Ардын жүжигчин Н.Сувд: Эмэгтэй хүн ухаан богино, хүч чадал муутай гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй

2012/01/07
Share |
Хүмүүс: Намсрай Сувд | 
Ардын жүжигчин Н.Сувд: Эмэгтэй хүн ухаан богино, хүч чадал муутай гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг булангийнхаа зочноор урилаа.

- Уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Жүжигчин хүн ямар ч үед эерэг болон эсрэг талын дүрд тоглоход бэлэн байдаг уу?
- Мэдээж жүжигчин хүн янз бүрийн дүрд хувирч, түүнийхээ дотоод мөн чанарыг үзэгчдэд хүргэх гэж хичээж явдаг. Тиймээс үргэлж эерэг юм уу эсрэг талын дүрд тоглохгүй шүү дээ. Найруулагч ямар ч дүр оноосон бай, хамаагүй. Тухайн дүрийн онцлог, мөн чанарыг нь өөрийнхөө хэмжээнд амилуулах нь чухал. Миний хувьд, хатны дүрд цөөнгүй удаа тоглосондоо олзуурхаж явдаг. Гэвч хатан бүр хоорондоо адилгүй. Нэг хатны дүр төрх, хэв маягаар бусад хатныг илэрхийлж болохгүй учраас тус бүрт нь хувирч чаддаг байх ёстой. Тухайлбал, Мандухай цэцэн хатан ганцхан хувь байх хэрэгтэй. Өүлэн эх ч бас өөр байх нь тодорхой. Жүжигчин хүнийг бүтээл, бүтээсэн дүрээр нь овоглоно гэдэг хамгийн том шагнал юм. Найруулагчид томоохон бүтээлдээ намайг сонгосны хүчинд би хэд хэдэн томоохон дүр дээр ажиллаж, тоглохыг хичээсэн. Миний ажилдаа хандаж байгаа хандлага ч найруулагч нарт нөлөөлдөг байх.

- Тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн туршлагатай жүжигчний хувьд, ямар ч үед барьц алдахгүй байх гэж боддог?
- Яалаа гэж, харин ч бүр улам ихийг шаардаж байна. Сувд гэдэг хүн ганцхан хувьд шүү дээ. Өнөөх л дүр төрх, дуу хоолой, үг яриа, үйл хөдлөлөө 30, 40 жилийн турш хувиргаж яваа хүн. Тиймээс жүжигчин хүний хувьд хувьсан өөрчлөгдөх шинж чанар маань улам бүр хомсдож байгаа хэрэг. Амьдрал баялаг, бас барагдашгүй боловч миний ухаан түүн шиг өргөн хүрээтэй байж чадахгүй. Адаглаад л, насны онцлогоос хамаарч царай төрх, бие галбирын хувьд ч өөрчлөгдөж байна. Үүнд жүжигчний мэргэжлийн хүнд хэцүү нь оршдог юм болов уу гэж боддог доо. Цаашид ахмад уран бүтээлчдийнхээ нэгэн адилаар тухайн цаг үе болон өөрт тохирсон дүрийг гаргахын төлөө чармайж ажиллах биз ээ.

- Ээжийгээ хөтлөөд театрт хөл тавьсан тухайгаа та нэгэнтээ дурсч байсан. Таныг урлагийн гэр бүлийн хүн гэдэг?
- Тийм ээ, би соёл урлаг давамгайлсан орчинд төрж өссөн. Ээж дуучин бас жүжигчин, аав маань сэтгүүлч, орчуулагч. Хэдийгээр миний аав эдийн засагч мэргэжилтэй ч урлагт элэгтэй хүн байсан. Энэ ч утгаараа, манай гэр бүлийн уур амьсгал соёл урлагт ойр байсан нь намайг урлагийн ертөнц рүү чиглүүлсэн байх гэж боддог. Амьдралд байр сууриа олоход гэр бүлийн хүмүүжил асар их үүрэгтэй. Сайхан аав ээж, ухаант буурай маань миний амьдралд итгэл үнэмшлийг өгсөн юм. Урлагийн хүнийг цаг үргэлж гоё ганган хувцастай, найр наадамд уригдан, инээж хөхөрч явдаг мэтээр төсөөлөх нь буруу. Хүний л амьдрал хойно, сэтгэлээр унаж шантрах ч үе таарна. Бас сэтгэл хангалуун, жаргалтай ч үе бий. Тиймээс би жүжигчнээс гадна хувь хүнийхээ хувьд ч тэр. Өөрт оногдсон тавилангаар амьдралын нугачааг туулж явна. Аз болоход, өнгөрсөн хугацаанд алдсан гэж амаа барьдаггүй.

