Монгол Путин буюу Хүрэлсүхийн луужин

2012/01/25
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
Монгол Путин буюу Хүрэлсүхийн луужин

МАНАН сарниж, эдүгээ Монголын улс төрд тун сонирхолтой тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. Үүнийг хүсэн хүлээж байсан нэг хэсэг хүмүүс байхад ажил албандаа хоргодсон, бялуугаа дутуу хүртсэн АН-ын зарим нэгэн албан тушаалтнууд тун чиг дургүйхэн суудлаа тавьж өглөө. Хоёр намын салалтыг Монгол улсын Ерөнхийлөгч жам ёсоороо болж буй байдаг л нэг гэр бүлийн салалт шиг авч үзэв. Чингэхдээ тэрбээр Тэргүүн шадар сайд, дэд сайдуудын хоосон хоцорсон суудалд хоёрын хооронд, гурвын дунд хугацаа үлдсэн байхад илүү дутуу амбицтай нөхдөөр орыг нь залгуулах явдал учир утгагүй зүйл гэдгийг онцлон сануулсан. Гэвч Ерөнхий сайд түүний хэлсэн үгэнд орохыг хүссэнгүй. Хамгийн хачирхалтай нь, өөрийгөө ирээдүйн Монгол улсын Ерөнхий сайд, бүр цаашилбал Ерөнхийлөгч болно хэмээн дотроо битүүхэн мөрөөдөж явдаг Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин шиг цээж нүцгэн хар шил зүүчихсэн ангийн буу барин зургаа татуулсан нь олны хөх инээдийг хүргэж байна. Түүний ПИАР-чид эзнийгээ од болгох гээд онигоонд оруулсан нь энэ ажээ. Зөвхөн энэ зурагнаас жишээ аван үзэхэд тэрбээр хязгааргүй их эрх мэдлийн төлөө зүтгэж байгаа нэгэн гэдэг нь тодорхой байна. Намаа шинэчилж, шинэ үеийн цээж баячуудын хүүхдүүдээр өөрийгөө хүрээлүүлснээр ирээдүйд хол явна гэдгээ тэр “зуу” татах бүрийд улам илүү мэдрэх болсон гэнэ.

МАН-ын генсекийн албан тушаалд гурван жил гаруй тухлахдаа “Энэ намыг 2012 оны сонгуульд ялагдуулбал надтай хариуцлага тооцоорой” гэж омог бардам цээжээ дэлдэж байсан энэ нөхөр чухам юуны учир гэнэтхэн тавхан сарын настай Засгийн газрын Тэргүүн шадар сайдын албан тушаалд очихоор болж байгаа нь цаанаа нарийн учир жанцантай аж. Улс төрийн ажиглагчид үүнийг олон талаас нь үнэлж, дүгнэж байгаа ч энэ бүхэнд өгөх цорын ганц үнэн зөв хариулт бол нэгдүгээрт, тэр МАН-ыг 2012 оны сонгуульд ялахгүй бол хариуцлага хүлээж мэднэ гэдгээс бултаж байгаа явдал юм. Энэ нам ирэх сонгуульд ялахгүй бол У.Хүрэлсүхийн Монголын Путин болох ирээдүйн хүсэл мөрөөдөл талаар нэг болох нь тодорхой болжээ. Олон нийтийн дунд хийсэн судалгаа ч мөн үүнийг нотлон өгүүлж байна. Тиймээс тэр дотоод хүнтэйгээ ярилцаж, лам хараас асууж, өөрийгөө цаашид хэрхэн ямар замаар, аль зүгт явах вэ гэдгийг заалгаж гартаа луужингаа барьжээ. Харин түүний гар дахь тэрхүү луужин Made in China юу, эсвэл жинхэнэ ориг нь гэдгээс бүх юм шалтгаалахаар болов. “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэгээр өөрийгөө тодруулсан Хэнтий нутгийн хөвүүн өөрийгөө орчин цагийн Чингис хэмээн сэтгэж эрэлхэг зоригтой, шударга, эх оронч нэгний дүрийг эсгэж жүжиглэв. Тэглээ гээд тэр сайн жүжигчин болж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв. У.Хүрэлсүхийг генсекийн суудлаа орхиж буй явдлыг ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдэгтэй нь холбон тайлбарлаж байгаа хэдий ч Хэнтийд юм уу Улаанбаатарын аль нэг тойрогт тэр дэвшихгүй нь тодорхой. Яагаад гэвэл түүний зааж буй луужингийн заалт ялагдлын тийш заах авай. Тиймээс Сонгуулийн шинэчилсэн хуулийн дагуу намаас нэр дэвшигчдийн дотор өөрийнхөө нэрийг зоож ямар ч атугай үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болохоор (энэ нь тоглоомоос гадуур байснаас дээр) зүтгэх нь дамжиггүй. Харин түүний оронд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг томилно гэх яриа байгаа хэдий ч залуу кадар бас л эрхэм гишүүний сэнтийд очихоор сэрүүн зүүдэлж байгаа тул яв цав сонгуульд нэр дэвшихгүй нэр хүндтэй нэгнийг эл албан тушаал хүлээж байна. МАН-ын ирээдүйн дарга, Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн луужин зүг чигээ олоход нь түүнд үнэхээр туслах болов уу, эсвэл хорлох болов уу гэдгийг харах л үлдлээ.

А.Харанга wikimon

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.