Жүжигчин Г.Алтаншагай: Хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвих гэж ”Мөрөөдлийн театр”–ыг байгуулсан

2011/11/01
Share |
Хүмүүс:
Жүжигчин Г.Алтаншагай: Хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвих гэж  ”Мөрөөдлийн театр”–ыг байгуулсан

Энэ зун УДЭТ-аас өрх тусгаарласныхаа төлөө хэл аманд багагүй өртсөн жүжигчин Ганбаатарын  Алтаншагайг Factnews.mn сайт ярилцлагынхаа зочноор урьлаа. Түүний театраас гарах болсон шалтгаан хийгээд шинээр байгуулж байгаа “Мөрөөдлийн театр”-ынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Тэд аль хэдийнэ АЖ Г.Мягмарнаран, УГЖ Ж.Оюундарь нарт тоогджээ. Яагаад ингэж дүгнэх болсныг түүний ярилцлагаас уншина уу.

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа удахгүй нээлтээ хийх “Мөрөөдлийн театр”-ын талаар эхэлье?

-    -Хэсэг залуус нийлэн “Мөрөөдлийн театр”-ыг нээхээр бэлтгэж байна. Бид театрынхаа нээлтэд зориулан Оросын алдарт зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тоглохоор сонгон авч ажиллаад байна. Энэхүү зохиол нь тухайн үедээ маш олон үзэгчдийг байлдан дагуулж байсан бөгөөд тэр үеийнхээ нийгэм болон залуусын хайр сэтгэл, бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн байдаг. Тиймээс энэхүү гайхалтай бүтээлийг сонгосон.

-Ер нь яагаад “Мөрөөдлийн театр”-ыг байгуулах болов?

-    -Жүжигчин Г.Эрхэмбаяр бид хоёрын хувьд “Мөрөөдлийн театр” байгуулна гэдэг мөрөөдөл байсан. Мөрөөдөл гэдэг зүйл өөрөө хязгааргүй. Бид хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвина гэсэн зорилготойгоор  “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Нөгөө талаараа Монголд театрын урлаг үүсч хөгжөөд 80 жил болсон байна. Энэхүү 80 жилийн ойд зориулан бидний оруулж байгаа хувь нэмэр энэхүү театр маань байх болов уу. 

-Нээлт хийхээр сонгож аваад байгаа  “Миний нууц хүү” жүжгийнхээ талаар  тодруулбал?

-     -Инээдмийн жанртай энэхүү жүжигт  аав хүн гэдэг амьдралд ямар үүрэгтэй байдаг вэ, аав хүн гэдэг хэн байх ёстой юм бэ гэдгийг илүү түлхүү харуулдаг. Жүжгийн маань дууг МУГЖ С.Жавхлан, Буриадын Ардын жүжигчин Б.Амархүү нар дуулж байгаа. Харин дууны үгийг дуучин С.Жавхлан бичсэн бол хөгжмийг СГЗ Л.Балхжав, хөгжмийн найруулгыг Б.Чинбат хийсэн. Аавын тухай гайхалтай дуу болсон.

-Энэхүү жүжиг урьд нь Монголд тавигдаж байсан гэж сонссон?

-     -Урьд нь 1970-аад оны үед тавигдаж байсан. Тухайн үед АЖ Г.Мягмарнаран гуай хүүгийнх нь дүрд тоглож байсан юм билээ. Харин энэ удаад аавынх нь дүрийг бүтээж байгаа. Тэрээр энэ жүжгийн талаар маш өргөн ойлголттой хүн. Тэр нь ч бидний ажилд маш их нөмөр нөөлөг болж байгаа.

-Ямар, ямар жүжигчид тоглож байгаа вэ?

-   -Түрүүнд хэлсэн АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ж.Оюундарь нар урилгаар оролцож байгаа. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр болон залуу жүжигчид  ажиллаж байна.

-Ингэхэд жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар УДЭТ-аас өрх тусгаарласныг сэтгүүлчид янз бүрээр бичиж байна л даа. Яг яагаад “Ариун сүм” гэгдэх Драмын театрыг орхих болсныг өөрсдийн тань амнаас сонсмоор байна?

-  -Жүжигчин Г.Эрхэмбаяр бид хоёрын хувьд УДЭТ гэгдэх энэ их айлд зургаан жил харьяалагдаж олон зүйлийг сурч мэдсэн. Тэр ч утгаараа театртаа хайртай. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд байгаа шиг муудалцсан, хөөгдсөн юм байхгүй шүү. Бид өөрсдийн уураг тархийг ажиллуулж  илүү чанартай, сонирхолтой уран бүтээл гаргах, мөн юу хийж чаддагаа харуулъя гэж бодсон.

-“Өөрсдийн чадвараа харуулах” гэснээс УДЭТ залуу уран бүтээлчдээ дэмжих тал дээр тааруу, мөн цалин мөнгө бага  байдаг нь та нарыг театраа орхиход нөлөөлсөн гэх яриа ч байсан.  Энэ нь үнэний ортой юм биш үү? 