- Театрт ажиллахын хажуугаар урлагийн сургуульд багшилж байгаа. Хэдий хүртэл тайзан дээр “амьдрах” вэ гэж бодож байв уу?
- Хэзээ ч үгүй. Тайзан дээр хэдий хүртэл оршин тогтнох эсэх нь нь тухайн хүний авьяас, хөдөлмөр зүтгэлээс хамаарна. Үнэхээр чадвар нь хүрэхээ болиод цаг нь ирсэн бол хүссэн хүсээгүй тайзнаас бууж л таараа. Мундаг жүжигчид 90 нас хүртлээ тоглож байхад зарим нь 60 хүрээд үгээ цээжилж чадахаа больдог шүү дээ. Энэ бол хувь хүний байгалиас заяасан бие махбодь, ухаан санаа, эрүүл мэнд, чадвараас шалтгаална. Надад байгаа бүх зүйл театрын урлагтай холбоотой. Энэ ертөнцөд амьдарч хийж бүтээсэн алдаа оноо бүгд ажил хөдөлмөртэй минь холбоотой гэсэн үг.

- Сүүлийн үед гарч ирж буй залуу жүжигчдийн талаар ямархуу бодолтой явдаг бол?
- Уран бүтээлчид үе үеэрээ төрдөг бичигдээгүй хуультай. Драмын театрын алтан тайзнаа яг нэг үеийн авьяаслаг залуу жүжигчид хаврын ногоо шиг ургаж, урины шувууд шиг ганганаж эхэлж байна. Эдгээр залуусын нуруун дээр театрын хүнд ачаа яваандаа ирэхийг тэд сайн мэдэрч байгаа. Манай театр дэлхийн хэмжээнд хүрсэн. Тэр тусмаа жүжиглэх ур чадвар, жүжигчдийнхээ авьяасаар бол нэлээд дээгүүрт ордог юм. Өнөөдөр соёл урлагийн салбар хүрээгээ тэлж янз бүрийн хамтлаг, студи, театр олширсон. Манайд маш чадварлаг, сайн дүр бүтээсэн залуу жүжигчин олон бий. Цаашид бүр олон чадварлаг жүжигчин төрөөсэй гэж хүсч явдаг юм. Тайзан дээр гарч байгаа тоглолт болгон үзэгчдийн өмнө өгч байгаа шалгалт гэсэн үг. Тиймээс дандаа сайн үнэлгээ үзүүлж байхын төлөө маш их уншиж, судалж, хүч хөдөлмөр гаргаж ажиллах шаардлагатай. Хэнэггүй, зориггүй, зорилгогүй залуус мэдлэг чадвараараа үеийнхнээ байлдан дагуулж яваа бусад залуусаас үлгэр дуурайлал авч, эн зэрэгцэхийн төлөө зүтгээсэй гэж хүсдэг. Харин ямар ч үед өөртөө сэтгэл ханаж болохгүй. Аливаа зүйлд сэтгэл хангалуун, бүх зүйл нь бэлэн байх нь хүнийг амархан өтлүүлж, үхүүлдэг гэж боддог юм. Амьд явна гэдэг зөвхөн зугаа цэнгэл, жаргал хөөхийн нэр биш. Ажил хийх, аливааг бүтээх, шинийг нээх гэдэг нь хүний амьд яваагийн утга учир юм. Гэхдээ зөвхөн үеийнхэн бус ахмадуудаас ч их зүйлийг сурч мэдэх боломжтой шүү дээ. Биологийн утгаараа, нас бол хүний амьдарсан хугацааны тоо болохоос биш, хөгшин залуугийн хэмжүүр гэж би боддоггүй. Залуу хэрнээ оюун ухаан, санаагаараа өтөлчихсөн, үхчихсэн хүмүүсийн дэргэд 70, 80 хүрчихсэн хэрнээ сэтгэх, бодох, эрэх хайх, сэтгэхүйгээрээ ямар ч залуу хүнээс илүү хүн байдаг шүү дээ.

