Л.Цогзолмаа:Бид чинь ховордчихсон амьтад болоод байна шүү

2011/11/14
Share |
Хүмүүс:
Л.Цогзолмаа:Бид чинь ховордчихсон амьтад болоод байна шүү

Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаатай ярилцлаа.

-Таны бие лагшин тунгалаг уу. “Үндэсний мэдээ” сониноос явж байна?

-Сайн байна уу. Энэ тэндээс яриад л байх юм. Бие тааруу ярилцлага өгөхгүй ээ гэсэн шүү дээ. Тэгээд одоо юугаа ярьдаг билээ дээ.

-Театрын 80 жилийн ой сайхан болж өндөрлөлөө. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Сайхан байлгүй яахав. Театрынхан, ахмад уран бүтээлчидтэйгээ уулзлаа. Бидний үеийнхэн ч цөөрч дээ.

-Та ерээд нас зооглож байгаа буянтай, бас жавхаатай буурал. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэгчлэн “Эртний сайхан” чуулга ард олондоо ая дуугаа өргөсөөр яваа. Урилга, заллага тасардаггүй бололтой?

-Тийм ээ. Манай ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” чуулга хааяа цуглаж, тоглолт хийдэг. Хөдөө орон нутгаар ч аялдаг байлаа. Сүүлийн хэдэн жил би явж чадахаа байсан.Миний хувьд янз бүрийн уралдаан тэмцээний комисст орж, зааж зөвлөдөг албатай болчихдог юм. Энд тэнд болж буй уулзалт, хуралд уриад байх юм. Бид чинь ховордчихсон амьтад болоод байна шүү.

-Өдий өндөр наслаад биеэ ийм сайхан авч яваагийн нууц юу вэ?

-Нууцсаад байх юу байх вэ. Хүн дуртай зүйлдээ огт шантардаггүй. Би мэргэжилдээ хайртай. Хөдөлж байгаа цагт урлагтаа зүтгэсээр байх болно л гэдэг хүн шүү дээ. Дуу хуургүйгээр өөрийгөө төсөөлөхийн аргагүй. Арван дөрөвхөн наснаасаа өдий хүртэл урлагтай амьдралаа холболоо. Надад сайн сайхан зүйл байдаг бол энэ бүхэн урлагийн ач, ид шид. Тиймгүй байсан бол намайг хэн мэдэхэв. Миний бусдаас гойд сайхан гэж юу байхав. Сайхан эмэгтэй зөндөө л бий. Намайг хүндэтгэж, хайрладаг ард түмэндээ сайн сайхан харагдаж байхад сэтгэл тэнүүн явахаас яахав.Сүрхий нарийн дэглэм барьдаггүй. Намайг цагаан хоол голдуу хэрэглэдэг байх гэж шалгаадаг. Тийм биш. Бусдын адил шөлөө ууна, өөхтэй махаа иднэ. Өөх, мах их идвэл эрүүл мэнд, гоо сайханд муу нөлөөтэй л гэж ярьдаг болсон байна лээ. Би худлаа гэж боддог. Би одоо ч гэсэн өөх, мах байнга хэрэглэдэг шүү дээ. Муугаар хэлбэл бүдүүлэг, сайнаар яривал хамаагүй хүндээ би.

-Та ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Дээр үед Хятадын бараа бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг байсан. Гэхдээ тэр үеийн хүүхнүүд будаж шунхдах нь бага байж. Монгол хүүхнүүдийн зан байх.

-Та 14 насандаа урлагийн замд хөл тавьсан гэлээ. Энэ талаараа тодруулж ярина уу?

