Хүмүүс: Зандаахүү Энхболд | |
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд засгийн газрыг зөв арга хэмжээ аваагүйгээсээ болж гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж баахан шүүмжилсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд гишүүн ч гэсэн ХХАА-н сайд Ц.Ганхуягийг ажил үүргээ биелүүлж чадаагүй, гурилын үнийг 550 төгрөгт барина гэсэн амлалтандаа хүрээгүй гэдэг шалтгаанаар огцруулах асуудлыг тавина гэж “дарамталсан”. Тэр зорилгодоо ч хүрэхээр “улайрч” өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад ХХАА-н сайд Ц.Ганхуягийг огцруулах тогтоолын төсөр өргөн барьсан юм.
Харин өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо тус асуудлыг хэлэлцүүлэхээр хурал зарласан боловч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсон юм. Байнгын хорооны хуралд огцрох асуудлаа шийдүүлэхээр ирээд байсан ХХАА-н сайд сэтгүүлчдэд нэгэн сонирхолтой мэдээлэл хийв. Тэр нь З.Энхболд гишүүн өөрөө гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гол буруутан гэсэн утгатай аж. Учир нь өнгөрсөн намар Засгийн газраас “Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай” УИХ-ын тогтоол гаргуулахаар төсөл өргөн барих үедээ гурил импортлогч компаниудад төрөөс татаас болгож 13.8 тэрбум төгрөг өгөх асуудал тавьсан байх бөгөөд түүнийг нь З.Энхболд гишүүний саналаар төсвийн байнгын хороо хасахыг дэмжсэн шийдвэр гаргасан аж. Төрөөс гурил импортлогч компаниудад олгох татаасыг өгөх юм бол гурилын үнрийг тогтвортой байлгах засгийн газрын бодлого З.Энхболд гишүүний саналаар унасан учир тэр буруутай гэж ХХАА-н сайд хэлж байна лээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар тэр өдөр хэлэлцсэн протколыг ч Ц.Ганхуяг сэтгүүлчдэд тараасан. Тэр протколыг бүрэн эхээр сийрүүлбэл “Монгол Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 21-ний өдөр (Баасан гараг)-ийн нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв. Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.
Ч.Улаан: - Төсвийн байнгын хороон дээр энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх анхны хэлэлцүүлэг хийх явцад 13..8 тегрөгийг хасах энэ асуудал нэлээн яригдсан юм. Энийг ярих явцад яах аргагүй импортын үнэ, дотоодын үнэ хоёрын хооронд зөрүү байгааг гишүүд анхааралдаа авсан. Цаашдаа энэ зөрүүг яахав гэдэг асуудлыг бас тал талаас нь олон арга хэлбэрээр ярьсан. Гэхдээ энэ дээр нэг л зүйлийг бид нар бас ойлголцох хэрэгтэй. Ер нь орж ирж байгаа гурилын үнийн өсөлтийг л хязгаарлах зорилго тавьж байгаа. Үнэхээр одоогийн байгаагаас нь ихээхэн буурна гэдэг зорилтыг бид тавибал их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахаар байгаа. Тэгэхээр байгаа хөрөнгийнхөө хэмжээнд орж ирж байгаа импортын барааны үнэ ханшийг аль болохоор бага нэмэгдүүлэх ийм л зорилго тавьж ярилцсан.
Н.Баяртсайхан: - Энэ тогтоолын хамгийн гол заалтыг хэлэлцүүлгийн явцад хасах тухай яригдаж байгаад бид хувьдаа бас эргэлзэж байна. Энэ юу вэ гэвэл гурилын үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор импортын бууудайны үнийг бууруулахад 13.8 тэрбум төгрөгийг зарцуулах гэсэн энэ заалтыг хасах тухай санал орж ирсэн байна. Энэ хэрэг дээрээ гурилын үнийг тогтворжуулах үүднээс олгож байсан тэр татаасын хөрөнгө мөнгийг нь хасах тухай асуудал яригдаж байгаа байхгүй юу. Ийм нөхцөлд гурилын үнийг тогтворжуулахад ихээхэн төвөгтэй байдал үүснэ. Энэнд би эргэлзэж байна. Тэр тусмаа хамгийн гол механизмыг нь бид өнөөдөр авч хаях тухай асуудал яригдаж байна шүү дээ. 13.8 тэрбум төгрегийг зарцуулах гэсэн энэ заалтыг хасна гэсэн заалтыг УИХ-ын гишүүн Занданшатар, Энхболд нар гаргаад Төсвийн байнгын хороо дэмжчихсэн байгаа юм л даа. Энэ асуудлыг бид бодолцож үзмээр байна.
Д.Лүндээжанцан:-Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол. Байнгын хороод дэмжсэн саналууд байна..
1.Гурилын үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор импортын буудайн үнийг бууруулахад 13.8 тэрбум төгрөгийг зарцуулах гэснийг тогтоолын төслөөс хасах гэсэн Занданшатар, З.Энхболд нарын гишүүдийн гаргасан санал байна. Төсвийн байнгын хороо дэмжсэн санал байна. Энэ саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулъя.
Санал хураалтанд 46 гишүүн оролцож, зөвшөөрсөн 30, татгалзсан 16, 65.2 хувийн саналаар уг санал дэмжигдэж байна” гэсэн байна. Тэгэхээр ХХАА-н сайд Ц.Ганхуяг төрийн байгуулалтын байнгын хороон дээр өөрийг нь огцруулах асуудла тавьсан З.Энхболд гишүүнтэй “үзэлцэхээр” төлөвлөж байсан тодорхой байна. Тэр ч үүднээсээ өчигдөр сэтгүүлчдэд “З.Энхболд гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гол буруутан” гэсэн мэдээлэл хийж байгаа аж.
Энэ хоёр эрхэмийн хэнийх нь зөв болохыг өнөөдөр болох төрийн байгуулалтын байнгын хорооны хурал, цаашлаад УИХ-ын нэгдсэн чуулган дээр шийднэ.
Засгийн газрын бодлогыг унагасан нь буруутай юу, Гурилын үнийг барьж чадна гэсэн амлалт өгсөн сайд буруутай юу гэдэг нь удахгүй шийдэгдэнэ.