- Нэлээд хэдэн жилийн өмнө та УИХ-д нэрээ дэвшүүлж байсан. Улстөрч болчихвол хэрхэх нь сонин байна л даа?
- 1996 оны УИХ-ын сонгуульд намаас өгсөн үүргийн дагуу нэр дэвшсэн минь үнэн. Гэхдээ одоо эргээд санахад, УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй нь зөв ч болсон. Би улстөрч болохын төлөө тэгж их их зүтгээгүй. Харин урлаг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Монголын драмын театрыг хөгжүүлэхэд оруулах миний хувь нэмэр УИХ-д сууж хууль батлахаас ч илүү байсан. Тэгээд ч би өөрийгөө сонгуульд ялагдаагүй гэж боддог. Ялагдаж сурна гэдэг ялж сурахын нэр. Одоо дахин улс төрийн ажилтай зууралдахгүй ээ. Өөрт байгаа хамаг цаг заваа урлагт зориулж явна.

- Авьяас чадвар, гоо үзэсгэлэнтэй жүжигчин эмэгтэйн хувийн соёлыг сонирхох хүн цөөнгүй байгаа байх. Гоо сайхан, стиль имижээ хэр зэрэг анхаардаг вэ?
- Сэтгэл, сэтгэхүйн гоо сайхан хүнийг залуу, сайхан харагдуулж, чимдэг болов уу. Би гоо сайхандаа их мөнгө зарж, толины өмнө суудаггүй. Бусдын адил нүүрээ арчилж, тэжээлийн тос хэрэглэдэг. Гоо сайхны хагалгаа, будаг шунх ашиглаад ч сэтгэл нь “хиртэй” бол тэр хүн яаж өөдтэй харагдах билээ. Хүн гадна талдаа хичнээн сайхан будчихсан, цэцэг хуар шиг байлаа гээд дотроо юу ч үгүй цаасан цэцэгтэй адил бол ямар ч хэрэгцээгүй шүү дээ. Гаднах сайхан өнгө нь дотроосоо цэнэглэгдэж, үзэмж нэмж байх ёстой. Хэрвээ дотроо муухай байвал гаднах сайхан өнгө үзэмж нь аяндаа өөрөө өнгөгүй, үхмэл болно. Хүний дотоод энерги их чухал шүү дээ. Тэр энерги нь эерэг байж гэмээнэ, хүнийг их сайхан харагдуулдаг гэж би боддог. Урлагийн хүн учраас үс, зүсээ сайхан байлгах хэрэгтэй. Миний хувьд, гоо сайхан болон үсний хэв маягтаа өөрийнхөө хэмжээнд анхаардаг. Салонд тухалж, үсчин рүү явах зав бараг гардаггүй гэх үү дээ.

