Мисс И.Төгсөө: Титэм зүүх агшинд эх орон, гэр бүлээрээ маш их бахархсан

2011/11/28
Share |
Хүмүүс:
Мисс И.Төгсөө: Титэм зүүх агшинд эх орон, гэр бүлээрээ маш их бахархсан

БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдсан 51 дэх удаагийн “Miss International-2011” тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан Идэрсайханы Төгсөөтэй уулзлаа. Өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 6-ныг дуустал үргэлжилсэн уг тэмцээнд 77 орны гоо бүсгүй өрсөлдсөн юм. Эх орондоо ирсэн даруйдаа анхны ярилцлагаа манай сонинд өгсөн мисс И.Төгсөө өнгөрсөн есдүгээр сард “Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан билээ. “Үнсгэлжин” тэмцээнд оролцсоноос хойш “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ мисс-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртэж байжээ.

 - Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж чадсанд тань баяр хүргэе. Титэм зүүх агшинд юу бодогдож байв?

-Баярлалаа. “Miss International” бол дэлхийд хоёрт ордог томоохон тэмцээн. Нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний шалгаруулалт өдөр бүр явагдаж байсан. Эх орноо төлөөлж буй миссүүд гадаад төрх, дотоод мөн чанар, мэдлэг боловсрол, хувийн зохион байгуулалт, соёл уламжлал, ёс зүй гэх мэт бүх талын шалгуурыг давах ёстой. Энэ шагнал маань олон улсын хэмжээнд хоёр, манайд бол гуравдугаар байр гэж дүгнэдэг юм билээ. Шалгаруулалтын эцсийн шатанд оролцох үед дотроо “Топ 15 оролцогчийн тоонд багтах юмсан” гэж залбирч байхад шиврээ бороо нүүрэн дээр дусалж, сэтгэл маш их догдолсон. Үүний дараа шууд л топ таван оролцогчийг шалгаруулж, дэд байрт “Miss Mongolia” гэж зарлахад нь өөртөө ч итгээгүй шүү. Тэмцээний дараа хүлээн авалтад оролцохдоо гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, баяр хөөрөө хуваалцахаар яарсан. Хамгийн түрүүнд ээжтэйгээ холбогдоход “Охиноо сая харсан. Тэмцээнийг чинь интернэтээр шууд үзлээ” гэдэг байгаа. Гэр бүл, хамаатан садан төдийгүй, Солонгост байгаа эгч маань хүртэл мэдсэн байна лээ. Урьд нь энэ тэмцээний шилдэг тавд Монголын мисс орж байгаагүй учраас зохион байгуулагч, шүүгч нар ам сайтай бас нэлээд хүндэтгэлтэй хандсан. Эх орон, газар нутаг, өв соёлын минь талаар асууж, сонирхох хүн олон байгааг харах үнэхээр сайхан санагдсан шүү. Мисс Төгсөө гэх нэрийг Монгол Улсаар минь овоглож дуудах бүрт бахархах сэтгэл төрдөг. Титэм зүүгээд зогсч байхдаа эх орон, гэр бүлээрээ маш их бахархсан.

- Энэ тэмцээнд оролцсон миссүүдээс Ч.Содтуяа “Фото мисс”, Б.Гантогоо “Тусч мисс”, “Б.Бадамцэцэг “Miss Active” өргөмжлөл хүртсэн удаатай. Тэдэнтэй уулзаж, туршлага судалж амжсан болов уу?

-Реалити шоу маягаар зохион байгуулагдсан “Miss Mongolia-2011” тэмцээний үеэр миссүүд маань бидэнд зөвлөгөө өгсөн. Тэр бүгдийг нь сайтар судалж, сая “Miss International-2011”тэмцээнд оролцохдоо өөрт байгаа бүх зүйлийг гаргалаа.

-Бэлтгэлээ хэр базаасан бол, тусалж дэмжсэн хүн олон байв уу?