-Би нялх байхдаа өнчирсөн. Ээжийг минь сайхан бүсгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Хөөрхий минь, намайг төрүүлээд нэг сарын дараа өөд болсон юм. Би багаасаа л дуулах өвчтэй нэгэн байв. Хүмүүс өнчин хүний хоолой гоё байдаг гэж өхөөрдөнө. Бууз, чихэр өгөхөөр нь дуулж өгнө шүү дээ. Мод барьчихаад шанз тоглож байгаа дүр үзүүлээд л. Орос цэргийн дуу дуулах дуртай тийм л хүүхэд байж. Тэгсээр 14 насандаа тэр үеийн залуучуудын соёлын ордонд сайн дураараа орсон. Тэнд “солгой” Баяр гэж хөгжимчин хүн байлаа. Түүнд шавиар орж, мандолин хөгжим заалгасан. Тэгээд 1940 онд Улсын циркийн дагшаа найрал хөгжимд анхны эмэгтэй саксафончоор ажиллах болсон юм.

-Таны үеийн сайхан бүсгүйчүүд, өдгөөгийн мисс хүүхнүүдийн ялгааг та олж харсан байлгүй?

-1930, 40-өөд оны бүсгүйчүүд монгол дээлээр гоёдог, их намбалаг, үндэсний хэв маягтай байж. Өнөөгийн бүсгүйчүүд өндөр зэгзгэр биетэй, жижиг нүүртэй гоё болж. Тэр үеийнхэн арван тавны сар гэдэг шиг дугуй царайтай, том нүдтэй, улаан хацартай байлаа. Тийм хүүхнүүдийг гоё сайхан гэж үздэг байсан юм. “Хүрээ хүүхнүүд” гэж нэрлэгдсэн бүсгүйчүүд явах, суух, хооллох бүхэн нь хүрээ маягаа байнга хадгалдаг, өөрийн дэг журамтай бүсгүйчүүд байлаа. Тэр үеийн цагаан сарын бууз, банш их жижигхэн. Ганцхан савхдаад амандаа хийж сурдаг байв. Их донжтой, дээл хувцсаа тос болгохгүй гэж тэр. Ханцуйндаа том алчуур байнга хийж явна. Ам, хамраа арчина л даа. Алхаж гишгэхдээ хүртэл хамаагүй самбаганаж, сэмбэгнэхгүй. Ардын жүжигчин Ичинхорлоотой би олон жил ажилласан. Нэг ч  удаа хамаагүй салбаганаж гүйхийг нь хараагүй шүү. Байнга, намбатай алхална. “Хүрээ хүүхнүүд” ийм л байсан даа.

-Тэдний гоёо юу байв?

-1940-өөд оны эхээр европ соёл нэвтэрсэнтэй холбоотойгоор герман оймс, малгай зэрэг гоёл моодонд орсон. Тэгэхдээ монгол дээлээрээ л голдуу гоёно. Тэр үед одтой торгоор дэгжирхдэг байсан юм. Минж, булган малгай, сувдан сам, зүүлтээр гангарна. Өдөн малгай их өмсдөг байлаа. Дугуй цагаан гэдэг дээ. 1940-өөд оноос хойш янз бүрийн алчуураар гоёх болсон. Гоё гээч зангидаж, янз бүрээр цэцэглэнэ. Харин цүнх барьдаггүй байсан. Тэр үеийнхэн урт ханцуйтай, урт дээл өмсөөд гараа хаялж алхана даа. Үсээ буржийлгахыг орос хүүхнүүдээс сурч байлаа. Хувийн үсчинд очиж үсээ буржийлгана. Гоё алчуураар толгойгоо ороогоод, үсээ олон янзаар сүлждэг байсан шүү. Янз бүрээр сүлжиж толгой дээрээ овоолж чамирхана. Тэвхийсэн мөртэй европ хувцас, сийрсэн, эсгий малгайгаар бас гоёно. Герман малгай, оймс өмсөөгүй бол хүүхэнд тооцогдохгүй байв.

-Алт, мөнгөн эдлэлээр гоёно биз?