- Сүүлийн үед амьдралын ихэнх ачааг эмэгтэйчүүд үүрч байна гэлцэх болсон. Та энэ талаар юу гэж боддог вэ?
- Тийм ээ, үнэн. Эмэгтэй хүн ухаалаг, өрөвч нинжин сэтгэлээрээ маш олон жижиг асуудлыг шийдэж чаддаг. Амьдралын хэцүү бэрх цаг үед эрчүүд маань түшиг тулгуур, ноён нуруу нь болж яваасай гэж хүсдэг юм. Нэг нэгэндээ итгэлтэй, найдвартай хань, түшиг тулгуур нь байж чадвал амьдрал сайхан болно шүү дээ. Намайг залуу байхад эмэгтэй хүн өөрийн хүч, оюун ухаанаар байр сууриа олж чадах ёстой гэж үздэг байсан. Харин нас ахиад ирэхээр эрэгтэй хүний туслалцаа, дэмжлэг, түшиг тулгуур, ноён нуруу, алсын хараа их хэрэгтэй байдаг юм байна гэдгийг ойлгосон. Бидний залуу үе, энэ цаг үеэс эрс тэс ялгаатай. Өөрөөр хэлбэл бүх хүн тэгш хувь хүртдэг, ахуй нөхцөл нь тийм л хэм хэмжээнд байлаа. Харин тухайн цаг үед эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд зорилт дэвшүүлж, тэдний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд тусгайлан авч үзэж, бодлого боловсруулан үүнийхээ дагуу олон ажил хэрэгжүүлдэг байсан. Өнөөгийн монгол эмэгтэйн мэдлэг боловсролын төвшин дэлхийн бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулан үзэхэд огтхон ч доогуур орохгүй. Мэдлэг, чадвар, ажил, уран бүтээлээрээ улс орондоо төдийгүй дэлхийд танигдсан монгол эмэгтэйчүүдээр бид бахархах ёстой. Эртнээс монгол бүсгүйчүүд нийгэм, гэр бүлдээ онцгой байр суурь эзэлж, хариуцлагатай үүрэг хүлээж, оролцож ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын түүхэнд монгол бүсгүйчүүд, эхчүүд, хатдын гүйцэтгэсэн үүрэг өндөр байр суурь эзэлдэг. Төрийн өндөрлөгт гарсан, төрийн түшээд болсон эмэгтэй хүн, эрчүүд шиг тийм олон тоогоор гарч байгаагүй ч гэсэн, үе үеийн Монгол төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байсан үүрэг их. Тийм ч учраас монгол эх, эмэгтэйчүүдийн улс орныхоо төлөө онцгой гавьяатай үйлсийг монголчууд марталгүй үеэс үед хадгалж ирсэн түүхтэй. Харин орчин үеийн монголчуудын хувьд эмэгтэйчүүдээ үнэлэх үнэлэмж, тэднийгээ хайрлах халамжлах, эрхээ эдлэх боломжоор хангах асуудалд дэвшилттэй зүйл ч байгаа, ухарсан нь ч бий. Өнөөдөр эрхээ эдэлж чадахгүй доройтож ядуурсан нүд хальтрам бүсгүйчүүд бий болсон нь харамсалтай. Тухайлбал, траншейныхан, архинд донтсон гээд эрх зөрчигдсөн эмэгтэйчүүд байна. Үүний зэрэгцээ үнэхээр биширмээр, бахархмаар эмэгтэйчүүд ч бас олон бий.

- Тэгвэл та энэ асуудалд анхаарал тавьж, “Саран ээж” нийгэмлэгт ажилладаг болсон хэрэг үү?
- Тэгж ойлгож болно. “Саран ээж” нийгэмлэгт би сонгуульт ажилтай. Монголын түүхэнд гавьяатай эхчүүд, эмэгтэйчүүд, хатдыг сурталчлан таниулахын сацуу өнөөгийн нийгэмд амжилт гаргаж буй ажил хэрэгч, бизнесмэн бүсгүйчүүд болон хийж бүтээсэн ажил, уран бүтээл, эрдэм чадлаараа үлгэр дууриал болж яваа охид, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр, бүтээлийг олон түмэнд хүргэдэг. Үүнээс гадна би “Эх үрс-Энэрэлт хөдөлгөөн” гэж ТББ-д ажилладаг. Бид өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу гэр бүлийн гишүүдэд мэргэжил олгох, нийгмийн асуудлаа болон амьжиргаагаа дээшлүүлэхэд туслах зорилготой юм. Эмэгтэй хүн ухаан богино, хүч чадал муутай гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Эрэгтэйчүүдтэй яг ижил эрхтэй, үүрэгтэй, хүчтэй, чадалтай. Зарим талаар эрчүүдээс ухаанаар, хүч чадлаар дутуу байж болох ч өвчин даах, зовлонг давж гарахдаа тэсвэр, тэвчээрийн хувьд хавьгүй илүү. Бүр зарим талаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ноён нуруутай. Яагаад гэвэл, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд эр хүнээс дутахгүй өрх гэрээ авч явна. Хүүхдээ улс орондоо тустай, хариуцлагатай, чадвартай үлгэр жишээ иргэн болгон хүмүүжүүлж, гэр орноо өөд татаад явж байгаа олон эмэгтэй бий.

- Амьдрал танд олон зүйлийг өгсөн нь мэдээж. Тэр бүхэн ч бас арвин туршлага болдог байх?
- Хүлээлт, тэвчээр гэдэг зүйл жаргал зовлон ээлжилдэг хүмүүний хорвоод ямар чухал болохыг мэдэрсэн. Хүнд сөхрөх, бууж өгөх үе байдаг. Гэхдээ аль болохоор хүний сэтгэлийг зовоосон, сөхрүүлсэн зүйл хүнд ховор тохиолдоосой гэж боддог. Миний хувьд “Үүнээс хэцүү үе надад ирэх ч юм билүү, тэвчих хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулдаг. Надад тохиолдож буй зовлонгоос хэцүү зүйлийг хүн энэ ертөнцөд туулж гарсан л байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдохыг таашгүй. Тэр болгонд хүн сайтар бодож, зовлон дундаас ухаарлыг авч гарах нь чухал юм болов уу.

