Дуучин С.Бичүү: Ахиад хүүхэдтэй болох зав алга

2011/11/25
Share |
Хүмүүс:
Дуучин С.Бичүү: Ахиад хүүхэдтэй болох зав алга

Дуучин С.Бичүүтэй уулзаж амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ дуунуудаа дүрсжүүлэх гээд нэлээд завгүй явж байгаа сурагтай. Сонирхуулах зүйл ихтэй байна уу?

-“My Album” нэртэй хоёр дахь бие даасан цомгийнхоо бүх дууг клиптэй болгож сонсогч фэнүүддээ хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлж л явна. Одоогийн байдлаар “Нууцхан гуниг”, ”Би уйлж дурласандаа ичихгүй”, ”Гуравхан жил”, “Сүүлчийн зогсоол” зэрэг дуугаа дүрсжүүлсэн. Сүүлийн хоёр дуу нь хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ. Санал сэтгэгдлээ мессежээр явуулах нь их юм. “Хайрлаж дурласан хүн чинь таны сүүлчийн зогсоол байх болтугай” гэсэн уриалга дэвшүүлж, бие биедээ үнэнч байхыг хүссэн утгатай дуу нь “Сүүлчийн зогсоол”. Энэ дууны үгийг хип хоп дуучин Тимон буюу Н.Учрал эхнэртээ зориулж бичсэн юм билээ. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн найруулга дээр нь ажиллаж, С.Гантөр ая оруулсан. “Будаггүй уруулын амт”-аас эхлээд “Сүүлчийн зогсоол” хүртэл олон дуу маань хит боллоо. Тун удахгүй “Би чамайг хайрласан” нэртэй шинэ дуугаа сонсогчдод хүргэнэ. Би урьд нь дандаа гунигийн дуу дуулдаг байсан юм билээ. Сүүлийн үед хүмүүст аз жаргал бэлэглэсэн сайхан дуу хийхээр зорьж явна.

-Тантай зэрэгцэн уран бүтээлээ хийж байсан зарим дуучид урлагийн тайзаа орхиж, өөр салбарт хүч сорьж эхэлсэн. Энэ талаар тоймтой зүйл бодож байв уу?

-Яахав ээ, би яалт ч үгүй залуу уран бүтээлчид тооцогдоно. Найзууд маань өнгөрсөн хугацаанд хоёр, гурван ч тоглолт хийлээ. Гэхдээ дуучны ур чадвар, хөдөлмөр нь олон тоглолт хийснээрээ хэмжигдэхгүй. Хамгийн гол нь, чанартай байх ёстой. Сүүлийн үед гарч ирж байгаа хамтлаг, дуучид нэг дуу бичүүлээд л “Тоглолт хийнэ” гэж ярьдаг болж. Гэтэл намайг тоглолт хийж байгаагүй гэхээр хүмүүс огт үнэмшдэггүй. “Юу гэсэн үг юм бэ. Одоо хурдан тоглолтоо хийгээч ээ. Ийм чанартай уран бүтээл хийсэн байж” гээд л шөвөгдөөд байна.

-Одоо бараг анхны тоглолт дагаад л “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг ирдэг болж. Битүүхэндээ хүлээж байгаа юу?

-Өө, тэр талаар бодохгүй шүү. Тоглолт хийчихээд л цол авна гэж юу байсан юм бэ. Үнэхээр хийж бүтээснээрээ бахархуулж чадах үедээ л авбал сонирхолтой. Тэгэхгүй бол үнэ цэнэ нь буурна. Тухайлбал, жүжигчин Бооёо ахын дэргэд намайг “Соёлын тэргүүний ажилтан” гэж дуудвал би ичнэ. Үүнийг зарим хүн бодож баймаар санагддаг. Миний хувьд, дуучин Д.Болд гавьяат цол авах хэмжээнд хүрчихсэн хүн. Гэтэл одоо болтол “Соёлын тэргүүний ажилтан” цолтой хэвээрээ байна. Хажууд нь би ийм цол зүүх эвгүй шүү дээ. Ер нь би шагналын төлөө хэзээ ч дуулахгүй. Уран бүтээлийг минь хүмүүс сонсох дуртай байвал болоо.

-Тэмцээн уралдаанд оролцоод уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан дуучин залуу өдгөө ажил, амьдралын хувьд байр сууриа бүрэн олсон гэж боддог уу?