-Гэрийнхэн маань их дэмжсэн. Нэг бүр нь 800 мянган төгрөгийн үнэтэй гурван даашинз худалдаж авснаас гадна замын зардал бусад бүх асуудлыг өөрөө зохицуулсан. Олон улсын тэмцээнд оролцож буй бусад мисс энэ мэт асуудалд ер санаа зовдоггүй юм билээ. Тухайн улсын төлөөлөл гэсэн утгаараа, бүх зардлыг нь төрөөс хариуцан тусалж дэмждэг. Бас хувийн менежер, туслахаа дагуулж явдаг учраас өдөр тутмын шалгаруулалтад бэлтгэх ажил нь бага. Харин би тэнд ганцаараа, шаардлагатай бүх зүйлээ өөрийн гараар хийдэг байсан. Энэ мэтээс харьцуулж үзэхэд манайх дэндүү ядмаг боловч “Би бүхнийг давж чадна” гэсэн итгэл дүүрэн бодлоор өөрийгөө дайчилж оролцсон доо.

- Авьяас чадварын үзүүлбэрт юу сонирхуулав?

-“Монгол бүсгүй” бүжгээ сонирхууллаа. Хятадын мисс их чадварлаг бүжигчин, гүйцэтгэл сайтай санагдсан. Энэ үзүүлбэрт ялагчаар тодорно гэдэгтээ эргэлзэхгүй байсан ч, Хятадын мисс шагналыг нь авсан. Гайхалтай нь, үндэсний бүжгийн хувцас маань хятад миссийн хувцастай их төстэй байсан шүү. Яагаад ч юм бэ, бага зэрэг харамсах сэтгэл төрснийг нуугаад яахав.

-Олон улсын тэмцээнд оролцоход Япон, Солонгосын мисстэй их андуурдаг гэсэн. Харин одоо?

-Яг хэвээрээ. “Miss Japan” гэх юмуу “Miss Korea” гэж дуудах нь энүүхэнд. “Үгүй ээ, би Монголын мисс” гэхээр дуу алдаад л “Ийм өндөр, сайхан бүсгүйчүүдтэй орон юм уу” гэж маш сайхан хүлээж авна. Ази бүсгүйчүүд дунд хамгийн өндөр, биерхүү нь би байлаа. Зохион байгуулагч, шүүгчдийн төлөөлөл нь А, B, С группт хуваагдсан мисс бүсгүйчүүдтэй хамт байж, өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцдог. Ингэснээр мисс бүрт тавих шалгуур, түүний гүйцэтгэл болоод бусад зүйлийг ажиглаж, эцсийн шатны шалгаруулалтад оноог нь харгалзаж үздэг юм билээ.

-Шагналын хувьд, чухам юу дагалдаж ирдэг вэ?

-Зөвхөн эхний гурван байрт орсон миссүүд л титэм гарддаг юм билээ. Гэвч эдгээр титэм нь шилжин явах эрхтэй. 51 жилийн түүхтэй “Miss International” титэм учраас их үнэ цэнтэй. Хэдийгээр эх орондоо авчирмаар байсан ч, энэ титмийг надад бүрмөсөн өгөхгүй гэдэг нь ойлгомжтой. Дээрх гурван титмийг хариуцаж, тусгай хайрцагт хийж явдаг хүн бий. Япон, Шанхайд болсон арга хэмжээний үеэр тодорхой хугацаанд бидэнд зүүлгэсний дараа буцаагаад авчихна. “Miss Mongolia” холбооныхон маань “Тэргүүн байрынхаа титмийг яагаад авчирсангүй вэ” гэж асууж байсан л даа. Учир байдлыг нь хэлэхэд их гайхсан.

-Өнгөрсөн хугацаанд нэлээд олон тэмцээнд амжилттай оролцсон мисс бүсгүй одоо хэчнээн титэмтэй болсон бол?

-Таван титэм бий. Гурвыг нь эх орондоо зохиогдсон тэмцээнээс, хоёрыг нь олон улсын тэмцээнээс авсан. Титмүүдээ харахаар бахархалтай санагддаг юм. Гэрийнхээ хойморт өргөмжлөлийн тууз бүрийг оноор нь жагсааж тавиад шилэн хорготой титмүүдээ дор нь байрлуулсан. “Miss International-2011” тэмцээний титэм нэмэгдсэн бол гоё харагдах байсан даа” гэж бодоод амжсан шүү.

-Аав, ээжээс тань өгсөн хамгийн том урмын үг юу байв?

