Мисс Мөнхцэцэг, "Харанга"-ын Лхагваагийн 10 сая төгрөгийг "гуядаж" шүүхийн хаалга татуулсан түүх

2011/10/20
Share |
Хүмүүс:
Мисс Мөнхцэцэг,

Лхагвааг онилж, шалтаглаж бас хорив

            Монголчууд нэгийгээ нухахдаа гарамгай, ялангуяа нэртэй төртэй хүнийг унагах компанит ажил өргөн хэмжээгээр зохиогддог. Ийм нэгэн компанит ажлын золиос нь “Харанга” хамтлагийн гишүүн дуучин Лхагвасүрэн болж байсан түүхтэй. Угаас шазруун зан нь бүр ч амттай өгөөш болсондог. “Харанга” Лхагвааг хуулийнхан онилж, хар тамхины хэрэгт сэжиглэж эхэлжээ. Барьж байцаахын тулд шалтаг хэрэгтэй. “Харанга” Лхагваа олон хүний дургүйг хүргэж байв. Тэдний дотор “Буян”-гийн Жаргалсайхан ч багтдаг. “Буян” Жагаа угаас урлагийнханд аллергитай, тэр тусмаа “Харанга”-д бүр ч дургүй. “Центрпоинт”-ийн хэрэг мандаж, “Цагаан шонхор”-ын Энхтайван “Би хэлмэгдэж байна, үүний цаана “Буян” Жагаа байгаа” гэх утгатай зүйл хэлж билээ. Энэ хэрэгт “Харанга” Лхагвааг мөн байцааж байсан. Тэрбээр Энхтайван, Дамбын Хишгээ нарын дотно найз гэсэн утгаараа байцаагджээ. Лхагваа байцаалтын үед мөн Жагаагийн эсрэг юм ярьсан нь түүний дургүйг бүр ч их хүргэж, тэрбээр сонинд ярилцлага өгөхдөө “Лхагваа голдуу эрүүл биш явдаг, бага насны охид хүчинддэг” гэж байв. Гэтэл хуулийнханд яг ийм үндэслэлээр Лхагвааг онилж эхэлсэн нь сонин. Ашгүй Лхагваа шалтаг гаргаж, Хуримын ордны манаач эр яагаад ч юм гэнэт Лхагвааг өдөн зодоон хийх нь тэр. Яг л “Малыш” Энхтүвшин, Бат-Үүлийг өдөж зодолдоод “Ганц”-д хийсэн шиг, Лхагвааг барьж аваад “Ганц”-д морилуулав. Мэдээж хар тамхи, бага насны охид хүчиндсэн гэх мэт зүйлсийг тулгаж байцаагаад юм олж долоосонгүй. Тухайн жил Лхагваа “Цэнхэр дэлгэц”-д Цахиур Төмөрийн дүрийг бүтээсэн нь санамсаргүй хэрэг биш.  Найруулагч нар чинь хүнээ олж сонгодог гэсэн. Цахиур Төмөр шиг хэзээ ч хэрэг хүлээхээргүй шазруун нөхөр байж л дээ. Цагдаагийнхан аргаа баржээ. Нэг талаас ард түмний, нөгөө талаас урлагийн одуудын хүчтэй шахалтанд орсон хуулийнхан аргагүйн эрхэнд суллав. Гэхдээ төрийн нүүрийг шаварт хутгах эрхгүй хойно, нэгэн хэрэг олсон нь Лхагваагийн өр зээлний асуудал аж. Цагдаагийнхан заавал нэг ийм юм зохиодог шүү дээ. “Сод Монгол”-ын Анандбазарыг хүртэл өчнөөн сар хорьчихоод, эцэст нь “Нэг сая төгрөгийн татвараас зайлсхийсэн” гэж хүний хөх инээд хүрэм юмаар яллах гээд үзсэн. Анандбазар шүүх хурал дээр, “Нэг сая төгрөг бол миний хувьднэг хоногийн хэрэглээ” гэж мад тавьсан байдаг.

 Мисс Мөнхцэцэгийн гар

            Лхагваа фэн клуб байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Америк явж ирээд тэндэхийн фэнүүд шиг сайхнаар төсөөлөн багагүй ашиг олно гэж тооцов. Энд тэндээс өр зээл тавилаа. Найз нөхөд нь ч чамгүй туслав. Тэдгээр туслагсдын дотор мисс Мөнхцэцэг “цохиж” явжээ. Энэ хүүхэн яахаараа, ийнхүү гэнэт туслах болсны учир хожим тайлагдана. Харин одоохондоо бол бэлгийн морины шүдийг хардаггүй зарчмаар, Лхагваа түүний өгсөн баарны баахан хуучин ширээ, сандлаас эхлээд “тусламж”-ийг аваад тавьчихав. Мисс Мөнхцэцэг баян гадаад мөрөөдөж, өнөөх алдарт луйварчин мистер Флиннтэй “Их тэнгэр”-ийн аманд тас унатлаа ууж асан явдалтай хүүхэн. Мисс Мөнхцэцэг аажмаар ойртсоор, барьцаа чангаруулсаар, элдвээр наалинхайтсаар л. Нэг л мэдэхэд Лхагваа байраа барьцаанд тавьж, банкнаас авсан 10 сая төгрөгөө Мөнхцэцэгт бариваа. Бүр сонин хэвлэлээр өвөр түрийний явдал ч бичигдэв. Гэвч зээлдсэн нь нүүр буруулж, зээлсэн нь сунаж эхэллээ. Мөнхцэцэг хугацаа болоходөрөө төлөх нь бүү хэл, бүр зугтаж бултаж эхлэв. Гэвч нэхээд салахгүй байсан тул гэнэт дорой хүний дүрд хувиран, хэн нэгэн Нямсүрэн гэгч, хөөрхий бүсгүйг дээрэлхээд мөнгөө өгөхгүй байна гэж хошуу дэвслээ. Лхагваа ч цөс нь хөөрч, хоёр “дүү”-гээ Нямсүрэн рүү илгээн мөнгө нэхүүлэв. Нямсүрэн гэгч эхлээд 400 мянган төгрөг өгч салжээ. Тэднийг хоёрдахь удаагаа ирэхэд нь, “Би та нарт ерөөсөө спиртээр төлбөр хийе саваа бэлд” гэжээ. Өнөөдүүл ч саваа бэлдэж, харин сааль нь байдаггүй. Нямсүрэн зугтаж бултаж эхэлжээ. Мэдээж ширүүн яриа болсон л байлгүй. Энэ явдлыг хуулийнхан сөхөж “рэкет” ухааны юм ярьж эхлэв.

