"Миний нууц хүү" жүжгийн хаалт дараагийн тоглолтынхоо хүлээлтийг үүсгэлээ

2011/12/03
Share |
Хүмүүс:

 Гараа сайн бол бариа сайн гэдэг. “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжиг өнгөрсөн сарын 17-ны өдөр сүр дуулиантай нээгдэж байсан. Тодруулбал улаан хивсний ёслолоор нээлтээ хийсэн “Миний нууц хүү” жүжгийг үзэхээр урлаг спорт, бизнесийнхэн гээд салбар бүрийн лидерүүд нэгэн дор цугларсан гайхалтай үдэш болж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин өчигдөр орой  тус жүжиг мөн л сүр дуулиантай хаалтаа хийлээ. Шинэ театрын анхны бүтээл үзэгчдэд үнэхээр  их таалагдаж байгаа нь танхим дүүрэн инээд, алга ташилт, шүглийн дуунаас мэдрэгдэж байв.  Энэ нь залуу уран бүтээлчдэд илүү ихийг хийх урам, ташуур болж өгсөн биз. Мөн жүжиг тоглогдож байх хугацаанд жүжигчин Г.Алтаншагай СТА цол тэмдгээр энгэрээ мялааж адтай, бас авьяастай аавын хүү гэдгээ давхар батлаад авсан. Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нарын хувьд хүсэл мөрөөдлийнхөө театрыг байгуулах гэж УДЭТ-аас туурга тусгаарлаж байсан. Энэ нь нэлээд хэл ам дагуулсан ч анхны уран бүтээлээрээ цэг тавьж чадлаа. Тэд “Мөрөөдлийн театр”-аараа дамжуулан шинэ үеийн залуучууд, үзэгчдэд драмын урлагаар дамжуулан оюуны гайхамшигт бүтээлүүдийг хүргэх гэсэн гэгээн зорилго тавьжээ. Дөнгөж хаалтаа хийж буй энэ агшинд дараагийн уран бүтээлийг нь хүлээх хүлээлт үзэгчдийн дунд үүссэн байсан нь гайхалтай. Энэ бүхэн үзэгчдийн амнаас сонсогдов. Дашрамд дуулгахад “Мөрөөдлийн театр”-ынхан ирэх жилийн гуравдугаар сард хоёр дахь уран бүтээлээ толилуулахаар төлөвлөжээ.  Ингээд аргагүй залуу уран бүтээлчдийн төлөөлөл болж, авьяас билэг нь ундарч буй уран бүтээлчдээ өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өмнөх зам нь дардан хийсэн ажил нь арвин байх болтугай.

А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.