"Sweetymotion": Бид жүрж, гүзээлзгэнэ, алимны амттай

2016/09/12
Share |
Хүмүүс:

Монголын рок попын ертөнцөд “Emotion” нэрээрээ танил болсон тэд харийн нутагт амьдрахдаа зохиогчийн эрхийн хуулийн дагуу хамтлагийнхаа нэрийг “Sweetymotion” болгон өөрчилсөн гэдэг юм билээ. Нэгэн үе хит дуугаараа залуусыг уярааж, хайрын захианд дарагдаж явсан авьяаслаг охид эргэж ирэхдээ харц булаам сайхан бүсгүйчүүд болсон төдийгүй мэргэжлийн хэмжээнд үнэлэгдэх чадварлаг дуучид болжээ. Ц.Сарнай, Э.Ганболор, Г.Сүндэрьяа нарыг энэ удаагийн зочноор урья.

-“You’re so sexy” дууны клипэнд охид маань нэлээд эрос төрхтэй харагдаж байна лээ. Та нарын сонгож авсан стиль үү, эсвэл сюрприз үү?

Ц.С: -Уран бүтээлч хүн үргэлж нэг хэвийн байдлаар ажиллаж, дандаа л хайрын дуу дуулан, клипэндээ хөөрхөн төрхтэй харагдах гэж хичээвэл утгагүй. Энэ бүхнээс зайлсхийж, өөрсдийгөө “эвдэж” байх ёстой. Тиймээс “You’re so sexy” дуундаа нэлээд ач холбогдол өгч, огцом өөрчлөгдөхөөр шийдсэн. Жүжигчнээр яривал огт өөр хүний дүрд хувирсан гэсэн үг. Ийм зоригтой алхам хийсэндээ бид нар их сэтгэл хангалуун байгаа. Секси төрхтэй, гоё залуугийн тухай дуу байхгүй юу, энэ чинь. Ер нь ихэвчлэн эмэгтэй хүний тухай л ингэж дуулдаг шүү дээ. Харин бид энэ бүхнээс татгалзаж, дууныхаа үгийг хамтарч бичсэн юм.

-Залуусын хувьд, сонирхох зүйл ихтэй байгаа нь илт. Гоо үзэсгэлэнгээ гайхуулсан дуучин бүсгүйчүүдийг шинэ клипээ хэзээ гаргах бол гэж хүлээж суугаа гэсэн шүү?

Ц.С: -Тэгэлгүй яахав. Жаахан охиноос нас бие гүйцсэн бүсгүй хүн болтлоо өөрчлөгдсөн нь тэдэнд сонирхолтой байгаа биз. Бид нар өөрсдийгөө жаахан байгаа мэтээр төсөөлж явтал бусад хүмүүс “Та нар их хүүхэн төрхтэй харагдаж байна. Том болжээ” гэж яриад эхэлсэн. Одоо бол бидний дуулах нас яг мөн. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ид бүрдэж, хоолойны өнгө тогтоод нэгэн цогц болсон хэрэг. Цаашид улам гоё уран бүтээл хийнэ ээ.

-Тайзан дээр сөхөрч суугаад үсээ эргүүлж байгаа нь рок стильд дуртай юм шиг харагддаг?

Ц.С: -Тийм ээ, дуунаас гадна тухайн үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа хэрэг. Бид гурав ч бас рок хөгжимд дуртай. Уран бүтээлд маань ямар нэгэн байдлаар рок хэмнэл багтсан байгаа. “Санахын аялгуу” чинь рок баллад дуу байхгүй юу.

-Дуугаа бүжигтэй хослуулдаг хамтлаг манайд ховор. Та нарын хувьд, энгийн үед ч бүжиглэж харагдах юм?

Ц.С: -Бүжиг бидний хобби. Гурван тийшээ ганхаж зогсохын оронд энгийн боловч аятайхан бүжиглэсэн нь дээр. Бид америк бүжгийн багштай байсан шүү.

Э.Г: -Барууны алдартай хамтлаг, дуучдын тоглолтыг алгасахгүй үздэг байлаа. Тэднээс уран бүтээлчдийн өнгө аяс, шоу ертөнцийн талаар их зүйлийг сурч мэдсэн.

-Уран бүтээлээ хүргэж эхэлснээс тань хойш “Киви” хамтлагт нэлээд хүчтэй өрсөлдөгч гарч ирлээ гэх яриа тарсан. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?