-За, яахав дээ. Миний ажил, амьдрал бол уран бүтээл. Аль ч тал дээр болоод л байдаг юм. Хүнээс гуйхгүй амьдарч явна. “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэдэг шиг болж бүтэх байлгүй дээ. Хүмүүс надад “Зохиолын дуу дуулаач. Мөнгө олох боломжтой юм биш үү” гэж хэлдэг. Энэ миний зам биш ээ. Би дуртай зүйлээ л хийж чадна. “Их гоё дуучин болох юмсан” гэж бодож урлагийн сургуульд орж байхдаа ч мөнгө бодоогүй. Ийм уран бүтээлчид их урт насалдаг юм шиг байна лээ. Мөнгө хөөж, уран бүтээл хийвэл мөхнө гэсэн үг. Үнэхээр уран бүтээлээ хийж чадаж байвал тэр мөнгө чинь аяндаа л хүрээд ирнэ.

-Зохиолын дуу дуулбал яана гэж. Рок поп гэхээр л нэг зүйлд хэтэрхий туйлширч болохгүй байх?

-Хааяа зохиолын дуу сонсдог л доо. Гэхдээ ихэнх дуу нь адилхан хэмнэлтэй, хуучирсан сэдэвтэй санагддаг. Залуу хүн рок поп хөгжим л сонсох хэрэгтэй шүү дээ.

-Эмэгтэй дуучидтай хамтарч дуулахад таны хоолойны өнгө нэлээд зохицдог юм шиг санагддаг?

-Яг зөв. Би ч бас тэгж боддог юм. Тухайн дууныхаа утга санаанаас хамаарна л даа. “Гуравхан жил” дууг Сэлэнгээтэй хамтарч дуулахад үнэхээр сайн зохицсон. Хосуудын харилцан яриа маягийн дуу л даа. Одоогоор онцолсон уран бүтээлч алга байгаа ч цаашид хэн нэгэнтэй хамт дуулахыг үгүйсгэхгүй.

-Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд баахан шоудсан гээд л шуугиад авсан. Үнэн юм уу?

-Үгүй ээ, худлаа байхгүй юу. “Амны билгээс ашдын билэг” гэдэг шиг яахав ээ, хө. Эхнэр бид хоёр ганцхан охинтой. Дараагийнхаа хүүхдийг төрүүлэх болоогүй. Ажил ихтэй учраас энэ талаар бодсон юм алга. Би уг нь их өнөр өтгөн айлын хүүхэд шүү дээ. Цаашид олон хүүхэдтэй болох байх аа. Намайг дөнгөж төрсөн нялх охиндоо угжны сүү авах гэж гараад долоо хоног шоудаад алга болчихсон гэж гүтгэсэн байна лээ. Охинтой минь хамт бичсэнд нь уур хөдлөөд тухайн үед нэлээд эмзэглэсэн. Одоо яая гэхэв дээ. Сайн муугаар бичиж л байг. Үүнээс ч аймаар бичүүлдэг хүмүүс байдаг шүү.

-Өнөөгийн урлагийн түвшин таныхаар ямар хэмжээнд байгаа хэрэг вэ?

-Урлагийн хүмүүсийн амьдралыг хар л даа. Зах зээл нь бага учир уран бүтээлчдэд асар их бэрхшээл тулгарч байна. Тэр тусмаа, залуу уран бүтээлчид урлагийн ертөнцөд амьдрахын тулд хэцүү бүхнийг туулж яваа. Ёстой л өнөө “Шарыг харж шарвалзаж, улааныг харж урвана” гэдэг шиг бор зүрхээрээ зүтгэдэг. Гэвч тэдний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлэх үнэлэмж ч алга. Бусад оронд уран бүтээлчид нь дутагдах гачигдах зүйлгүй, хангалттай хэмжээний цалин мөнгө авдаг учраас дээд зиндааны амьдралтай байдаг. Харин манайд огт эсрэгээрээ. Уран бүтээлчид нь яг л гуйлгачин шиг. Хэдэн компанийн үүд сахиж, мөнгө царайчилж суудаг нь нууц биш.

-Уран бүтээл хийж, амьдралаа залгуулна гэхээр бүтэхгүй нь ээ?

-Яг тийм. Хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй хүмүүс чинь бусдыг гуйхаас өөр яах билээ. Үнэндээ урлагаар хоолоо олж иднэ гэвэл хэцүү. Яах вэ, миний хувьд жаахан залхуурсан тал бий. Үнэхээр сайн хөдөлмөрлөж, чанартай уран бүтээлийн төлөө зүтгэж яваа дуучид байлгүй яах вэ. Бүгдийг нь хамруулж, муулах нь утгагүй биз. Чинээлэг айлын хүүхдүүд хүссэнээ хийх боломжтой цаг ирж. Тэдэнд дуулах, цомог гаргах, тоглолт хийх нь ямар ч асуудалгүй зүйл.

-Тэгвэл одоо дуулж байгаа залуу уран бүтээ лчдийн ихэнх нь чинээлэг айлын хүүхдүүд гэсэн үг үү?

