Л.Гүндалай `УЕП М.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн` гэж ҮХЦ-д ханджээ

2008/05/03
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай `УЕП М.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн` гэж ҮХЦ-д ханджээ

УЕП М.Алтанхуяг УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д дахин ирүүлсэн талаар бид өмнөх дугартаа нийтлэж байсан билээ. Түүний дагуу өчигдөр УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдав. Хуралд тус дэд хорооны дарга Д.Дэмбэрэл, гишүүн Д..Лүндээжанцан, Т.Очирхүү нар оролцсон бөгөөд бас нэг гишүүн болох Р.Гончигдорж гадаадад томилолттой яваа учир оролцож чадсангүй. Дэд хороонд УЕП М.Алтанхуяг өмнө нь мэдээлж байсан Л.Гүндалай гишүүнд холбогдох дөрвөн зүйл хэргийн талаар дахин танилцуулаад УИХ-ын гишүүн Л.Гүндалайн тайлбарыг сонссон. Тэрээр өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин орж ирж байгаа мэдмэгцээ УЕП М.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр ҮХЦ-д өргөдөл өгсөн гэдэг. Тэр тухайгаа гишүүн ч танилцуулсан. УЕП, Л.Гүндалай гишүүн нарын санал, танилцуулгыг сонсны дараа ХБДХ хаалттай зөвлөлдөж Л.Гүндалайн Үндсэн хуулийн цэцэд Улсын Ерөнхий Прокурор “М.Алтанхуягийг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн” гэж үзсэн өргөдлийг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн хуралдах шийдвэр гаргасан юм. Мөн энэ шийдвэрийг гаргахад дэд хорооны гишүүн Р.Гончигдоржийг хүлээх нөхцөл байдал ч нөлөөлсөн. Учир нь дэд хорооны өмнөх хуралдаанд Р.Гончигдорж гишүүн Л.Гүндалайг өмгөөлөх гол үүргийг гүйцэтгэж асуудлыг хэлэлцэхээ хойшлуулаад байсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай УЕП М.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн үйлдлийг улс төрчид хоёр янзаар тайлбарлаж байна. Эхнийх нь мань гишүүн өөрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавиад байгаа М.Алтанхуягтай өөр газар “тулж ажиллах” сонирхол агуулсан гэх аж. Харин нөгөөх нь цаг хожих арга гэнэ. ҮХЦ түүний өргөдлийг дор хаяж долоо хоногийн дараа хэлэлцэх байх. Тэр болтол “сүх далайтал үхэр амар” байх гэсэн тактик бололтой гэх хүн ч байна. Ийнхүү УИХ-ын гишүүн, Улсын ерөнхий прокурор хоёрын хэн дийлэх нь ҮХЦ-ийн хуралдаан дээр шийдэгдэнэ. Тэр болтол гишүүн дэд хорооны гишүүдээ ухуулах үүрэгтэй гэх “мессеж” ч ордноор нэг таржээ. Өчигдөрийн нэгдсэн чуулган дээр гэхэд л Л.Гүндалай гишүүн Халдашгүй байдлын дэд хорооны дарга Д.Дэмбэрэл дээр очиж бараг цаг гаруй аминчлан ярилцсан. Магадгүй өөрийгөө буруугүй гэх үндэслэлээ нэг бүрчлэн тайлбарласан байх.

Эх сурвалж: Топ мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.