл баримтлалаа бага зэрэг өөрчлөх шаардлага тулгарсан, тэгээд ч уугуул нэрээ сэргээхийг олон жилийн өмнөөс ярилцаж байсан хэмээдэг. Намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр ийнхүү намаа шинэчлэх аянд мордсон нь саяхан мэт. Тэрбээр төр засгийн түвшинд таван төгөлдөршлийн бодлогыг тунхаглаж байлаа. Улс төрийн системийг шинэчлэх, тэр дундаас сонгуулийн тогтолцоог өөрчлөх, төрийн байгууллагуудыг чадваржуулах, иргэний бүртгэл, стратегийн ордуудын эдийн засгийн үр ашгийг хангах гэх мэтийг төгөлдөршлийнхөө гол цөм болгосон юм. Харамсалтай нь тэр энэ бүхнээ өөрийн гараар хийж “чадаагүй”. Гараан дээрээс Ерөнхий сайд, намын даргынхаа суудлыг Сү.Батболдод атгуулснаар түүний “төгөлдөршилт” дууссан гэхэд хатуудахгүй болов уу. Үүнтэй зэрэгцээд нам нь хоёр хэсэг болж бутрав. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг баяртай гээд хаалгаа хаачихлаа. Хаалганы цаана гараад тэр С.Баяр болон бусад “журмын” нөхдөө “Олигархиуд” хэмээн цоллож, олон сарын турш тэмцэлдэж байж МАХН нэрийг авсан. Түүний рейтинг өссөөр,  харин Ардын намын рейтинг унасаар л байна. Ард түмнээ сонсох аян хийгээд ч нэмэр алга. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа биз. Сонгуулийн бэлэн мөнгөний амлалт, Оюу толгой, Таван толгойн гэрээ, иргэдийн цалингийн түвшинг 1 сая төгрөгт хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах гэх мэт Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон зүйл биелсэнгүй. Сү.Батболдын Засгийн газрынхан өөрсдөө мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай гэсэн боловч парламент дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарган  үнэлээд дөнгөж гучаадхан хувийн биелэлттэй байна гэсэн. Гэтэл Сү.Батболдын Засгийн газраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 73 хувьтай байгаа хэмээв. Дөрөвхөн сарын дотор 40%-ийг нь амжуулчихаж байгаа юмуу. Эсвэл цалин, тэтгэврийг 53 хувь нэмнэ, нэг саяа шууд өгнө гэж амласнаа 40 хувьд тооцож байна уу. Сонгуулийн бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа МАН 1100 гаруй зүйл, заалт бүхий мөрийн хөтөлбөр нь биелэх үү. Гэвч мөрийн хөтөлбөрийн амлалтанд биш, стандарт бус Засгийн газарт хэргийн учир оршино хэмээн МАН-ын гишүүд үзэж байна.

 С.Баяр уу, У.Хүрэлсүх үү эсвэл Энхболд нар уу?

Өнгөрсөн зун Ардын намын хэсэг лидерүүд цуглаж улс орны дотоод амьдрал, намын үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй  холбоотой зарим асуудлаар “хөөрөлджээ”. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол энэ уулзалтан дээр С.Баяр Засгийн нэгэн таагүй “аялгатай” үг унагаж. Тэр “Таван толгойн асуудал чинь арай л хэтэрч байгаа юм биш үү” гэдэг үгийг нийт дунд нь шидсэн байна. Энэ бол С.Батболд руу шууд чиглэсэн мессеж гэдэг нь тодорхой. Ийм төрлийн “бор шувуу” зүгээр нэг жиргэдэггүй нь өнөөдөр ойлгогдож эхэллээ. Оюу толгойн “заваан” гэрээгээ яая гэж байхад Таван толгойн тендерүүд чинь будилаантай боллоо, зарим хүний шунал арай л хэтэрч байна шүү гэх санаа эндээс “үнэртэж” байна. Тиймээс, Ардын намын томчууд удирдлагаа солих салаа замын уулзвар дээр ирсэн нь нэгэнт тодорхой боллоо. МАН-ын хөгшчүүл буюу “бурхинууд” хамтарсан засгийг түлхэж унагаад Ерөнхий сайдын суудал руу У.Хүрэлсүхийг илгээнэ гэж хөөргөдөж байгаа гэнэ. У.Хүрэлсүхийн залуучуудын фракц ч ийнхүү зүтгэх юм байх. Мөн шадар сайд М.Энхболдын фракц гэж хүчтэй хэсэг энэ намд бий. Т.Бадамжунай, Н.Энхболд нар үүнд оройлно. Эв нь таарвал М.Энхболд өөрөө биш юмаа гэхэд Н.Энхболдыгоо Ерөнхий сайд руу зүтгүүлж магадгүй гэнэ. Гэхдээ энэ удаа арай зоримог, залуу хэсэг буюу У.Хүрэлсүхийн фракцийн аясыг дагах болов уу гэсэн тандалт байна. Хэрвээ У.Хүрэлсүх өөрөө Ерөнхий сайд болох хувилбарыг үл сонгоход хүрвэл С.Баярыг Ерөнхий сайдаар буцааж ажиллуулж магадгүй аж. Харин энэ тохиолдолд М.Энхболдын амыг Спикерийн суудлаар таглах юм.

АН хаачих вэ?

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тухай яригдаж л байдаг. Н.Алтанхуяг дарга нь харин яагаад ч хамтарсан Засгийн газрыг тарааж болохгүй гэсэн байр суурьтай хэвээрээ байна. Тэгвэл Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, З.Энхболд, Р.Амаржаргал зэрэг гишүүд үүний эсрэг байгаа. С.Эрдэнийн хувьд Алтан гадастай үүсгэсэн тооцоогоо Засгийн газраар хийх санаархалтай хэмээгддэг ч Сү.Батболдын Засгийн газар урагш ахьсан олигтой үр дүнд хүрч чадахгүйг аль эртнээс мэдэрсэн хүмүүс бол тэд мөн. Тэмүүжин “Ардын намынхны өнөөгийн энэ будлиантай юм хийгээд байгаа үед нь бушуухан салж, Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах хэрэгтэй” гэж шуудхан хэлчихсэн удаатай. Р.Амаржаргал гишүүн ч бас хамтарсан Засгийн газраас татгалзах нь зөв гэдэг байр сууриа аль эрт илэрхийлсэн. Энэ бол тэдний үг биш, ард нь байгаа дэмжигч болон түдгэлзэгч олон гишүүний санал байж таарна. Тэд ийм байдлаар Засгийн газрын хувь заяаг шийдэхэд Ардчилсан намд алдах юм ер байхгүй гэж тооцоолсон бололтой. Одоо тэдний эгнээ үлэмж өргөжжээ. Өөрөөр хэлбэл, Ардын намыхан ч, Ардчилсан намыхан ч “Хамтарсан Засгийн газар минь баяртай” гэхэд бэлэн болов. Гагцхүү ийм тохиолдолд Ерөнхий сайдаар С.Баяр уу, У.Хүрэлсүх үү эсвэл Энхболд нарын нэг үү гэдэг асуулт гарч ирнэ. Бас Ардын намын дарга нь хэн бэ. Ерөнхий сайд, намын даргын ажил хамтдаа явах уу, эсвэл түүхэндээ анх удаа салах уу. Эдгээр асуултуудыг тодотгохын учир нь МАН-ын дотоодоос авсан хамгийн сүүлийн мэдээгээр бол “Стандарт бус” Засгийн газрыг энэ намар дуусгах ажээ.

Ө.Мэргэндүү

Эх сурвалж: "Үндэсний мэдээ" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.