Архи бүжиглүүлнэ

2011/12/06
Share |
Хүмүүс:
Архи бүжиглүүлнэ

Сайд Х.Баттулга нэгэн хууль са­наачилжээ. Тэр нь  “Архи, тамхи, согтууруулах,  ман­сууруулах бодис үйлд­вэрлэдэг, борлуулдаг, зуу­чилдаг  хүнийг УИХ-ын сон­гуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах” тухай хууль юм. Зөвхөн гарчигнаас нь харахад боломжийн хууль байх болов уу гэж санахаар. Гэтэл уг хуу­лийг өргөн барихтай нь зэрэг гишүүд ихээхэн цочирдож шууд delete-лээд хаяж. Хаширдаггүй сайд  restore хийгээд дахиад өргөн барив. Одоо хэлэлцэхээс өөр аргагүй. Ийнхүү УИХ-ын танхимд хуулийн нэрээр архи бүжиглүүлэх  цаг айсуй. Хэн нь архинд дуртай,  хэн нь дургүй, бас дуртай нь дургүй болж харагдах гэсэн тоглолт удахгүй эхэлнэ. Зарим нь шартчихсан ирэх вий. Тэгмэгцээ “Архины бизнес бол дэлхийн аль ч оронд байдаг бизнес. Х.Баттулга сайд хувийн бизнес рүү хутга дүрэх гэж байна,  мөн үү, айн” гээд шүлсээ залгих вий. Сайн хараарай, яг тэгнэ шүү. Тэгээд чуулган завсарламагц шараа тайлж хөлсөө арчих вий. Бас зарим нь лаг улстөржсөн  тайлбар хийнэ. Юу гэвээс  “2012 онд Баянхонгорт  тэр сайдын тойрогт архины үйлдвэртэй нэгэн компанийн гүйцэтгэх захирал өрсөлдөх гэж байгаа юм. Тийм болоод мань хүн айсандаа тийм хууль батлуулах гэж яваа юм” гэнэ дээ. Бас нэг су­пер тайлбар байж болох. “Түүний дүү Хан-Уул дүү­рэгт нэр дэвших учраас тэнд байрлалтай архины үйлдвэрийн эзнийг үгүй хийх гэж тэр” гэх согтуу сенсааци сонины хуудаснаа хөврөх нь мэдээж. Гэхдээ энэ нь “Ц.Нямдорж Н.Энхбаяраас  айсандаа орчуулагч мэр­гэжилтэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх  хууль са­наачлав” гэсэнтэй адил сон­согдоно. Эсвэл “Сү.Бат­­болд  бүрэн эрхийнхээ ху­гацааг  дуу­сахаас өмнө  МАН-ын  дүрмэнд цэргийн ба­га дарга байсан хүнийг Ерөнхий сайдад хэзээ ч то­милж болохгүй гэ­сэн заалтыг оруулах  гэнэ” гэдэгтэй төстэй ч юм уу. 
Архи их уудаг хүнийг  нийтээрээ жигшдэг. Албадан эмчилгээнд хүртэл явуулдаг. Архичин гэж ад үздэг.  Гэтэл тэр архийг нь үйлдвэрлэдэг хүнийг бизнесмэн гэж өргөмжилдөг. Агуу их татвар төлөгчөөр шалгаруулж сонин хэвлэлээр магтан сайшаана. Гэтэл утаанд хордсон хүнийг нүд үзүүрлэдэггүй. “Өө муу утаачин” гэдэггүй. Эвийлж хөөрхийлж хайрлана.  Харин ч уушгинд нь ороод байгаа утааг  багасгах талаар дээр, дооргүй ярьдаг. Утааг үйлд­вэрлэж байгаа зуухыг нь янз бүрээр шинэчилж, утаа гаргахгүйн төлөө бүх нийтээр тэмцдэг. Бүр утааг тэр чигээр нь үгүй хийхийн тулд  гэр хорооллыг байхгүй болгоно гэцгээдэг.  Тэгэхээр архи ууж байгаа хүнээ адлах уу, архи үйлдвэрлэгчээ  шоо үзэх үү гэдэг сонголт байж болох юм. Утаанд хордож байгаа хүнээ буруутгахгүйгээр утаатай нь тэмцэж байгаатай утга  нэг юм.  Одоогоор зөвхөн архи үйлдвэрлэгчийн төрийн эрх барих байгууллагад орох эрхийг нь хязгаарлах тухай л ярьж байна. Онцгой албан татвартай адил юм. Архи үйлдвэрлээд онцгой албан татвар төлөөд байдаг. Тэгсэн атлаа улс төрийн эрхээ хасуулах гэхээрээ дургүйцдэг нь юуны учир вэ.   Харин ч архины бизнесийг утаа шиг бүрмөсөн арилгах тухай хууль санаачлаагүйд нь баярлах ёстой юм биш үү, айн. 

Л.Мөнхбаясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.