МАН-ынхан өнөөдөр ”Болор цом”-ыг, маргааш уран зохиолын толгойг залгих нь

2012/01/11
Share |
Хүмүүс:
МАН-ынхан өнөөдөр ”Болор цом”-ыг, маргааш уран зохиолын толгойг залгих нь

Юуны өмнө нийгмийг тэргүүлэгч уран зохиол түүний доторхи урлаг урлагийн дээд яруу найргийг өнгө мөнгөнд, улс төрд хутгахыг үзсэн азгүй буурал найрагчдын өмнөөс хүлцэл өчиж байна. Та нар үнэхээр ийм зүйл үзэх үйлтэй толгой нар аж. Нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж, Нямбуугийн Нямдорж, Данзангийн Нямсүрэн нар ийм булай зүйл үзэлгүй тэнгэр болсон азтай улс юм аа. Анх 1983 онд Д.Пүрэвдорж агсан санаачилж, “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ “Болор цом” хүртэж байснаас хойш үзэгч сонсогч олны таашаалд нийцсэн наадам уран зохиолын хүрээнд энэ л байв. Наяад оны сүүлч, ерээд оны эхэн үе буюу Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Б.Доржпалам, Ц.Чимэддорж нарын авч байсан “Болор цом” -ыг сана. Ерээд оны сүүлч, 2000-аад эх рүү ороод ирэхээр А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нарын авсан цомыг сана.

Ингээд л болно. Эднээс хойш Монголын уран зохиол унасан гэж хэлэхгүй, харин “Болор цом” наадам уналаа, улстөрчдийн захиалгад орж, мөнгөтэй нэгний халаасанд явдаг наадам болжээ. Анх 2008 онд ГОК-ийн Ч.Ганзориг Эрдэнэтэд аваачиж зохион байгуулснаас хойш мөнгөтэй хүн “Болор цом”-ыг захиалдаг болчихов. Ч.Ганзориг “Болор цом” наадмыг Эрдэнэт аваачиж зохион байгуулахдаа нутгийн бүсгүй Ш.Лхамноржмааг түрүүлгэв. Мөнгөтэй хүн цомоо захиалчихсан хойно яах билээ. Дараа нь Дарханд зохион байгуулж, Ц.Хулан МАН-ын нэрээр далайлгаж байгаад хоёр дахь удаагаа авч утгаа алдав. Энэ жил Архангай аймагт мөн л МАН-ынхан аваачиж зохион байгууллаа. Овооны наадам шиг л юм болж байна. Уг нь “Болор цом” наадмаар яруу найргийг дүгнэдэг, ойлгож хүлээж авдаг, хүндэлдэг тийм массын уур амьсгал нийгэмд бий болчихсон байлаа.

Ерээд оны хэмээх тодотголтой хэдэн шүлэгчид Монголын Зохиолчдын эвлэлийн толгойд заларсан цагаас хойш ийнхүү энэ наадмын нэрийг шороотой хутгачихлаа. Өнөөдрийн Зохиолчдын байгууллагын толгойд сууж байгаа нөхөд бүгд МАН-ынх байх жишээтэй.

Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав МАН-ын үнэнч нөхөр. Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг МАН-ын Бага хурлын гишүүн. Энэ үедээ нөлөөгөө алдаагүй Ц.Хулан МАН-ынх, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат МАН-ынх, үедээ нөлөөлөл үзүүлэх “модернист” Б.Галсансүх бол бүр МАН-ын бууны нохой гээд бүгд л энэ намын үнэнч зүтгэгчид. Хүн ямар намд гишүүн байх нь тийм ч чухал биш.