-Би дөрвөн эгчтэй. Нэг нь Солонгост, бусад нь энд амьдардаг. Тэмцээнд явахын өмнөх өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт нэлээд бужигнасан. Тэр үед манайхан “Энэ сайхан тэмцээнд өөрт байгаа бүхнээ дайчилж оролцоорой. Эх орныхоо нэрийг өндөрт гаргана шүү” гэж захисан. “Miss Mongolia-2011” тэмцээний титмийг гардах агшинд би “Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах болно” гэж том амласан. Үүндээ жаахан зүрхшээж “Ийм том амлачихаад ядаж шилдэг 15-д нь багтахгүй бол яана аа” гэж бодож байлаа. Аав, ээждээ хүртэл “Охин нь ямар нэгэн байрт орохгүй бол эх орондоо ирэхгүй шүү” гэж тоглоом шоглоомоор хэлсэн гээч. Тэгэхэд аав маань “Яалаа гэж дээ. Миний охин бүх зүйлээ дайчилбал амжилт гаргаж чадна аа” гэж зоригжуулж байсан. Онгоцонд суух гээд явж байтал над руу яриад “Аав нь сая шагай орхиж үзтэл дөрвөн бэрх буулаа. Миний охин амжилттай оролцоод ирээрэй” гэхэд нь үнэхээр урамшсан шүү.

- Тэмцээнд оролцохын сацуу эх орноо сурталчлах томоохон үүрэг оногдсон нь ойлгомжтой. Энэ тал дээр юу хийсэн бэ?

-“Miss Mongolia-2011” тэмцээний сэтгүүлийг зохион байгуулагч, шүүгч нарт тараасан. Монголын миссүүдийг танилцуулж, энэ удаа эх орноо төлөөлөн ирж буй мисс нь гэдгээ ойлгуулах гэж тэр. Тэмцээний үеэр зохиогдсон дуудлага худалдаанд Чингисийн хөлөг баатрын сонирхолтой зургийг тавьсан. Мөн мал сүрэг болон монгол гэрийнхээ дэргэд зогсч буй ноён, хатан бүхийбэлэг дурсгал нэлээд хэдийг авч явлаа. Үүгээр дамжуулан монгол ахуй, өв соёл, түүхэн уламжлалыг бусдад сурталчилсан юм.

- Юутай ч, өмнө тавьсан зорилгоо биелүүлж чадлаа. Харин цаашид амжилтаа ахиулан “Miss world” тэмцээнд оролцох хүсэл байгаа байх гэж бодож байна?

-Тийм бодол байлгүй яахав. Гэхдээ “Miss World” тэмцээнд оролцох бүсгүйг тодорхой шалгаруулалтаар сонгож, тэмцээн уралдаан зохион байгуулдаггүй учраас тоймтой хариу хэлэхэд бэрх. Энэ тэмцээнд зөвхөн баян айлын охин юм уу чинээлэг ивээн тэтгэгчтэй бүсгүйчүүд л оролцдог гэж хүмүүс боддог юм билээ. Тиймээс иймэрхүү буруу ойлголтыг эвдэж, аль болох эерэг талаас нь харуулахыг хүсдэг. Нуулгүй хэлэхэд, надад “Miss world” тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргах юмсан” гэсэн хүсэл бий. Хэдэн жилийн дараа хүсэл мөрөөдөл минь биелэх байлгүй дээ.

-Мисс гэхээр л өндөр, туранхай буюу модель хэв маягтай байх ёстой гэсэн ойлголт хоцрогдож эхэллээ. Б.Бадамцэцэг, та хоёрын хувьд эрс өөрчлөлт хийсэн шүү дээ?

-Ямар ч байсан, сая Хятадад өнгөрүүлсэн нэг сарын хугацаанд нэлээд турлаа. “Miss Mongolia-2011” тэмцээний зургаа үзэж байхад жаахан мяраалсан харагдаж байна лээ. Зарим хүн“Ямар тарган юм бэ. Жаахан турсан нь дээр шүү. Нэлээд мяраалсан байна” гэж шүүмжилснийг олж уншсан. Тодорхой хэмжээнд жин хасч, бие галбираа зөв хөгжүүлэх хүсэл байгаа нь мэдээж. Хэтэрхий туранхай биш, арьс, булчингаа чангалж чадвал аятайхан харагдана шүү дээ. Миний хувьд жин хасч, нэмэх нь амархан. Гэрээсээ хол байхаар амархан турдаг, гэртээ ирсэн хойноо таргална. Хятадад байхдаа далайн гаралтай хоол хүнс хэрэглэж, бие хөнгөрсөн учраас хоол идэх нь ховор. Гэрийнхэн маань хүртэл гайхаад “Чи ямар бага хоол иддэг болоо вэ” гэж байна лээ. Энэ дэглэмээ алдахгүй, бие галбиртаа анхаарна гэж бодож байна.

