"Монгол поп"-ын араас "Монгол вальс"

2011/12/10
Share |
Хүмүүс:

Энэ Болдоо их сэргэлэн залуу юм. Одоо бодохнээ хууччуулын хэлдгээр гүйлгээ ухаантай, сүүхээтэй эр. Намайг бацаан байхад Камероны хоёр иргэн ДОХ тараалаа гээд мэдээгээр гарч, магадгүй дараа нь Камертон гэх нэр их л тод тогтоогдсон санагддаг. Тэр цагаас хойш олон гэж болохоор жил өнгөрч, одоо бол Болдоо Төрийн соёрхолт, Камертон амьд домог юм биз дээ. Түүхэндээ байгаагүй юм манайд боллоо. Төрийн ордонд хууль хэлэлцэж, хурал хийж байснаас хэн нэгэн дуу аялаж, хаа нэгтэй нь доргиж байсангүй. Засгийн газар нь хамтарсан, сонгуулийн хууль нь холимог манайханд орчин цагийн урлагийг бүр эртний монгол хэв шинжтэй зуурч, хутгах санаа их таалагдах нь мэдээж байв. Болдоо хүү сэргэлэн загнаж, би хувьдаа хоншоортой гэе, Монгол поп санаачлав, морь нохойтой клипээр бөмбөгдөв. Хэтэрхий олон давтагдахаар хит гээч нь бий болдгийм хойно Монгол поп хүчээ авч, манай залуу ордон руу санаархсан хэрэг. Хит дуутай хот дуучны саналыг манай түшээд уриалагхан дэмжиж, Монгол попоор сонороо мялаасан, мөнөөх залуу энгэрээ мялаасан.

 Монголын рок, попын гэр бүл гэж хичнээн олон жил ярилаа даа, хөөрхий тэр Долгион, тэгээд бас Давка. Давкагийн “Хит” бүрэн утгаараа биелэлээ олж, Долгионы “гэр бүл” бүрмөсөн гадаад болох нь тэр. Болдог юм болдгоороо болсон, Болдоо хүү хийдгээ хийсэн.

 Харин удаах төрийн ордон дахь тоглолтын эзэн төдөж, удалгүй гараад ирлээ. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, On&off-ийн Ононбат нар ордонд алхалж харагдсан. Тоглох саналаа хүргэсэн нь тэр.Төрийн ордоныхон түрүүчийн тоглолтоос болоод ордны барилгад цууралт өгөөд нурж болохыг олж мэдсэн гэнэ. Тиймээс одоо хана туургыг нь шалгаад хачин их ажилтай байгаа тул хаан хуурчийн саналыг бодож байж өгөхөөр болжээ.

 Б.Чинбат шинэ жил болохтой холбогдуулан “Монгол вальс” хэмээх шинэ хөгжим бичиж. “Монгол поп”-ын араас Монгол вальс. Уг нь ч Чинбат АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүндэтгэлийн тоглолтод оролцож, Цагаан ордонд тоглож байсан гэнэ лээ. Обамад тоглоод өгчихсөн хүн од байхаас яахав. Одын замд ордны хуучирсан явдал саад болчихлоо. Обамад амь шигээ хайртай, Америкт ах шигээ хүндэтгэлтэй манай ерөнхийлөгч ийм хүнийг тоглуулахгүй гэвэл алдас болж, тийм юмыг тоглуулчихаад гэх шүүмжлэлд өртөх юм биз. Ингэж тэгж тоглолоо гэхэд тийм хүнд төрийн шагнал өгчихөөд ийм хүнд өгөхгүй гээд нэхэл хатуутай юм болж таарна. За тэгээд урлагийн нэр зүүж яваагийнх гээд хошин шогийнхон ч марзан санал ордны Тамгын газарт хүргүүлчихсэн гэсэн. Тэд тоглож гэмээнэ Монгол инээдэм гэх нэр өгч таарна. “Монгол”-той дуу, тийм төрөл үүслээ гэвэл Төрийн шагнал авах нь гэж анзаарвал таарна.

 Эрт урьдын цагт Чингис гэдэг нэрээр тэрбум тэрбумаар орлогожсон шиг энэ цагт Монгол гэх үгээр мянга мянган медаль авах нь, цаана чинь. Төд удалгүй гэр тэргээр Жавхлан заларч, тээр тэнд хүүхнүүд араг тэврэлдэн хашхиралдах биз. Хүмүүс ярьж байна аа, энэ бүгдийг, ичсэндээ л. Харангын хар азарга цамнаж, СС.Амараа ХХ бодол тээж, хэн нэгний духан дээрх соёмбо гудайж байгаа бол би хувьдаа гайхахгүй. Жилийн дараа ордны хамгаалалт билет тасалж, олон гишүүн менежер хийж байвал бас гайхаад ч яадаг юм. Бурханд зөвлөгөө өгсөн найрагчийг саналаа. Панк фост шүлгүүд чинь одоо үгүйлэгдээд байна, парламентын ордны тэнд болохоо байчихаад байна. Галсансүх ээ таньд өгөх зөвлөгөө байна, та нэг шүлэг бич ээ.

 Б.Чинбаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.