Хүмүүс: Ж.Цолмон | |
Хоёр төрийн нүүрэнд суудлаа бат эзлэн дэд сайдын албыг хашиж байгаа Ж.Цолмон хатагтай ”Хүний томуу” өвчний үед телевизээр гарах дуртайгаа үгээрээ биш ч, үйлдлээрээ хэдэнтээ хэлсэн. Их ажлын үеэр үсний засалт, хувцасны сонголтондоо цаг харамгүй зориулсан түүнээс нэвтрүүлэгч бүсгүйчүүд ч айж байсан гэдэг. Мэдээж ажилгүй болох вий гэхээсээ. Харин тэрээр саяхан дуучин бүсгүйчүүдийг айлгаад амжив. Тодруулбал “MN25” телевизийн “Дуучин биш дуучин” баярын нэвтрүүлэгт оролцон “Abba” хамтлагийн “Fernando” дууг дуулж, дүрсжүүлэн үзэгчидэд хүргэлээ. Сайд маань дуугаа сайн дуулаагүй ч бичүүлж, дүрсжүүлэх гээд овоо хэдэн хоногийг зарцуулсан гэж байгаа. Түүний клипийг үзвээс “Дэлхийд энтертайнмент, шоу бизнес гэдэг зүйл дэлгэрсэн учир би чадалтай хоолойтой, гоё дуулдаг байх албаггүй” гэж өөрийгөө өмөөрдөг зарим дуучин бүсгүйчүүдийг санагдуулав. Өөрөөр хэлбэл түүний стил, имиж өнөөх үзүүлэх, харуулах урлаг гээчийг төгс илтгэсэн байв. Төрийн сайд хүн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож, цэнгэж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ л “Эзэнгүй болсон эрүүл мэндийнхэн” хэмээн салбар нь томоохон шүүмжлэлд өртөөд буй энэ цаг мөчид дуу хуур, клип энэ тэр гээд цаг, нарыг үрж яваа нь хэр зохистой юм бол доо.
А.Чимгээ.Factnews.mn