Хамгийн гол нь зохиолчдын байгууллагын толгойд нэг намынхан гараад суучихсан нь уран зохиолд халдварлаж эхэллээ. Өнөөдөр “Болор цом”-ын толгойг залгиж байгаа бол маргааш Монголын уран зохиолын толгойг залгина гэсэн үг. Бид их эмгэнэлтэй үеийг туулж байна. Монголын шинэ үеийн уран зохиол үүсч хөгжсөн цагаас хойш их л зовлон туулсан. Реалист хэмээх торны цаана хэчнээн сайхан авьяас үгүйрснийг одоо тоолоход бэрх санагдана. “Нам танаа”, “Энхрий хайрт нам” гэсэн хашилтан дотор уран зохиол 70 жил тарчилж байв. Энэ хашилтнаас гарсныг нь шоронд хийж байв. Үхүүлж байв. Харин 1989 онд Монгол Улсад ардчилсан хувьсгал мандсанаас хойш уран зохиол реалист хэмээх торноос гарч, сая л нэг эрх чөлөө амьсгалж байв. Реалист гэдэг утга зохиол, урлагийн нэгэн ай сав мөн, манайд эсрэг утгаараа үйлчилж байсныг хэлсэн хэрэг шүү, ойлгоорой. Зарим банди нар эрх чөлөөгөө эдэлж, шилэн аяганд бэлгэ эрхтнээ хийсэн зургаа номынхоо хавтсан дээр тавиад хэвлүүлж байлаа.

Эрх чөлөөг дэндүү эдлэхийн хэрээр уран зохиол олон урсгал чиглэлд хуваагдаж, тэр хэрээр өсөн дэвжиж байв. 20 жил торноос гарсан шувуу шиг жиргэв. Харин өнөөдөр эргээд МАН хэмээх торны цаана аажим аажмаар орж эхэллээ. МАН Монголын уран зохиолоор дамжин нийгэмд халдварлах бодлого явуулж байна. Хамгийн ойр байгаа “Болор цом”-ыг худалдаж авах замаар уран зохиолыг гартаа хийх нь.

Харж байгаарай, мөдхөн “МАН танаа” гэсэн шүлэг бичээгүй бол чамд хэчнээн авьяас байлаа ч Төрийн шагнал авахгүй, бусад дагалдах шагнал, салбарын гээд алийг нь ч авахгүй. Хүссэн хүсээгүй тэр төмрөөр дамжиж амьдралд хүрдэг нь уран бүтээлчдийн жам хойно чи “МАН танаа” хаягтай өгүүллэг ч бичнэ, роман ч бичнэ. Чи нэгэнтээ байгалиас авч төрсөн авьяасыг харсаар байгаад амьдралдаа ашиглахгүй өнгөрнө гэж байхгүй биз дээ. Нийгэм ямар байгаа билээ. Чи “Болор цом”-д уншиж байгаа усан шүлгүүдийг сонсоод өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байгаа биз дээ. Чи “Болор цом” авч, ганц нэг үдэшлэгийн урилга заллага авч амьдралдаа нэмэр болмоор санагдаж байгаа биз дээ. Тэгэхээр МАН-ын гарт орчихсон “Болор цом”-д чи МАН-д хаягласан бүтээл уншиж байж л амжилт үзүүлнэ. Зөвхөн энэ жилийн түрүүлдэг Д.Болдхуягийн  “Монгол хэл” шүлгийг уншаад үзээрэй. Хэнд хэзээ зориулсан нь тодорхой. Тэр залуугийн буруу биш, цаг үеэ мэдэрч бууж өгч байгаагийн нэг илрэл тэр. Дэд байрт шалгарсан Ж.Мөнхбатын  “Төрд хэлэх үг” шүлгийг уншаад үзээрэй, хэнийг муулж, хэнийг магтаад байгаа нь тодорхой. Монголын уран зохиол ахиад л ийм эмэгнэлт зам руугаа явж эхэллээ. Төр иргэний чиглэлийн реалист шүүмжлэлийн хуучин зам руугаа эргэлт буцалтгүй орчихлоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Гашиш в НовопавР»Ð¾Ð²ÑÐºÐµ Шишки в БалашовРµ ЗмеиногР¾Ñ€ÑÐº купить Пыль Агрыз купить Шмыг АнгидриР´ уксусныР¹ цена Купить методон в Урене Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Спас-дем
IP:93.179.90.38  2018-05-09 15:37:06
me suba Ak1oAs The most effective and clear News and why it means lots.
IP:89.28.10.242  2018-12-21 06:14:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.