-Шүр, сувдан чимэг, минж, булга зэрэг ангийн үсээр бас гоёноо. Би алтан бугуйвч, ээмэгтэй, сувдан зүүлттэй байсан даг. Дундаа сувдтай алтан ээмэг, сүүлдээ санжиганасан, цагариган, сүйжин ээмэг зүүгээд л. Ичинхорлоо, Дагийсүрэн, Сосорбарам гуай гээд дээхэн үеийн толгой гангачууд байсан. Бид тэднийг л харж дуурайна.

-Тухайн үед эрдэмтэн доктор Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, маршал Х.Чойбалсан нарыг их дэгжин, сайхан эрчүүд байсан гэж ярьцгаадаг?

-Тэр үеийн сэхээтэн, удирдах албан тушаалтнууд их гоё хүмүүс байсан. “Барон” Дашзэвэг, Өлзийбат гээд л. Чиний нэр дурдсан тэр их хүмүүстэй чинь зүйрлэх ч юм биш. Голдуу монгол дээл, бас костюм өмсөнө. Дашзэвэг гуай голдуу костюм, Дэмид жанжин байнга цэргийн хувцас өмссөн, шаагисан хөдөлгөөнтэй, жавхаалаг ганган хүн байсан юм. Маршал Чойбалсан үйтэн хуар дээл, сийрсэн малгай өмсөхөөрөө үнэхээр жавхаалаг.

-Тэр үеийн залуусын харилцаа их боловсон бас их бүрэг, нууцлаг байсан юм болов уу гэж санагддаг?

-Ер нь тэр үеийн хүмүүс бүдүүлэг, бие биеэ дайрсан үг хэрэглэж, хэрэлдэж байгаагүй. Өөрийнхөө харилцааг илэрхийлэхдээ одоогоор бол их дипломатч маягийн, нууцлаг байсан. Шууд л хайртай гээд үнсэлцээд байгаагүй. Бүх зүйл санаа бодол дотор нь л өрнөнө. Эмэгтэйчүүдийнхээ хойноос олон сар, жилээр хөөцөлдөж байж үерхэнэ шүү дээ.

-Танд захиа их ирдэг байсан байх. Зарим нэг захидлынхаа талаар дурсвал?

-Захиа гэдэг чинь 1940-өөд оны үед л гарч ирсэн юм. Захианы хувьд их гоё, уянгалаг, яруу үгтэй шүлэг их бичнэ шүү дээ. Надад захиа их ирдэг байсан. Энэ нь маш хүндэтгэлтэй, ёс журамтай л даа.

-Хүрээ хүүхнүүд хятадуудтай гэр бүл болох явдал олонтаа байсан гэдэг?

-Тийм тохиолдол байсаан. Аль сайхан, гоё хүүхнүүдийг хятадууд мөнгөөр цохиод аваад суусныг тэр гэхэв. Хар тамхинд оруулна. Их л өлөн цагаан хүүхнүүд байсан даг. Одоо ч гэсэн сайхан монгол бүсгүйчүүд солонгос, хятад гээд гадаадынхантай суугаад байгаа нь харамсалтай.

-Танд зориулж шүлэг хүртэл тэрлэсэн байдаг?

-Манай уран бүтээлч, зохиолчдоос надад зориулж туурвисан бүтээл зөндөө бий. “Цогзолмаа” гэсэн дуу хоёр, гурав байдаг. Би л дуулуулдаггүй болохоос. Нэр цохоод дуулаад байх сайхан биш шүү дээ. Эвгүй санагддаг юм. Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бид хоёр их сургуульд хамт сурч байсан анд нөхөд. Надад зориулж тэрлэсэн сайхан шүлэг бий. Намайг хүндэтгэж, дэмжиж явдагт нь их баярладаг шүү.

-“Цогт тайж” кинонд бүтээсэн Түвдийн гүнжийн дүрээ эргэн харахад ямар санагддаг вэ. Их аальгүй дүр гээд өөрөө дургүй байдаг гэж сонссон?

