Сонгуульдана гэж хөөрцөглөөд хартал

2012/02/03
Share |
Хүмүүс:
Сонгуульдана гэж хөөрцөглөөд хартал

Сонгуулийн жил гараад бүтэн нэг сарыг нь ардаа хийчихлээ. Эрхэм гишүүд хийгээд шат шатны Иргэдийн хуралд суудалтай нөхөд дөрвөн сар гаруйхны дараа болох сонгууль зүүдлээд хариугүй. УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсныг ч хэлэх үү.

“Зун жигдэрч, зургаан сарын сүүл болоход улаан лоозонгоор гоёж төрийн далбаа мандуулсан хэсгийн хороодод сонгогчид дугаарлан миний төлөө саналаа өгч байна” гэж унтаа сэрүүний хооронд аньсага, сормуусны завсраар хараад өндийтөл... шинэчилж батлаад сар хүрээгүй УИХ-ын сонгуулийн хууль, мартаж хоцорсон Орон нутгийн сонгуулийн хууль хоёр алд дэлэм зөрчихсөн байсныг төрийн түшээд сая олж мэджээ.

УИХ-ын эрхэм гишүүд “парламентын сонгуульд нэр дэвшигчид шинэ он гармагц бэлэг сэлт тараахгүй, дайллага цайллага хийхгүй, үнэ бүхий зүйлээр иргэдийн гар цайлгахгүй” гээд сүрхий хууль баталчихсан сууж байгаа. Бас “УИХ-д нэр дэвших санаатай юм бол төрийн албаа тушаа” гээд цөөнгүй хүнийг ажлаас нь гаргачихсан. Тэгсэн цаана чинь юу вэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвших эрхмүүд Орон нутгийн сонгуулийн хуулиа барьчихаад харин ч нэг төрийн унаа хөлөглөж, төрийн албаныхныг дайчилж, ойр хавийнхандаа цагаан сараар бэлэг сэлт тараана гээд хөөрхөн бэлтгэчихсэн сууж байгааг сэхээрчээ. Ингээд энэ сарын 10-нд өндөрлөх УИХ-ын намрын чуулганд амжуулж Орон нутгийн хуулиа шинэчлэн батлахаар  бажгадаж эхэллээ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр МАН-ын бага хурал гээд нэг өдөр нь даший шог.

Цаана нь бас өөр зүйл байна. УИХ-ын 76 суудалд Монгол Улсын улс төрийн 20 шахам намаас өлхөн 500-600 хүн нэр дэвшин тоосоо үзэх бол аймаг, нийслэл гээд орон нутгийн Иргэдийн Хурлын 7721 мандатад 20 гаруй мянган нэр дэвшигч өрсөлдөх бүдүүн тойм бий. Гэтэл СЕХ-ны будилж будилж АНУ-аас авах болсон санал тооллогын автомат машин УИХ-ын сонгууль явуулахад л хүрэлцэх хүчин чадалтай. Орон нутгийн сонгуулиа УИХ-ынхтай нэг өдөр хийж цаг, цаас, цалин хөлс, хүн, хүч хэмнэнэ гээд байсан чинь орон нутгийн сонгуулийн санал тооллогыг яаж хийхээ бас мартчихаж.

Ямар сонгогчдод дөрвөн саналын хуудас бариулчихаад хоёрыг нь машин руу, хоёрыг нь модон хайрцагт хийгээрэй гэлтэй биш. Тэгвэл ёстой будилахын цаагуур юм болно биз. Бас машинаар хураасан саналыг хянагч, модон хайрцагнаас асгасан хуудсыг тоологч гэж сонгуулийн хэсгийн ажилтнуудыг хоёр хуваалтай биш. Төсөвтөө тодотгол хийж хэдэн машин нэмж авах арга хайхгүй бол болохгүй нь .

За тэгээд УИХ-ын сонгуулиа мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор явуулна. Гэтэл Орон нутгийн сонгууль нь цэвэр мажоритар байж байгаа.

Сонгуульдана гэж хөөрцөглөж хөөрцөглөж хартал нэг өдөр зэрэг хийх хоёр сонгуулиас иймэрхүү зөрүү гараад эхэллээ. УИХ-ын гишүүд “Яасхийгээд миний бие энэ сонгуульд ялах вэ” гэсэн бодолдоо хэт автаж зөвхөн парламентын сонгуулийн хуулиа л бодсоор 48 хувийн саналын босго давчихвал суудалдаа эргээд суух нэг сайхан хууль баталж аваад санаа амартал дараагийн шатны Их Хурлуудынх нь сонгуулийн хууль нэг иймэрхүү байж байдаг.

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн бүр амарчлаад орон нутгийн сонгуулиа хуучин янзаар нь аравдугаар сардаа хийчихье дээ гэх маягтай. Гэвч үүнийг зөвшөөрмөөргүй байна. Аль 2007 онд “2012 онд хоёр сонгуулиа зэрэг хийнэ” гэчихээд, бас зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдрийг сонгуульд зориулж амралтын болгочихоод аравдугаар сард дахиад нэг өдрийг  үрэх үү. Парламентын гишүүд гаргасан шийдвэртээ үнэнч байж ирэх зургадугаар сард УИХ, Орон нутгийн сонгуулиа хамт явуулна гэдэг дээрээ л хатуу байцгаая. УИХ хууль тогтоохоос гадна гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьдаг байгууллага. Өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэг эрхэм гишүүдэд үлдлээ. Намрын чуулгандаа багтаагаад Орон нутгийн хуулиа сэлбэх ажилдаа шамдана гэдэгт найдъя.

Эх сурвалж: "Ардын Эрх" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.