Хүмүүс: |
Нэгэн үе “Хулан” тураах төв олны анхаарлыг татаж байсан. Тус төвийг Монголын Фитнесийн холбооны ерөнхийлөгч Д.Цолмон хэмээх сайхан бүсгүй ажиллуулж байсан. Түүнийг дуучин Болдын эгч, дуурийн дуучин мэргэжилтэй төдийгүй Миссийн тэмцээнд оролцож явсан гэдгийг мэдэх хүмүүс бий. Д.Цолмон СУИС-ийг төгсчихөөд ангийн анд дуучин Түвшинтөгстэй хамт дуулах сонирхолтой байсан ч,“Ээж чинь ажлаас гарвал чамайг авна” гэсэн учир ээжийнхээ хоолыг булаагаад яахав дээ гээд дуулах биш бизнест хүч үзсэн гэдэг. Тухайн үед Севилийн үсчин дуурьт түүний ээж дуучин Цэцэгээ, Түлшинтөгстэй дуулсан аж. Тэрээр “Барби” хэмээгдэн гунхаж явсан ид оргил үедээ залуу хүн юм чинь хайр дурлалын паянд бишгүй өртөж явсан. Ямартаа ч,Өсөхбаяртай холбогдож шуугиан тариад амжсан тэрээр,“Хэн нэгэн саваагүй сурвалжлагчид олзлогдоод шуугиан тарьж байсан тийм тал байгаа л даа. Баригдчихсан л болохоос..” хэмээн хэнэггүйхэн инээмсэглэн ярьж байсан удаатай. Сайхан бүсгүйн тэмцээнд ч орж шуугиулж явсан тэрээр тэр үеийг яг өчигдөрхөн болж байсан шиг аягүй тод санадаг гэсэн. СУИС-ийн оюутан байхад нь Хайдав гуай сургуулийнхаа нэрийг гарга гэсний дагуу Цолмон ямар ч бэлтгэлгүй, дургүйд хүчгүй гэгчээр ороод маш их ичиж байсан гэдэг. Ердөө урьд өдөр нь бэлтгээд ёстой л байгаа материалаараа орж байсан тэрээр зургадугаар байранд орж, түүндээ сэтгэл хангалуун байдаг аж. Тэрээр, “Биднийг Циркийн манеж тойруулаад морь шиг алхуулдаг байсан. Тэр зөөлөн бамбагар юман дээр туфлитэй алхахаар ямар олиг байхав дээ. Тухайн үед одоогийнх шиг бэлэн сайхан хувцаснууд байсангүй. Одоогийнхоор “эмээ гага” гэдэг шиг купальниктай, түүнийг дээш татаад өмсөж байлаа” хэмээн хуучилсан. Монголын хоёрдахь миссийн тэмцээнд Мөнхцэцэг мисс болж, хамгийн шилдэг нь Одгэрэл гайхамшигтай байсан тухай ярьдаг. Цолмон, Одгэрэл хоёр ганц л насны зөрүүтэйгээс гадна бүр бага байхын биесээ мэдэх юм билээ.Тэд Цэнджав багш дээр хоёрдугаар ангиасаа эхлэн дуу, бүжгийн дугуйланд хамт явдаг байсан төдийгүй Одгэрэл “Тачанка” бүжиг их гоё бүжиглэдэг байсан гэсэн шүү. Тухайн сайхан бүсгүйчүүдийн дунд царай болон намба, биеийн хэлбэр галбираараа Мөнхцэцэг үнэхээр гоё байсан гэлцдэг. Мөн Чимгээ гээд сайхан охин орж байсныг санаж байгаа байх. Тэрээр НҮБ-ын шугмаар Монголд ирсэн америктай суугаад харь орныг зорьсон гэдэг.
Д.Сэндэр.Factnews.mn