Б.Мөнх-Оргил: Ганц цохилт сурчихаад л зодоон хийнэ гэж юу байхав

2012/01/06
Share |
Хүмүүс:
Б.Мөнх-Оргил: Ганц цохилт сурчихаад л зодоон хийнэ гэж юу байхав

Рок попын ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, уран бүтээлээ хийж яваа “Sync” хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргилоос цөөн асуултад хариулт авлаа. “Миний гэр-2” реалити шоунаас төрсөн тус хамтлаг “Дуу минь” нэртэй цомог гаргаж, “Ийм л хайр” тоглолтоо хийсэн. Үүгээр ч зогсохгүй “Мотив” хамтлагийнхантай цуг “Хайрын үнэ цэнэ” нэртэй уран сайхны кинонд тоглосон билээ.

- Оргил дуулж, бас жүжиглэлээ. Одоо ямар авьяасаа харуулах гэж байна вэ?
- Бүжиглэх л дутаад байна. За, тоглосон юм шүү. Дуулахаас өөр юу ч хийхгүй гэвэл утгагүй. Амжилт олох боломжтой салбартаа өөрийнхөөрөө хичээж зүтгэе гэж боддог. Би найзтайгаа хамт “Etmo” нэртэй таеквондогийн клуб ажиллуулдаг. Өнгөрсөн жил найман жилийн ойгоо тэмдэглэсэн. Хажуугаар нь бас бус ажлыг ч амжуулж явна. “Миний гэр-2” шоу асар их боломж өгсөн учраас бид их азтай. Шоунд оролцохоосоо өмнө хамтлаг байгуулсан бол өдий зэрэгтэй явахгүй байсан. “Миний гэр”-ээр олонд танигдсан хамтлаг маань тийм ч богино настай биш. Гоё дуутай, сайн хамтлаг олон байдаг ч хүмүүст төдийлөн хүрч чаддаггүй шүү дээ. Харин бид ирээдүйд “Камертон” шиг байхын төлөө зүтгэдэг. Сонирхолтой мэдээ дуулгахад, “Миний гэр-3” шоу удахгүй зохиогдоно. Би зохион байгуулалтын ажилд нь оролцож байгаа.

- Та таеквондогийн хэддүгээр зэрэгтэй тамирчин бэ?
- Хар бүс, хоёрдугаар дантай. Таеквондогоор хичээллээд 15 жил болж байна. Багаасаа мөрөөдсөн хайртай спорт мин ь учраас их шимтэж, нойр хоолгүй явдаг байлаа. Диплом аваагүй л болохоос хоёр дахь мэргэжил маань гэсэн үг. Сүүлийн үед бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж чадахаа больсон. Долоо хоногт хоёр удаа л клубтээ хичээллэдэг. Бас усан спорт, бодибилдингээр хичээллэхгүй бол жин нэмэхээс эхлээд л үүсэх асуудал их. Хамтлагийнхан маань “Хоёр нарийхан хүний дунд нэг бүдүүн байж болохгүй” гэж шоолоод байна.

- Дургүйгээ хүрвэл нударга зөрүүлчихнэ биз?
- Хааяа л. Зарим залуус их бүдүүлэг, үг хэлээр дайрч давшилна. Уран бүтээлч хүн учраас энд тэнд явж байхад хүмүүс их танина. Янз бүрээр хэлж, дуудсан болгонтой нь зодолдоно гэж юу байх вэ. Таеквондогийн спорт “Ихийг сурч мэдэх тусмаа илүү даруухан болох ёстой” гэсэн дүрэмтэй. Ганц цохилт сурчихаад л зодоон хийгээд байж болохгүй. Одоо XIII зуун шиг бяр чадлаар бус оюун ухаанаар, зөв зүйтэй харилцаагаар асуудлаа шийддэг болсон цаг. Тиймээс уур бухимдлаа дарах тал дээр хичээж явдаг.

- Рок попын эрэгтэй хамтлаг, дуучид нэг хэсэг зодоон цохион үүсгэж байсан нь нууц биш. Ер нь, иймэрхүү асуудал мэр сэр гардаг юм биш үү?
- Тийм асуудал гарсан л даа. Гэхдээ сүүлийн үед зодоон цохион харагдахаа больсон. Ялангуяа тайзны ард ийм асуудлыг бүрмөсөн хаях хэрэгтэй. Тайзан дээр тоглолт болж байхад хөшигний ард бөөн зодоон өрнөх нь хаашаа юм. Хамтлаг байгуулаад хоёр жил болоход надтай лав тийм зүйл учраагүй.

- Ажил амьдрал дээр өөрийн гэсэн байр суурийг олж чадсан гэж үздэг үү, та?
- Чадаж байгаа. Хэрэгтэй бүхнээ аав ээжээсээ нэхэх бус өөрийнхөө чадлаар олдог. Би залуу хүн, амьдрал маань дөнгөж эхэлж байна. Сэтгэл хангалуун, сайхан амьдралын төлөө зүтгэх ёстой. Залуус өөрсдийнхөө хөдөлмөр, авьяас чадвараар амьдраасай. Хэн нэгний татаас, арын хаалгаар явна гэвэл бүтэхгүй. Гэр бүлийн хувьд, төлөвлөсөн зүйл бий. Амьдралд хэрэгтэй бүхнээ бэлэн болсны дараа гэр бүлтэй болно гэж ярьдаг хүн олон. Уг нь зөв. Айлын охиныг авч суугаад өлсгөж, дааруулаад байвал хэцүү. Гэхдээ би амьдралыг хамтдаа босгож, бүтээгээд явбал он цагийн улиралд тэр бүхэн нь үнэ цэнэтэй байх болов уу гэж боддог. Юу ч байхгүй орчинд юм бүхнийг бий болгохын төлөө зүтгэж явахыг хичээнэ. Гэр бүл, үр хүүхэдтэй болсон найзуудаа хараад бяцхан атаархдаг шүү. Амьдралын зорилго нь хүртэл их өөр. Гэтэл би олсон мөнгөө гар утасны төлбөрт өгч, машиндаа шатахуун хийгээд үлдсэнээр нь хувцас авдаг бол тэд гэртээ мах, гурил аваад харих жишээтэй.

Р.ЕСҮЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.