-   -Ер нь Монгол улсад ганцхан театр байгаа ш дээ. Энэ театр яг үнэндээ өнөөдөр маркетинг, менежментийн тал дээр алдаатай зүйлүүд байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ театрын нэг бодлого бол жүжигчдийг театрт тоглохоос гадна янз бүрийн уран бүтээлд тоглоход нь чөлөөтэй явуулдаг. Нэг үгээр хэлбэл, барьж хорьсон юм байхгүй. Харин  театрын үндсэн цалингаас гадна янз бүрийн ажлуудаар орлогожих шаардлага жүжигчдэд тулгардаг нь үнэн.

-Та театрын цалингаар Монголын нийгэмд амьдарна гэж байхгүй гэж хэлэх гээд байна аа даа ?

-     -Тийм ээ. Улсаас өгч байгаа нь хэд билээ. Өнөөдөр бусад салбарын хувьд цалин тэтгэврийг хангалттай л авдаг. Гэтэл жүжигчид бол олон хүний нүдний өмнө амьдардаг. Тэр хэрээрээ хэрэглээ ч арай өөр. Адаглаад энгийн унаагаар зорчоод байж болдоггүй. Энэ мэтээс үүдээд жүжигчид цалингаараа амьдрахад хангалттай биш байдаг.

-Олон хүмүүс та нөхдийн залуусыг дэмжиж ажиллаж байгаа юм байна. Гэхдээ асуудал ч бас байна биз ?

-    -Мэдээж ажил хийж байгаа хүмүүст асуудал тулгарч таараа. Гэхдээ аливаа зүйлийг эхлүүлж байгаа болохоор ийм зүйл байх шүү дээ. Тэгээд ч сайхан нь, болж бүтэж байгаа нь дэндүү их учир тиймэрхүү тал дээр нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. 

-“Мөрөөдлийн театр” үйл ажиллагаа явуулж эхэлснээр Монголын театрын урлагт ямар хувьсал авчрах вэ?

-     -Мэдээж уран бүтээлийн цагаан өрсөлдөөн бий болно. Тэгснээр театрт тавигдаж байгаа уран бүтээлийн чанар, чансаа хийгээд уран бүтээлчдийн чадвар нэмэгдэнэ. Дээрээс нь театрын урлаг улам боловсронгуй болж хөгжинө гэсэн үг.

-Одоогоор “Мөрөөдлийн театр”-т ямар, ямар жүжигчид харьяалагдаж байгаа вэ?

-    -Яг үндсэн жүжигчин гэвэл Эрхэмээ бид хоёр. Харин бусад жүжигчдийн тухайд урилгаар ажиллаж байгаа. Гэхдээ аажмаар жүжигчдээ нэмнэ. Юм яаж эхэлдэг билээ, яг тийм л зарчмаар ажиллаж байна даа.

-"Мөрөөдөл" гэх үг бидний ярианд хамгийн ихээр дурдагдаж байна. Ингэхэд жүжигчин Алтаншагай мөрөөдлийг хэрхэн ойлгодог вэ?

-    -Хүсэл мөрөөдөл бол хүний амьдралыг утга учиртай болгодог томоохон хүчин зүйл. Тиймээс хүн байнга хүсч, мөрөөдөж байх хэрэгтэй бөгөөд мөрөөдөл яг биелдэг юм. Хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Жүжигчин Г.Алтаншагайгаас асуухгүй өнгөрч болохгүй асуулт байна л даа. Таныг эхнэрээсээ салж байгаа гээд бичигдээд байх юм?

-   -Сайтуудад тийм мэдээ тавигдсан байна лээ. Гэхдээ тийм зүйл байхгүй. Насаа бид хоёрын хувьд саяхан хөөрхөн хүүтэй болсон. Одоохондоо хүү маань бага байгаа учраас эхнэр маань гэртээ хүүгээ харж байгаа. Ажилдаа орох арай болоогүй.

-Алтан портнерууд гэгдэх Нара, Шагай хоёр дахиад л нэр холбогдчихлоо шүү дээ?

-    -Бид бол сайхан уран бүтээлийн найзууд. Одоо хийгдэж байгаа уран бүтээл дээр ч хамтарч магадгүй. Нарад санал тавиад байгаа. 

-Гэхдээ л овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ, олны үг ортой гэх үгс байдаг даа?

-    -/Инээв/ Бид бол урлагийн хүмүүс. Урлаг гэдэг бүхэлдээ хамтын уран бүтээл байдаг. Тэр утгаараа надад сайхан уран бүтээлийн найзууд эмэгтэй, эрэгтэй гэлтгүй олон байдаг. Харин үүнийг хүмүүс яаж дүгнэхийг өөрсдөө мэднэ биз дээ.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай.  

Ярилцсан: А.Чимгээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.