Улс төр ба хөгжим

2011/10/22
Share |
Хүмүүс:
Улс төр ба хөгжим

Хөгжим,  дуунд дургүй хэн байх билээ. Харин дуу хөгжмөөс дэндүү хол мэт санагдах улс төрчид ямар хөгжим сонсох дуртай нь сонин. Улс төрчдийн ихэнх нь үндэсний болон дэлхийн сонгодог хөгжим сонсох дуртай аж. Сүлд дуунууд нь голдуу 60-аад оны нийтийн дуунууд байх жишээтэй. Ингээд хэн ямар дуу хөгжимд дуртайг тоймлоё.

Н.Багабанди: Дуу хөгжимд нэг их дуртай биш, ганц сүлд дуу нь “Очоод золгоно доо”. Тэрээр “Би дуулах дургүй, сонсох дуртай” гэж ярьдаг.

Н.Энхбаяр: Гадна дотны аль ч дууг таалан сонсдог, ялангуяа сонгодог хөгжим. Эстрадын ахмад үеийнхний дуунд илүү дуртай ч, гол шүтээн нь “Эрос” Ариунаа. Лам нар ном уншиж байгааг хөгжим сонсож байгаа мэт ихэд уяран сонсдог.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүлэг бичдэг болоод ч тэр үү, их амархан уярдаг. Бүх төрлийн дуунд дуртай. Сүлд дуу нь “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”. Хааяа цэнгэсэн үедээ дажгүй вальс эргэчихнэ. Сэтгэл хөдлөх үедээ газар ширтэн дуу аялдаг.

Д.Бямбасүрэн: Монгол ардын уртын дууны жинхэнэ фен. Норовбанзад агсны тэнгэрлиг хоолойг шүтдэг. “Пан-монголист” үзэлтэй, буриад хүн болохоор олонд түгсэн бүх ардын дууг таалан сонсдог. Сүлд дуу нь “Ээжий миний”.

Р.Гончигдорж: Үндэсний, сонгодог стилийн дуунуудад үйлгүй дуртай. Хааяа савах үедээ сайхан бүжиглэчихнэ. Сэтгэл хөдлөх үедээ халаасандаа гараа хийн, газар ширтэн дуу аялдаг. Сүлд дуу нь “Идэр жинчин”. Вальс бүжиглэх дуртай. Дээр үеийн алдарт дуучдын дууг сэтгэл гэгэлзсэн үедээ аялдаг.

М.Энхсайхан: Улс төрчдөөс сүүлийн үеийн хамтлаг, дуучдын дуунд дуртай цөөн хүний нэг. “Хурд” хамтлагийн улаан фен. Бас “Камертон” хамтлагийн залуусыг их үнэлдэг. Дэлхийн эстрадын оддоос Майкл Жексоныг шүтдэг.

Р.Амаржаргал: Хөл бөмбөгт дуртай болоод ч тэр үү, Рикки Мартины дуунуудад их дуртай. Дуу сонсох дуртай ч өөрөө дуулахаас ичдэг. Цаг үеэ сайн мэдэрдэг учир “Хар сарнай” хамтлагийн дуунуудыг ихэд таашаадаг.

С.Баяр: Зөвхөн 60-аад оны олонд түгсэн дуунуудад дуртай. Сүүлийн үед залуусын нөлөөгөөр хип-хоп стилийг сонирхох болсон. Зөвхөн халаалт авсан үедээ л дуу сонсох дуртай. Мэдээж "Битлз"-ийн шүтэн бишрэгч.

Э.Бат-Үүл: Энэ ноёнтон ямар ч дуу хөгжимд шимтдэггүй гэдэг ч худлаа. 70, 80-аад оны гээд бүхий л хамтлаг, дуучдын пянз, кассет, CD-нүүдийг хураасан гээ биз дээ. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ч хөгжим дуунд уярах нь ховор. Маш их ичимхий, зөвхөн улс төр ярьж кайф авдаг их сонин хүн. Үнэхээр ямар ч бүжгэнд эвсэлгүй.

Да.Ганболд: Бааранд сууж, хөгжим, дуу сонсох дуртай. Гэхдээ бүжиглэх дургүй. Ямар ч концертыг дуустал нь үздэггүй. Дундаас нь гараад явчихдаг. Ардын, уртын дуу сонсоход сэтгэл хөдөлдөг ч нэг их сонсох дургүй.

Б.Жаргалсайхан: Дуу хөгжмөөс огт таашаал авдаггүй мөртлөө томоохон шоу зохиож, үзэж явах нь харагддаг. Хамтлагуудын тоглолтыг үзэж байхдаа өөр юм бодоод байдаг ч юм уу, огт сэтгэл нь хөдөлдөггүй.

Б.Эрдэнэбат: Уянгын стильтэй эстрадын дуунуудад дуртай. Ялангуяа, “Хурд” хамтлагийн дуунуудад. Дээр үеийн өрнөдийн эстрадын хамтлагуудын дуунд нугасгүй. Сүлд дуу нь “Хурд”-ын “Аавдаа”.

Б.Баабар: Сонгодог хөгжим сонсох дуртай. Ганц шүтдэг дуучин нь гэхдээ Минжинсор. Сүлд дуу нь “Хүйтэн булгийн усанд өдөржин шумбаж өссөн...” гээд л. Дуулах үедээ цэх зогсож, цээжээ хөдөлгөн цэрэг стилээр дуулдаг.

Д.Сэндэр.Factnews.mn

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.