Э.Цасчихэр: Доромжлол гүтгэлэгт улам ирлэгдэж увсчуудынхаа төлөө зүтгэх урам зориг минь бадардаг

2012/01/07
Share |
Хүмүүс:
Э.Цасчихэр: Доромжлол гүтгэлэгт улам ирлэгдэж увсчуудынхаа төлөө зүтгэх урам зориг минь бадардаг
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэртэй ярилцлаа. Тэрээр авто зам, барилгын инженер мэргэжилтэй бөгөөд аймгийн орлогч дарга, МАН- ын хорооны дарга, Засаг даргын зөвлөх зэрэг ажлуудыг хийж байгаад 2008 оноос аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Засаг даргаар томилогдсоноос хойшхи хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар түүнтэй ярилцлаа.
 
- Аймгийн Засаг даргаар томилогдоод ажлаа юунаас эхлэв. Энэ талаар яриагаа эхлэх үү?
- Намайг Засаг даргаар сонгогдох үед аймаг маань эдийн засгийн хувьд бие даах чадвар маш сул байсан. Аймгийн хэмжээнд татвар, гаалийн орлого өчүүхэн бага, улсаас авч байгаа татаасын хэмжээ асар их, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил тэр чигээрээ улсаас татаас авч хийдэг байсан. Үүнд дүн шинжилгээ хийсэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ямар ажилд чиглүүлэх, бидний хийх гол ажил хаана байгааг тодруулах зорилгоор олон түмний дунд ярилцлага явуулж, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс санал, зөвлөгөө авсан. Олон талаас нь судалж үзээд гол нь эдийн засаг, санхүүгийн бүтцээ өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Аймгийн ДНБ-ий 70 гаруй хувийг зөвхөн мал аж ахуйн салбараас үйлдвэрлэдэг, мал аж ахуйн аймаг гэж хэлж болохоор байсан. Ганцхан мал аж ахуйд тулгуурласан эдийн засаг хол явахгүй, олон тулгуурт эдийн засагтай болох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас нэгдүгээрт, мал аж ахуйгаа түшиглээд уламжлалт газар тариалан эрхлэх асуудлыг эн тэргүүнд тавьсан. 2010 оныг бид Увс аймагт газар тариаланг сэргээн хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих жил болгон зарлаж, аймгийн ИТХ-д санал болгон оруулж дэмжүүлж байсан юм. Үүний үр дүнд Баруунтуруун сумыг загвар газар тариалангийн сум болгох, 1,3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах, мөн 500 сая төгрөгийн зээлээр “Увс хүнс" ХК-ийг түшиглэн чацаргана боловсруулах үйлдвэр байгуулах, бусад үр тарианы аж ахуйнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг олон асуудлыг иж бүрнээр нь тусгаж шийдвэрлэсэн. Ингэснээр манай аймгийн ДНБ-ий нэг хэсгийг газар тариалангийн салбараас үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, аймаг орон нутаг экологийн цэвэр хүнсээр өөрийгөө хангах зорилтоо эхнээс нь биелүүлж, тодорхой үр дүнд хүрч эхэллээ.
 
Увс аймаг ойрын 20 жил аваагүй өндөр ургацыг авч чадсан. Нэг ийм том салбарыг тухайн үед олж харж байсан. Цаашид Баруунтуруун, Зүүнтурууны чиглэлд газар тариаланг хөгжүүлэхэд түлхүү анхаарч чадсанаар ойрын ирээдүйд Баруун хязгаар нутгийг гурил будаагаар бүрэн хангах боломж харагдаж байна. Энэ талаар бодож төлөвлөсөн тооцсон зүйл надад нэлээд байгаа.
 
