Жадамба генералын хүүд зэвсэгт хүчнийхэн итгэл хүлээлгэж байна

2012/01/20
Share |
Хүмүүс:
Жадамба генералын хүүд зэвсэгт хүчнийхэн итгэл хүлээлгэж байна

“Үндэсний мэдээ” сонин МАН-ын Засгийн газарт шинээр нэр дэвшээд буй сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг цувралаар танилцуулж байна. Сайдуудыг Салхийг Батлан хамгаалахын сайдад сойгдож буй УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаяраар хагалъя.

Ж.Энхбаяр 1973 онд төрсөн. Говь-Алтай аймгийн уугуул. 2008 онд нэр дэвшигчид дундаас хамгийн өндөр саналаар нутгаасаа сонгогдож, энэ парламентын хамгийн залуу гишүүний нэгээр тодорсон. Шавилхан биетэй, шагхийсэн дуутай түүний үг парламентад ховорхон сонстох “зөв өнцөг” байдаг учраас ард түмэн “Шударга” гэх тодотголыг түүнд оноосон. Хэт намчирхдаггүй зан нь улс төрчдөөс оноо цуглуулдаг гэлцэх. 1991 онд цэргийн сургуульд элсэн орж, аавынхаа мэргэжлээр замнасан.

Ш.Жадамба генералыг монголчууд даяараа мэднэ. Шударга, хөдөлмөрч, зарчимч занг өндөр боловсролтой хослуулсан түүнийг батлан хамгаалахын салбарт хүн бүр хүрч чадахааргүй хүндлэл, байр суурийг эзэлж явсан гэдгийг зэвсэгт хүчнийхнээс болон нийгмийн бусад салбараас олонтаа сонсч байлаа. Цэргийн гурван сургуулийг алтан медальтай дүүргэж, 30 гаруйхан насандаа генерал цол хүртэж, 40 хүрээгүй байхдаа Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож байв. Ш.Жадамба генералын бэлтгэсэн боловсон хүчнүүдээс батлан хамгаалах салбарын түүхийг бичилцсэн олон генерал, хурандааг нэрлэж болно. Монгол Улсын баатар, Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаа генерал, Батлан хамгаалахын сайд асан Л.Моломжамц генерал, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Мягмар генералууд бол түүний “цэрэг”.

Дуудах нэрийг аав ээж, дуурсах нэрийг өөрөө гэж ардын зүйр үг бий. Энэ үгийг тодотгож өгсөн соц нийгмийн үеийн цөөхөн сэхээтний нэг нь Ш.Жадамба генерал гэдэгтэй маргах хүн гарахгүй байх аа. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд буй Ж.Энхбаярт намынх нь нөхдөөс илүүтэй сайн эцгийнх нь сэвтээж боломгүй өндөр нэр хүнд, төр ард түмнийхээ төлөө байгуулсан алдар гавьяа л дэндүү хүнд даалгаврыг түүнд өгч байна уу даа гэх бодол төрж байна. Түүнийг сайдад нэр дэвшүүлэх шийдвэрийг МАН-ын удирдах зөвлөлөөс гаргасан тэр өдөр ардын армийн үе үеийн хурандаа, генералууд төрийн ордныг “дайлаар мордсоноос” харахад Ж.Энхбаярт батлан хамгаалахын салбарынхан томоохон итгэл хүлээлгэж байгаа нь анзаарагдлаа. Ж.Энхбаярыг энэ салбарт “наалдуулж” ойлгох бас нэг шалтгаан нь 1991 онд цэргийн сургуульд мөр зэрэгцэн суралцаж байсан ангийн нөхөд нь Монголын зэвсэгт хүчинд өндөр албан тушаалд ажиллаж байгаатай холбон тайлбарлаж болно. Товчхондоо түүнд салбарын дэмжлэг, бас ч багийн тоглолт хийх боломж байна.

Төрийн ажил урт богинодоо биш, ухаалаг зоригтой шийдвэрээр, хамгийн гол нь үр дүнгээр хэмжигдэх биз. Жадамбын Энхбаяр хэмээх энэ залуу Монгол батлан хамгаалахын салбарыг толгойлох нь тодорхой боллоо. Залуу хүнийх нь хувьд, өнөөдрийг хүртэл элдэв хэл аманд өртөж яваагүйнх нь хувьд түүний талаар муу үг унагамааргүй байна. Хувийнх нь хөрөнгө, төрийн ажилд хандаж байгаа үзэл бодлоос нь харахад улсын төсөв рүү хуруу дүрчихгүй болов уу гэсэн найдлага тээж байна.

Яг үнэндээ, аль ч намын томилгооноос салбараа мэддэггүй хүн салбарын сайдаар томилогдож байна гэх шүүмжлэл сүүлийн гурван Засгийн газарт ёс юм шиг дагалдлаа. Ялангуяа батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт томилогдсон эрхмүүд эрүүний шөл уух нь их. Харин энэ удаад Ж.Энхбаярыг зэвсэгт хүчнийхэн ёслон хүлээж авлаа. Гэвч, сонгуулийн жилд тохиосон төсөрхөн хугацаанд юу хийж амжуулж чадахаас нь түүний алдаа, оноо дэнслэгдэх биз ээ.

Р.Зоригт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.