-Хөрөнгө мөнгийг нь ярихаа больё. Зүгээр л боломжийн амьдралтай хүмүүс байхгүй юу, тэд. Өөрийн гэсэн ивээн тэтгэгчтэй, уран бүтээлээс өөр санаа зовох асуудалгүй ч гэсэн үнэхээр сайн хөдөлмөрлөж яваа дуучид байгаа. Бас ямар нэгэн байдлаар уран бүтээлээ ивээн тэтгүүлж, олонд хүргэх менежмент сайтай, танил тал ихтэй, сэргэлэн хүмүүс чамлахааргүй амьдарч явна. Залуу дуучид хоорондоо ярьдаг л даа. “Сэргэлэн байвал аль нэг компанийн хаяа түшээд амжилтанд хүрч байна” гэж.

-Таны хувьд, дуулахын хажуугаар бизнес хийх талаар боддог уу?

-Хэцүү гээд бизнес хөөвөл би “алуулна” шүү дээ. Юу ч хийх юм билээ. Дуулахаас өөр зүйл хийж үзээгүй юм чинь. Дотроо бодсон зүйл байгаа ч хэрэгжүүлэх цаг нь хараахан болоогүй. Хэсэг хугацаанд чимээгүй суухдаа жаахан юм оролдсон л доо. Бага сага зүйл хиймээр санагдаад... (инээв)

-Сайн дуу гаргаж, олны анхаарлыг татах гэсэндээ гадаадын уран бүтээлээс хуулбарлах тохиолдол бишгүй гардаг. Таны урын санд хуулбар дуу байгаа юу?

-Огт байхгүй. Бүр баттай хэлнэ шүү. Миний урын санд хулгайн дуу байхгүй гэдгийг найз нөхөд маань ч мэднэ. Гадаадын бүтээлээс санаа авах үе байлгүй яах вэ. “Үүн шиг гоё дуу хийх юмсан” гэж хүсч, хөгжмийн зохиолч болон яруу найрагчдад захиална уу гэхээс биш яг тэр чигээр нь хуулбарлахгүй.

-Дуу битгий хэл, клипийг нь хүртэл хуулаад гаргах юм байна шүү дээ, зарим дуучид?

-Мэдэхгүй юм аа. Хип хопчид нэг хэсэг “Муухан дуулснаас сайн хуулбарла” гэж ярьдаг байсан. Гэхдээ одоо тэгж хуулахаа больсон байх.

-Машинтай болж амжсан уу?

-Байхгүй. Дуучин хүн гэхээр л заавал машинтай байх ёстой юм уу. Машины хэрэглээ нэг их чухал биш байсан байж болно шүү дээ. Явган алхахад эрүүл мэндэд ч тустай. Янз бүрийн яриаг би тоодог ч үгүй. Од гэж нэрлэгдээд байгаа ахмад уран бүтээлчид маань ч гэсэн явган явж л байдаг юм чинь. Монголын нийгэм ондоо, зах зээл багатай. Машин авах мөнгө цуглуулах боломж надад байсан уу гэвэл, байсан. Би нэлээд үрэлгэн хүн. Олсныхоо хэрээр л цацдаг гэх үү дээ. Цаашид машин авах нь тодорхой. Тохироо нь бүрдсэн үед юу ч уначихсан явах юм билээ, хэн мэдэх вэ. Яг амьдрал дээр өөрийнхөө хөдөлмөрөөр л олсон зүйл амттай. Хэзээ нэгэн цагт надад энэ байтугай сайхан юм олдох биз. Үүндээ ч их итгэлтэй явдаг шүү.

-Рок попынхон маань кинонд тоглож эхэлсэн. Зарим нь ч бүр өөрсдөө кино хийлээ. Танд ийм санал ирж байв уу?

-Ирсээн. Гэвч дүр нь таалагдаагүй. Нэг студийнхэн намайг алиа марзан хэрнээ хор найруулах дуртай, юм юм руу үсчиж явдаг, хүүхэмсэг маягийн далдагнасан залуугийн дүрд тоглуулах гэж ирсэн. Үнэнийг хэлэхэд, кино дэлгэцэнд дүрээ мөнхлөх юмсан гэж бодолгүй яах вэ.

-Дүрээ голсон гэхээр энэ бүх араншин танд байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй ээ, байхгүй (инээв).

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
llcifwrmq Mfuiq0bvuqccidbhip, [url=http://prgkztbylwcm.com/] prgkztbylwcm[/url], [link=http://pwubbgfgajgi.com/ ]pwubbgfgajgi[/link], http://bbdbirppuolx.com/
IP:120.52.73.30  2015-12-03 06:19:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.