Хоёрдугаарт, хүссэн ч эс хүссэн ч уул уурхайн салбарыг хөгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайд Солонгосын ‘Корэйн Коал" компани 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хэт ирээдүй нь нүүрсийг коксжуулах, нүүрснээс өөр бусад бүтээгдэхүүн гаргаж авах, нүүрсийг экспортлох асуудал юм. Тус үйлдвэрийг түшиглээд эрчим хүчний үйлдвэр баригдах асуудал яригдаж байгаа. Хэрвээ бид ингэж чадах юм бол Асгатыг, баруун бүсийг ч эрчим хүчээр хангах боломж бий. Эрчим хүчний дотоодын эх үүсвэртэй болчих юм бол аймгийн ДНБ-нд аж үйлдвэрийн салбараас эзлэх хувийн жин бодитойгоор нэмэгдэх болно. Магадгүй улсаас татаас авдаг биш эргэж татвар төлдөг хэлбэр рүү орохыг ч үгүйсгэхгүй. Мөн “Монголросцвөтмет" нэгдэл сүүлийн 3 жил хайгуул хийсний дүнд нэлээд нөөцтэй алт өнгөт металын үндсэн орд илрүүлсэн. Энэ ордыг ашиглавап аймгийн хөгжилд бодитой хувь нэмэр болох ёстой. Хяргас, Цагаанхайрхан сумын заагт Хуц Барзангийн ууланд төмрийн ордын баялаг нөөц илэрсэн. Эрчимтэй хайгуул хийгдэж байгаа. Хайгуулын үр дүнд 150 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гарсан. Энэ ордуудыг түшиглээд Увс аймгийн хөгжил, эдийн засгийн бүтцэд их өөрчлөлт орно гэж үздэг.
 
Гуравдугаарт, төв рүү чиглэх нүүдэл ихсэж, хязгаар нутаг эзгүйдэж байгаа нөхцөл байдлыг судлаад хүний хөгжилдөө онцгой анхаарах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Энэ хэрэгцээ шаардлагын үндсэн дээр “Увс хүний хөгжлийн хөтөч загвар" хөтөлбөрийг Увс нутгаас төрж гарсан оюунлаг хүмүүсийн судалгаа дэмжлэгтэйгээр сүүлийн 2 жилийн хугацаанд боловсруулан 2010 онд аймгийн ИТХ-аар батлууллаа. Хүний хөгжлийн хөтөлбөрөө баталсан анхны аймаг болсон.
 
Дөрөвдүгээрт, Увс аймагт дээр дурдсан мал аж ахуй, газар тариалан, уул уурхайгаас гадна үүнтэй дүйцэхүйц 4 дэх тулгуур салбар нь “Аялал жуулчлал” байх ёстой гэж бодсон. Энэ нь Увс нутгийнхаа онгон дагшин үзэсгэлэнт байгалиа шүтсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого хөтөлбөртэй ажиллах нь ирээдүйн хөгжлийн зайлшгүй нэг гарц баруун бүс нутгийн эдийн засгийн тулгуур гол чухал салбар мөн гэж үзсэн. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газарт мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийн талаар илтгэл тавьж бидний хийсэн ажлыг үнэлж дүгнээд Увс аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлээр загвар аймаг болгохоор Засгийн газрын 319-р тогтоол гарсанд их баяртай байна. Энэ шийдвэрийг Увсчууд туйлаас талархалтай хүлээж авсан шүү. Одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон ажил хийнэ гэсэн бодолтой байна. Аймгийн ИТХ-аар Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр баталлаа. Энэ ажил цаашид амжилттай явна. Хөгжих бүхий л боломж нээгдсэн гэж харж байгаа. Увс аймаг дэлхийн байгалийн өвд орсон Монгол орны цорын ганц нутаг, Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалыг нэг гол салбараа болгож хөгжүүлнэ. Цаашид Увс нуур, Хархираа. Хэцүү хад, Хар тэрмисийн амралт, Олон нуур гэсэн аялал жуулчлалын гол бүсүүдээ гэрэл цахилгаан, зам харгуйтай болгох асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.
Эдгээр үндсэн 4 зүйлд анхаарлаа хандуулж ажиллахаар зорьсон. Мэдээж хэрэг үндсэн тулгуур салбар болох мал аж ахуйн салбараа орхихгүй улам чанаржуулах, сайжруулах, гол салбар хэвээр нь ойрын үед авч явна.Цаашид энэ салбартай дүйцэхүйц хэмжээний салбарыг хөгжүүлэх ёстой гэж төлөвлөж явдаг. Үүний зэрэгцээ төрөлх Улаангом хотоо хөгжүүлэх, ая тухтай орчин бүрдүүлэх, соёлч, зөв боловсон залуу үеийг төлөвшүүлэх зорилгоор “Шинэ Улаангом” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Энэ ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж Улаангом хот маань өнгө төрхөө өөрчилж чадсан. Дэд бүтцийг тэлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Дулаан хангамжийн болон цэвэр усны 2 дахь эх үүсвэрийн хөрөнгийн асуудлууд үндсэндээ шийдэгдсэн. Цагг 100 хүн хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн нисэх онцгоны буудал ашиглалтад орлоо. Хяргас нуур, Үзүүрийн булгийн чиглэлд 100 км хатуу хучилттай зам барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Энэ онд ашиглалтанд орно. Зохион байгуулж бүтээн босгох ажлын үр дүнд аймаг орны өнгө төрх сайжирч амьжиргааны төвшинд ахиц дэвшил гарч сүүлийн жилүүдэд төв рүү чиглэсэн нүүдэл эрс буурч, харин эргээд Увс нутагруугаа нүүх нүүдэл эхэлсэн шүү. Энэ дашрамд Увсчуудадаа төрөлх нутагтаа ирж сайхан амьдрахыг уриалъя.
 