- Өнгө мөнгийг шүтэх шахсан хүмүүс цөөнгүй байхад хөгжил дэвшлийн тухай яриад ч нэмэргүй гэлцэх юм?
- Мөнгө, алдар хүнд, албан тушаалын төлөө зорих нь утгагүй зүйл. Хүний ур чадвар, мэдлэг, дотоод сэтгэл ариухан, арвин байвал энэ бүгд юу ч биш. Ийм цаг зуурын зүйлээр өөрийгөө хуурч байснаас хичээл зүтгэлээ сайжруулж, хөдөлмөрийг урьтал болгох хэрэгтэй. Чөлөөт цагаа хүртэл үр дүнтэй, өөрт хэрэгтэй байдлаар өнгөрүүлж сурах нь чухал. Би залуу байхдаа юм оёж нэхдэг, нарийн боов, ундаа хийх дуртай байлаа. Сүүлийн үед шинээр гарч байгаа ном зохиолыг сонирхож худалдаж авч унших дуртай болсон. Энэ мэтээр өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж явна. Харин шашин шүтлэгийн тал дээр тааруу. Яахав, сэтгэлдээ сүсэглэдэг бурхан бий. Зав гарвал Гандантэгчилэн хийдээр орж бурханд мөргөж залбирдаг юм.

- Театрт ажиллаж эхэлсэн үе, тайзан дээр бүтээсэн анхны дүрээ эргээд санахад сайхан байдаг байх даа?
- Тэгэлгүй яахав. Би 1970-1973 оны хооронд Кино үйлдвэрт, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл Драмын театрт ажиллаж байна. Кино үйлдвэрт анх ирэхэд манай ахмад үеийнхэн болох Бадамгараваа, Цэнд-Аюуш, Дамчаа, Осор гуай байсан. Кино үйлдвэрээс театрт 1973 оны эхээр ирэхэд Долгорсүрэн, Т.Хандсүрэн, Лха.Долгор, Цэвээнжав гуай байсан. Одоо эргээд бодоход би ямар онцгой хувь заяатай, ямар том азтай хувь тавиланд төрсөн хүн бэ гэдгээ ойлгож байна. Энэ бол миний ээж, аавын хишиг буян юм. Дамиран гуай Хүүхдийн театрт “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжигт тоглуулж байсан. Дараа нь Э.Оюун, Ц.Доржпалам гуай нар намайг театрт анх авчирч байлаа. Маамхүү найруулагчийн найруулсан “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисад тоглуулсан. Энэ жүжигт анх удаа тайзан дээр дуулж үзсэн дээ. Анхны жүжигт Г.Гомбосүрэн, Д.Цэрэндулам, Ц.Гантөмөр, 3.Шагдаржав, Т.Латиф, Д.Норолхоо гээд алтан үеийнхэн хамт тоглож билээ. Г.Гомбосүрэн, Д.Цэрэндулам гуай нар надад үнэхээр түшиг тулгуур болж, алхах гишгих бүрийг минь зааж өгдөг байсан юм. Ахмадуудынхаа гараар нухлагдаж, боловсруулагдаж тэдний ивээл, хатуу шалгуур, шаардлага дунд өсч хүмүүжин өдий зэрэгтэй болсон гэж бахархаж, шүтэж, биширч, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй явахсан гэж бодож ирсэн. Би өөрөө ахмадуудын алган дээр өсч өндийсөн болохоор залуучуудаа дэмжиж, тэдэнд хүч тэнхээ, итгэл найдвар өгөх юмсан гэж хичээдэг. Урлаг, спорт бол үзэгч дэмжигчдийн өмнөх өрсөлдөөн. Энэ өрсөлдөөнд хүн чанараа алдахгүй, ноён нуруутай явна гэдэг тэвчээр ухаан шаардах зүйл.

Р.МӨНГӨН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Сувдаа ярилцлагаас авах юм бараг байдаггүй дээ.
IP:103.26.192.43  2018-04-03 11:55:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.