Ц.С: -Цөөхөн хэдэн хамтлагтай учраас л хүмүүс харьцуулах гээд байх шиг байна. Бидний хувьд, анх гарч ирэхдээ л өөрийн гэсэн өнгө төрх, стиль имижийг бүрдүүлж чадсан. Үүгээрээ ч бусад хамтлаг, дуучдаас ялгардаг. Бүх талаараа мэргэжлийн хэмжээнд хүрсэн учир бид өөрсдийн гэсэн өвөрмөц төрх, өнгө аястай уран бүтээл гаргаж чаддаг болов уу. Мэдээж хэрэг, цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгдөх нь тодорхой. Долоон жилийн өмнө бид нас бага, хүүхдээр яривал хөлд ороогүй байсан бол өнгөрсөн хугацаанд өсч дэвжээд стиль имиж, хоолойны өнгө маань хүртэл илт сайжирсан.

-Дэлхийд алдартай брэнд бүхий томоохон дэлгүүр манайд цөөнгүй бий. Ихэвчлэн олны танил хүмүүс үйлчлүүлдэг учраас та нарыг ч бас орж амжсан байх гэж бодлоо?

Ц.С: -Үнэхээр их гайхсан шүү. Барууны соёл манайд орж ирсэн нь сайхан байна. Харин бид тэднээс огт өөр брэндийн бараа хэрэглэдэг.

Э.Г: -Гэхдээ брэнд хувцас өмсөхгүй л хэн ч биш болчих вий гэсэн хүмүүс олширч. Брэндээр биеэ хучсан ч тэр хүн өөрөөрөө л үлдэнэ шүү дээ. Хэдэн мянган ам.долларын цүнх, хувцас худалдаж авснаа гайхуулж яваа хүмүүс таалагдахгүй байна. Америкийн соёл брэндээр өвчлөхөөс огт өөр.

-“Киви”-гийн бүсгүйчүүд өөрсдийгөө киви жимстэй зүйрлэж “Исгэлэн, бас амттай” гэж сурталчилсан удаатай. “Sweetymotion” хамтлагийнхан ямар жимстэй зүйрлэх бол..?

Ц.С: -Энэ талаар урьд нь огт бодож байгаагүй юм байна. Би лав жүрж байж магадгүй шүү. Амтлаг хэрнээ часхийсэн исгэлэн амттай жимс шүү дээ. Болороог гүзээлзгэнэ гэж хэлнэ. Зан ааш, байгаа байдал нь хайр татам, хөгжилтэй бүсгүй шүү дээ. Сүндэрээг ямар жимстэй зүйрлэх вэ. Чи юу гэж бодож байна.

Э.Г: -Яблоко.

Ц.С: -Яагаад тэр вэ?

Э.Г: -Тэгвэл алим. Алимыг бол хүн бүр л идэх дуртай юм чинь.

Ц.С: -Аан, за. Сүндэрээг хүн болгон амтлах дуртай юм байна л даа (инээв). Э.Г: -Хүний эрүүл мэндэд сайн. Тэр чинь тамирчин тахиа байхгүй юу. Гүйж харайна, дэвхэрч цовхорно. Тэгээд ч ер нь их хүчтэй. Алимаар хүнийг цохивол цохичихно. Сүндэрээ бүх зүйлээрээ л алимтай төстэй шүү.

-Тэгвэл өөрсдийгөө өнгөөр илэрхийлээч гэвэл?

Ц.С: -Маш олон өнгийн нэгдэл.

Э.Г: -Хамгийн гоёмсог харагдах тод өнгөнүүд.

Г.С: -Бид ямар зүйл дээр тод өнгийг эрхэмлэдэг. Хувцас худалдаж авахдаа ч тэр. Улаан, шар, цэнхэр гэх мэт солонгын өнгө шиг даашинз сонгоно.

-Эх орноо санасан сэтгэлээ харийн нутагт хэрхэн тайтгаруулдаг байв?

Э.Г: -Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ и-мэйлээр харилцаж, өдөр бүр утсаар ярилцдаг байлаа. Өдөржин интернэт ухаж, эх орондоо болж буй үйл явдал, урлагийн ертөнцийн тухай мэдээллийг олж авна.