- Аливаа ажил санасны зоргоор бүтдэггүй. Дээрх ажлуудыг бодит ажил хэрэг болгоход гол хөдөлгөгч хүч нь юу байсан гэж та үздэг вэ?
- Хөдөлгөгч гол хүч бол манай хамт олон, бүтээлч иргэд ард түмэн. Аз болоход ард түмэн маань МАН-аас нэр дэвшсэн 3 гишүүнийг сонгож, орон нутгийн 31 суудлаас 20 суудлыг авах боломжийг олгосон. Тогтвортой санал өгсний үр дүнд капитал бий болсон гэж боддог. Капитал гэхээр мөнгө гэж ойлгож болохгүй. Ц.Нямдорж сайдыг 5 удаа УИХ-д илгээлээ, 4 удаа Увсын ард түмэн, нутгийн тойргоос сонгосон, 3 удаа Засгийн газрын гишүүнээр сонгогдож ажилласан, УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан. Мөнгөөр үнэлшгүй том капитал. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЭБЭХ-ний сайд гээд голлох салбаруудад ажиллаж байсан, одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.Энэ хүнд үнэхээр их боломж, нөөц ирээдүй байгаа. Б.Чойжилсүрэн гишүүн бол бүтээн байгуулагч, инженер хүн. Аливаа зүйлийг бүтээн байгуулагч, инженерийн талаас нь хардаг. Ам нь биш гар нь хөдөлж ажиллаж байсан хүч. Энэ бүхний үр дүнд орон нутаг руу хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн. Үүнийг дагаад ажиллах урам зориг, эрч хүч давхар ирдэг. Бас орон нутгийн бүтээлч хүмүүс, төрийн ажлын дадлага туршлагатай хүмүүсийн ач буян их байгаа. Бие биеэ ойлгож, хамтын шийдвэр гаргах чадвар, хамтын ажиллагаа бидэнд байдаг. Энэ хөдөлгөгч хүчээ цаашид алдахгүй юмсан гэж бодож явдаг. Хариуцлагатай, ажлын дадлага туршлагатай хүмүүстэйгээ хамтран ажиллаж, ахин дахин сонгох нь аймаг орон нутгийн хөгжилд бодитой хөдөлгөгч хүч болдог юм байна гэдгийг амьдрал харуулж байна.
 