 Лхагваагийн амьдрал

            “Харанга” Лхагваа энэ хэргийн дараа Азийн МТВ-ийн алдарт хөтлөгч Атт гэгчтэй ярьж зогсохдоо, “Би тайзан дээр удаж байна. Намайг дуулж байхад чи төрөөгүй байсан” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, Лхагваа задгай цээл хоолойгоороо ийм олон жил ард түмнийхээ сэтгэлийг ариусгаж. Харин зарим хүмүүс түүний багахан алдааг дөрөөлөн “унагаах компанит” ажилд идэвхийлэн зүтгэж, элдвээр муулж эхэлжээ. Тийм ээ, аливаа онцгой авьяаст хүн бүрт байдгийн адил, Лхагваад нэг тийм хэг ёг гэсэн хэгжүүн шазруун зан байдаг л юм. Гэхдээ түүний хийж байгаагийн дэргэд, нийгэмд оруулж буй үүргийн дэргэд тэр юу ч биш л дээ. Түүнийг муулж буй хүмүүсийн хувьд бодох хэрэгтэй нэг юм бий. Тэр өөрөө Лхагваад дургүй, түүний дуунд дургүй байлаа ч, яг өнөөдөр түүнд мөнгө сарвайж тусалсан хүн нь магадгүй, Лхагваагийн дууг сонсоод уярчихсан явсандаа тэр байж ч мэдэх юм. “Сайн хүний туслалцаа яг адил алсаас ээдэг” гэдэг биз дээ. Мэдээж Лхагваагийн хувьд 10 сая төгрөг том мөнгө байлаа. Хажуугаар нь банк өрөө нэхэж, дээр нь “Ганц”-д суусан зэрэг нь нэрмэж сэтгэл санаагаар бишгүй л хямрав. Гэхдээ шазруун эр л дээ. Үүнийгээ хэнд ч харуулахгүй. Хүүхэдтэй ч боллоо. Ингэж хямарсан хүнд бүү хэл, бүх юм нь тэгш сайхан яваа хүнд ч шинэ хүн багагүй ачаа нэмдэг шүү дээ. “Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэгчээр, хайртай дуучиндаа халх монголчууд туслах л учиртай байсан. Гэвч эсрэгээр “компанит ажил” лавширсаар байлаа. Нэмэр дээр нэрмээс гэгчээр, дуучин Нандинцэцэгийн хүү гэх залуу хэвлэлээр үе үе ярилцлага өгч, түүний хайртай хүүхнийг нь Лхагваа хэрхэн “эдэлсэн” тухай гасалж, яг л өнөөх “Тунгалаг Тамир”-ын Дулмаагийн нөхөр Галсан шиг юм болов.

 Шүүх хурал

            Түүний шазруун занд шүүгчид хүртэл ихэд эмзэглэсэн байлаа. Шүүхэд ирсэн хүн бүр сандарч бөхөлздөгт тэд дассан болохоор,“Харанга”-ын Лхагвасүрэнг шазруун загнаад байхаар дургүй нь хүрч л дээ. Жишээ нь, шүүгч “Чиний явуулсан хүмүүс хутга шөвөг гаргаагүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи хажууд нь байгаагүй биз дээ?” гэхэд Лхагваа, “Би дүү нартаа итгэчихэж болно биз дээ” гэх мэтээр адарч байв. Шүүх хурлаас Лхагвасүрэнд торгох ял оноосноор, мисс Мөнхцэцэгийн хар хөө чирсэн шүүх хурал төгсөв. Маргааш нь “Харанга”-ын Чука, “Лхагваагийн шүүх, энэ тэр бүх асуудал шийдэгдсэн. Одоо бүх юм хэвийн” хэмээн сэтгэл нь онгойсон байдалтай мэдэгдэж байсан.

 Тоглолт

            Үүний дараа “Харанга” хамтлаг МТВ-ийн шоунд дууллаа. Лхагваа өчнөөн хэл аманд өртөж, өчнөөн гутарч гомдож явсан ч, энэ бүхнээ урлагтайгаа хольдоггүй юм билээ. Ингэхэд тэр тайзаа хэзээ ч орхихыг хүсээгүй, тэр бидний өмнөхэзээ ч муухан дуулж байгаагүй...

Д.Сэндэр.Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.