Ц.С: -Гурвуулаа хамт байгаа учраас тэгтлээ их шаналахгүй ээ. Хэрэв хүний нутагт ганцаараа байсан бол хэцүүднэ биз.

Г.С: -Эхэндээ ч ээж, аавыгаа санаад бэтгэрч үхэх шахсан. Сүүлдээ уран бүтээлийн ажилд дарагдаад юун гиюүрч суух манатай.

-Гэтэл энд хэдхэн хоночихоод л “Америкаа санаж байна” гэсэн. Тэр сэтгэлээ юугаар нөхөж байсан бэ?

Ц.С: Юугаар ч нөхөөгүй ээ. Тэндхийн орчин нөхцөл, хэрэглээг л санаад байх шиг байна.

Э.Г: -Орчин нөхцлийн хувьд, гайгүй ээ. Хамгийн гол нь, хэрэглээ. Америк хүмүүсийн хэрэглээг манайхтай харьцуулах ч юм биш.

-Хамтлагаа Чинбаагүйгээр төсөөлж байв уу?

Ц.С: -Ээ, бурхан минь. Төсөөлөхөд ч бэрх юм. Чинбаагүй бол бид хэсэг хугацаанд үзэгдээд өнгөрөх энгийн л нэгэн хамтлаг байх болов уу. Хамтлаг байгуулсан охид залуус ихэвчлэн тайзан дээр гарч дуулах хүслээр нэгддэг. Харин хамгийн анхны продюссертэй хамтлаг нь манайх. Чинбаа “Никитон” хамтлагт тоглохын сацуу “Камертон”-той хамтарч ажилладаг байсан нь бидэнд маш их туршлага болсон.

Э.Г: -Чинбаа уран бүтээлийн төлөвлөгөө гаргаж, биднийг мэргэжлийн хэмжээний дуучид болгосон.

Г.С: -Микрофоноо яаж барих, тайзан дээр хэрхэн зогсох гээд л бүх зүйлийг заана шүү дээ. Дур булаам, эмэгтэйлэг байх асуудлаа эр хүнээр заалгаж байгаадаа ичдэг ч сүүлдээ тоохоо больсон.  

-Нээрээ, Ганболорыг гадаад нөхөртэй болсон гэж сонссон. Олны яриагаар бол удахгүй ээж болох гэж байгаа юм биш үү?

Ц.С: -Хүүе, ямар аюултай мэдээ вэ. Болороо хаана байна, өөрөөс нь асуу даа (инээв). Юун гадаад нөхөр манатай. Нөхөр сүүдэртэй болсон юм байхгүй ээ, манай Болороо. Чинбаа бид хоёр багаасаа л холбогдсон, өнөөг хүртэл нэг зорилгын төлөө хамтдаа яваа учраас элдэв асуудалгүй. Нөгөө хоёр маань одоохондоо нөхөртэй болж, тогтсон амьдралтай болох бодолгүй байгаа гэсэн.

Г.С: -Сурагч байхдаа анхны хайртайгаа учирсан. Түүнээс хойш сэтгэл догдлуулсан учрал таараагүй. Дурлал, шохоорхол, сэтгэл татагдах гээд л хайр их олон өнгөтэй байх. Энэ хугацаанд хэн нэгэнд дурлаж, сэтгэл алдрах, уулзаж учрах асуудал цөөнгүй. Гэвч амьдрал зохиох дээрээ тултал хайрлаж дурласан нь алга.

Э.Г: -Найз залуу байхгүй ээ, тэр талаар бодож зав ч алга. Бид хоёр эндээс явахдаа ганц бие байсан. Одоо ч тэр хэвээрээ. Сарнай л анхны хайраа амьдрал болгосон азтай бүсгүй.

Ц.С: -Чинбаа бид хоёр бандан тас болсон. Би энэ хоёртоо дурлалын тухай лекц уншдаггүй. Хувь заяагаа өөрсдөө атгах ёстой.

Э.Г: -Урлагийн хүн сэтгэл хөдлөл ихтэй. Хэн нэгэнд дурлаж, түүнээсээ мэдэрсэн аз жаргалыг уран бүтээлдээ тусгаж амьдардаг шүү дээ. Миний хувьд, хүсч тэмүүлсэн дурлал минь намайг астал догдлуулсан шигээ амархан унтардагт нь гайхдаг. Сэтгэл догдлуулсан учралын эмоци хоёр сарын дараа буурахад өөр хэн нэгнээс тэр эрч хүчийг мэдрэх хэрэгтэй болно. Тэгэхээр анхны хайр, сүүлчийн хайр гэж байдаггүй болов уу. Хүн амьдралдаа хэдэн ч удаа хайрлаж, дурлах боломжтой.