-Увс аймагт бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн амьжиргаа мэдэгдэхүйц сайжирч байгааг Увсчууд өөрсдөө ярьж байна. Гэтэл дарга нар нь авилгыг цэцэглүүлж байгаа талаар төвийн томоохон хэвлэлд гарч байсан. Бүр Э.Цасчихэр гэдэг нэр хэд хэдэн удаа цоллогдлоо. Тухайлбал Увс аймагт баригдах хоёр ч том гүүр, төрийн албан хаагчдын орон сууцны тендерийн мөнгийг таныг завшсан гэж харддаг бололтой юм билээ. Та үүнд эмзэглэдэг үү. Яагаад чимээгүй байдаг юм бэ?
-Улс төржилт л гэж хэлэхээс өөр арга байхгүй. Би Засаг дарга болох үедээ над руу иймэрхүү гүтгэсэн доромжилсон юм ирнэ гэдгийг тооцоолж л байсан, тийм учраас санаа зовоод байх юм алга. Би ямар идээд уучихсан биш. Барьсан хийсэн юм нь байна. Бүх юм тодорхой. Гүтгэлгийн шинжтэй ийм зүйлийг шалгуулаад нэг талд нь гаргах нь зүйтэй гэж боддог. Тэгээд шалгуулсан. Сонин телевизэд тухайн үед хариуг нь өгч байсан. Авлигатай тэмцэх газар намайг энэ чиглэлээр олон удаа шалгасан даа. Прокурор, Авилгатай тэмцэх газраас шалгаад холбогдолгүй гэдгийг тогтоочихсон шүү дээ. Энэ хүнтэй холбоотой ямар нэгэн юм алга аа гэсэн шийдвэр хүртэл надад ирсэн. Намайг янз бүрээр л хэлдэг юм. Огт хамаагүй юмыг ч надад нялзаадаг. Энэ хүн хамаатай байж магадгүй гэж хардаад ч нялзаадаг юм. Иймэрхүү гүтгэлэг доромжлолыг ганц би ч сонсч байгаа юм биш, аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд ч сонсч байгаа. Бусад аймгийн хувьд ч ижил. Нэг хэсэг нь ажил хийх гэж зүтгэдэг. Нөгөө хэсэг нь шүүмжилдэг, ул шагайдаг, янз бүрийн юм ярьдаг, бичдэг, доромжилдог. Ард түмэн ч иймэрхүү юмыг ялгаж салгаж ойлгох болсон доо. Үүнд би эмзэглэдэггүй. Харин ард түмэн Увсчууддаа, хамт олондоо итгэж, ирлэгдэж аймаг орныхоо төлөө гэсэн чин сэтгэл зориг минь бадарч явдаг даа.
 
Одоо чинь асуудалд бодитой хандахаасаа илүү өө сэв хайх, хий хардаж сэрдэх хүнийг гутаан доромжлох талаараа зарим хүмүүс мэргэшиж ч байх шиг. Намайг элдэв сонин хэвлэл интернэтээр гүтгэж байх нь зарим хүний хобби ч байдаг байж магадгүй. Тэдгээр хүмүүс өөрсдийгөө хэн болохоо харуулж л байгаа. Нэг их хол явахгүй биз ээ. Харамсалтай нь би чинь эцэг эхгүй хүн, үр хүүхэд хань ижилтэй хүн шүү дээ. Тэдэнд маань л сэтгэл санааны их дарамт болж байж магадгүй.
 
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
florida kiteboarding ”Just saying thanks will not just be sufficient, for the tremendous lucidity in your writing. I will right away grab your rss feed to stay abreast of any updates.”
IP:68.71.54.106  2015-11-17 20:56:01
e-Portfolio ”You completed a few nice points there. I did a search on the topic and found nearly all folks will consent with your blog.”
IP:192.154.137.62  2016-01-26 04:42:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.