-Тодорхой хэмжээнд олны танил болсон учраас өөрт тань ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу?

-Сайн, муугаар хэлүүлэх үе бишгүй. Гэхдээ би ямар ч үед өөрийнхөөрөө байж чадна. Хуурамч дүр эсгэж, элдэв зүйлд орооцолдохгүй ээ. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг дээ. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон тэмцээн, уралдаанд оролцлоо. Энэ бүхнээс олж авсан туршлага, мэдлэгээ олон улсын миссүүдтэй харьцуулж үзсэн болохоор багагүй өөрчлөлт гарсан байх. “Монголжингоо” бол миний анхны тэмцээн учраас ер мартдаггүй. Анхны амжилт маань араасаа олон сайхан боломж дагуулж, цаашид олон тэмцээнд оролцох их урам зоригийг хайрласан.

- Ямар нэгэн ивээн тэтгэх, дотно харилцаа үүсгэх санал хэр зэрэг ирж байсан бэ?

-Ирж байгаагүй. Миний хамгийн том спонсор бол гэрийнхэн. Тэднийхээ дэмжлэгээр тэмцээн, уралдаанд оролцоно гэдэг маш их бахархал шүү. Амжилт бүхний минь ард хэн байгааг ярихад хүртэл сайхан. Би ганцаараа зүтгээд тэр амжилтыг гаргасан юм биш. Гэр бүлийнхээ итгэл найдвар, дэмжлэг туслалцааны хүчинд л өнөөдөр би ийм амжилттай яваа. Түүнээс биш, хэн нэгний хөрөнгө мөнгөнд багтаж”амьдраагүй.

-Найз залуутай юу. Ер нь, нэлээд гэр амьтай гэж сонссон юм?

-Байхгүй ээ. Найзуудтайгаа уулзаж, хичээлдээ явахаас бусад үед гэртээ байх дуртай. Ээж, аав минь өдөр бүр зөвлөгөө өгч, миссийн тэмцээний талаар надаас илүү судалдаг гээч. Эмэгтэй хүний хувьд, гэр ахуй болон хувийн зохион байгуулалтын хувьд ч ээжээсээ суралцаж явна. Монгол эмэгтэй хүнд байх есөн эрдмийг өөртөө шингээх юмсан гэж боддог. Одоогоор дутуу дулимаг зүйл их бий, тэр болгоныг гүйцээж сурна аа. Хүмүүс урьд нь намайг “Мисс шиг бай л даа” гэж хэлдэг байсан. Мисс гэхээр л бусдаас өөр байх албагүй. Хамгийн гол нь, хаана, хэдийд, бие хэрхэн авч явах нь чухал болов уу. Мисс болчихлоо гээд үргэлж өндөр өсгийт углаж, гоёлын даашинз өмсөөд л хүүхэлдэй шиг явна гэж юу байхав. Албан ёсны арга хэмжээн дээр мисс Төгсөө, сургууль дээрээ оюутан Төгсөө, гэртээ бол нөгөө л жаахан эрх Төгсөө чигээрээ л байна шүү дээ.

- “Гоёл-2012” наадамд оролцох уу, загварын талаар ямархуу бодолтой байна вэ?

-Одоохондоо шийдээгүй л байна. Хичээлдээ анхаарахгүй бол хэцүүдлээ. Хэсэг хугацаанд сургуулиасаа чөлөө авч тэмцээн уралдаанд оролцсон. Хоцорсон хичээлүүдээ нөхөж, хэлний мэдлэгээ сайжруулах учраас ойрын хугацаанд загварын шоу энэ тэрд анхаарах хандуулахгүй.

 Р.МӨНГӨН


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.