-Үнэхээр сайхан байлгүй яахав. Залуу насаа кинонд мөнхөлнө гэдэг том аз. Манай урдаа барьдаг мундаг жүжигчид тоглосон болохоор сайн кино болсон шүү. Би чинь жүжигчин биш дуучин, найруулагч хүн шүү дээ. “Цогт тайж”-аас гадна хоёр кинонд жижиг дүрд оролцсон юм бий.

-Ер нь сайхан эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

-Гаднаа сайхан төдийгүй дотроо зөв бодолтой, уужим сэтгэлтэй байхыг л хэлнэ. Ухаалаг, үр хүүхдэдээ халамжтай байж таарна. Их л цогц ойлголт шүү дээ. Эмэгтэй хүн гоёсон ч учир утгатай байх ёстой. Ямарваа юм хэмжээнээсээ хэтэрвэл яадаг билээ. Гоёл биш болчихдог юм. Эмэгтэй хүний гоёл бол нүд, шүд, урт гэзэг гэдэг.

-Танайхныг урлагийн элит гэр бүл гэдэг?                             

-Манай хүүхдүүд яах аргагүй урлагийн гэр бүлд өссөн. Элит нь ч юу байхав, үе дамжсан урлагийн гэр бүл гэвэл зөвшөөрнө. Миний хүүхдүүд боломжийнхоо хэрээр урлагтаа зүтгэж явна. Би охин Сувдынхаа “Мандухай” кино, “Цахлай” жүжигт бүтээсэн дүр болон бас нэг комиссарын дүрд нь их дуртай. Зээ хүү Бат-Оргилын “Цовоо хонгор”, “Аж Богдын харуул”, Ганхуягийн олон дуу бий дээ. Би тэднээрээ бахархдаг.

-Урлагийн хүнд авьяасаас өөр юу чухал вэ. Шинэ үеийнхэнд юу гэж зөвлөх вэ?

-Өнөөдөр эмэгтэй хүн компьютер эзэмшиж байна. Зөвхөн биеийн гадна төрхөө тордох нь өрөөсгөл хэрэг. Гоё ганган, хөөрхөн гэдэг чинь нас өндөр болох үед үгүй болчихно. Мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй, алга болохгүй. Хэн ч түүнийг булаахгүй шүү дээ. Сайхан сэтгэлээр өөрийгөө гоёж явах хэрэгтэй.

-Урлагийн элит гэр бүлийн ач, гуч нараас авьяас илэрч танд тоогдож байгаа хүүхэд байгаа байх?

-Өө, эд чинь их хөөрхөн, одоо үед ер нь авьяасгүй хүүхэд байгаа юм уу. Бүгд л надад тоогдолгүй яахав. Тэр нь, энэ нь гэж ялгаад яахав дээ. Урлагийн хүн болох чадалтай нь гараад л ирнэ. Урьдчилж би юу ярих вэ.

-Та шинэ жилийг яаж тэмдэглэдэг вэ. Урилгаар энэ тэндхийн наадамд ордог биз?

-Өө, урилга ирдэг юм. Бие гайгүй бол очихыг боддог. Тэр бүр яваад байж чадахгүй шүү дээ. Ихэвчлэн гэртээ, гэр бүлээрээ шинэ оноо угтдаг.

-Та ямар сонин, сэтгүүл уншдаг вэ?

-Ер нь гэгээлэг, үнэн зөв мэдээлэлтэй сонинуншихыг боддог. “Ардын эрх”, “Зууны мэдээ” сониныг гарчигладаг. Танай “Үндэсний мэдээ”сониныг манай хүүхдүүд захиалсан байна билээ. Тиймээс надад гарчиглах, мэдээлэл авах юм нэмэгдэж байна гэсэн үг.

Д.Сэндэр.Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
suba me spQJ54 Subscribe to online newsletters from the major airlines. The opportunity savings you all enjoy will a lot more than replace dealing with more pieces of your email address contact information.
IP:89.28.10.242  2018-12-21 04:42:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.