-Уран бүтээлч хүний ар гэрийг авч явна гэдэг хэцүү шүү дээ?

Г.С: -Сарнай, Чинбаа хоёр хоёулаа урлагийн хүмүүс учраас элдэв асуудалгүй амар байдаг байх. Би л лав хоолоо хийж, гэрээ цэвэрлэх дуртай, ажил төрлөө амжуулж, хүүхдүүдээ өсгөсөн сайн нөхөртэй болно.

Ц.С: -Чи өөрөө юу хийх юм бэ.

Г.С: -Дуугаа дуулаад л явж байна.

Э.Г: -Сарнайг бид ээж гэж өхөөрддөг юм. Ажил төрөл, амьдралынхаа бүхий л асуудлыг зохицуулж чаддаг учраас Чинбаад амар байгаа. Тэрнээс биш өөр хүмүүс байвал хэцүү шүү дээ. Миний хувьд уран бүтээлийг минь ойлгодог, амьдралын ачааг үүрүүлэхгүй, сайн хүнтэй сууна. Гэхдээ гэр бүлийн амьдралд нэг их яарахгүй байна аа. Залуу нас, гоо сайхан минь ч хэвээрээ. Америкийн одод 40 нас хүртлээ амьдрал зохиох гэж яардаггүй. Хүсч мөрөөдсөнөө биелүүлж, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Харин манайд эсрэгээрээ. Ангийн маань охид хоёр, гурван хүүхдийн ээж болчихож. Хүн болгон л биднийг “Хүнтэй суу, нас чинь оройтлоо” гэх юм. Амьдралын хэв маягаас шалтгаалдаг биз, монголчууд 20 нас хүрээд л гэр бүлийн тухай бодоод эхэлдэг болж.

-Нэг хамтлагт байгаа хэдий ч гурван бүсгүйн эмоци өөр, өөр байх нь лав. Сэтгэл хөдлөлийнхөө тухай яриач?

Ц.С: -Ааш нь хүрвэл бүгд л ааштай. Би уурлаж бухимдахаа урьтал болгодоггүй. Аливаа асуудлыг сайтар тунгааж, тэвчээртэй хандахыг хичээдэг.

Г.С: -Би тэгж чадахгүй ээ. Дургүй хүргэвэл шууд л хэлчихнэ. Уурлаж бухимдана, уйлж хашгирна, сэтгэлээ сэргэтэл тас тас инээнэ.

Э.Г: -Сэтгэл хөдлөлөө тэгтлээ их бариад байдаггүй ч даруухан талдаа шүү, би. Энэ хоёрынхоо дэргэд анализ хийгээд л сууна.

-Та нарыг гадаад төрхөө нэлээд өөрчилсөн болохоор гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хардах хүн цөөнгүй таарсан шүү. Энэ үнэн болов уу?

Ц.С: -Үнэхээр гоо сайхны мэс засал хийлгээгүй хүмүүс чинь бид нар байна. Яг өөрсдийнхөөрөө, эхээс заяасан тэр л гоо сайхнаа хадгалж явна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
MglausCom Shine clipny ner yu ve
IP:139.218.213.39  2016-09-13 06:05:36
ааа Жүржийг л ахин дахин идмээр байна.
IP:202.21.98.170  2016-09-19 23:26:27
iadapw qqQC7Dwfxinymqzdmh, [url=http://hzsycawshpxy.com/] hzsycawshpxy[/url], [link=http://bjfnnyqcyeyf.com/ ]bjfnnyqcyeyf[/link], http://ekfzmvnvppep.com/
IP:46.161.9.32  2016-11-14 13:09:14
Billyciz wh0cd3203599 cialis without prescription amoxil 875 mg viagra soft
IP:46.161.9.20  2017-06-15 03:14:13
Billyciz wh0cd200942 generic viagra levaquin 500mg Cialis Generic tenormin 50 mg cefixime
IP:46.161.9.20  2017-08-02 21:35:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.