2208 нэр төрлийн архи чанарын шаардлага хангасангүй

2008/05/02
Share |
Хүмүүс:
2208 нэр төрлийн архи чанарын шаардлага хангасангүй

Нэг найрлагатай ч нэр нь адилгүй архины үнэ харилцан адилгүй байжээ-

Хоёр оны босгон дээр метилийн спирттэй архинд олон хүн хордож амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Хэдийгээр “Азийн чоно” компанийн хортой архийг хурааж устгасан боловч чанарын шаардлага хангахгүй архи худалдаанд гарсаар байгаа. Иймд Улсын мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд архи согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудад шалгалт хийжээ. Уг шалгалтын талаар тус газрын мэргэжилтэн О.Амгаланбаатараас тодрууллаа.

-Архи үйлдвэрлэдэг компаниудад шалгалт хийсэн юм байна. Шалгалтаар ямар зөрчил, дутагдал илрэв?
-Хэд хэдэн нийтлэг зөрчил гарлаа. 30 гаруй дээжээс этилийн спирт зохих хэмжээнээс их гарсан. Мөн технологийн шугам хяналтын тоолуур суурилуулаагүй байсан. Ер нь зарим нэг газрууд дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй байгаа нь хамгийн том дутагдал юм. Нэг үгээр хэлбэл энэ нь шууд л найруулаад гаргаж байна гэсэн үг л дээ. Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд үйлдвэрлэгчид маань ижил жор найрлагаар олон нэр төрлийн архийг бий болгоод байна. Яг ижилхэн амт, ижил найрлагатай хэрнээ хоёр өөр үнэтэй, нэр нь адилгүй архи цөөнгүй байсан.
-Ийм зөрчилтэй хэчнээн газар байсан бэ?
-Стандарт нормыг тогтмол баримталдаггүй 300 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Нийт 114 архины үйлдвэр, 17 спиртийн үйлдвэр шалгалтад хамрагдсан байна.
-Зөрчил гаргасан байгууллагуудад ямар арга хэмжээ авч байсан бол?
-Архины 20, спиртийн хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн нэг спиртийн үйлдвэр, 12 архины үйлдвэрийг гурав хүртэлх сарын хугацаагаар ажиллах эрхийг нь түдгэлзүүлсэн.
-Ер нь улсын хэмжээнд хэчнээн нэр төрлийн архи бүртгэгдсэн байдаг юм бэ?
-Шалгалтаар нийт 2139 нэрийн архи худалдаанд гарч байгааг тогтоосон. 7468 нь шинжилгээнд хамрагдсан юм. Үүнээс 2208 нь буюу 30,8 хувь нь стандартын шаардлага хангаагүй. Мөн чанарын шаардлага хангаагүй 513976 шил архийг устгалд оруулсан.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.