Сайхансамбуу гишүүний тэнэглэл

2012/02/10
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Сайхансамбуу гишүүний тэнэглэл

“Нарантуул” захаар овоглодог, 2008 оны сонгуулиар Завхан нутгаас УИХ-д сонгогдсон Ш.Сайхансамбуугийн хачин

гэмээр үйлдлүүд байсхийгээд хөлийг нь доголгодог үзэгдэл тасрахгүй байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусах бололтой. Нэгэнтээ тэрбээр “Би авлигачидтай хамт сууж байна. Авлига өгч байсан хүмүүстэйгээ тохой залгаад сууж байна шүү дээ” гэсэн агуулгатай болчимгүй үг хэлээд нэг доголсон. Авлигатай тэмцэх газар бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг энэ үгээ тайлбарлахыг шаардаж, чухам хэнийг хэлсэн талаар асуухад ёстой л их нь ичиж бага нь уйлахын үлгэр давтагдсан даа. Хэлсэн үгэндээ орооцолдож бүдрэх шахсан Самбуу гишүүн уншаагүй билетээ сугалчихсан оюутан аятай хөлсөндөө нэвтрэх шахуу юм болж нэг юм салсан. Ард нь харин төрийн түшээгийн, нэгэн танхимд хамтран сууж байгаа ангийн нөхдийнх нь, түүнд итгэж найдаад сонгосон Завхан нутгийнхны нэр төр сүрхий бүдгэрсэнд тэр гэмшээгүй бололтой.

Гэмшээгүй ч юу байхав, ерөөсөө түүнд төр түшилцэх ноён нуруу, жудаг зарчим байхгүй юм байна даа гэхээр үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиов. Манай сонины сурвалжлагч С.БямбаОчир түүний Их хурлын танхимын үүдний гонхонд хэний ч санаанд оромгүй авирласан хачин дүр төрхийг хальсанд буулгасны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнөөхөн зургийг дамжуулан нийтэлцгээв. Энэ бол бусдын мууд дурлаж, сенсаац шуугиан хөөцөлдсөн хэрэг биш л дээ. Ардчилсан улс орны чөлөөт сэтгүүл зүйд байдаг л үзэгдэл.

Тэр зургийг авсан сэтгүүлч ч, бурууд нүд хурц байсан хэвлэлийнхэн ч буруугүй. Харин тийм “гайхамшигтай” дүр төрхөө илэрхийлсэн Самбуу гишүүн өөрөө түмэн буруутай. Гэсэн ч тэр буруугаа мэдэрсэнгүй. Ядаж ичиж, эмээсэнгүй. Монгол төрийн хойморт салаавч үзүүлээд зогсож байдаг гишүүнтэйдээ харин бид ичив. Түүний ичих булчирхайгүй, бурууд гэмших эр хүний нүнжиггүй нь журмын анд, нэг ширээний нөхөр Б.Бат-Эрдэнэ, дөрвөн жилийн өмнө Завханд сонгуулийн өдрүүдээр хөтлөлцөж явсан Д.Балдан-Очир хоёрыгоо “Миний зургийг сонинд өглөө” хэмээн гүжирдэж нэг үзэж, “Тэр хоёр дургүй хүргээд байхаар нь тэгсэн юм” гэж улайрч нэг үзсэнээр тайлбарлагдана.

Сүүлдээ “Өнөөдөр” сониныхон зориуд зохион байгуулалттайгаар ийм юм хийсэн болгож хувиргахыг оролдох бололтой. Мөнөөх нэг удаа доголсон хөл дахиад гишгэх тэнхэлгүй шахуу болчихоод байхад тэнзэн ташуураар ийн занчихын учир юусан бол? Монгол түмний хүндлэлийн хойморт бүтэн суудалтай Б.Бат-Эрдэнэ аварга, хүндээ хөнгөнөөс өгөөд байхааргүй төв түвшин Д.Балдан-Очир хоёр тийм ажил хийгээд явж байхг үй гэдгийг монголчууд мэднэ. Ийм явуургүй арга байндаа тусахгүй гэдгийг Самбуу гуай ч гэсэн тооцоолмоор юм аа. Монгол төрийн хоймор болсон Улсын Их Хурал хэмээх газар дураараа авирлаж болдог, ёс зүйгүйгээрээ гайхуулдаг газар уг нь бишсэн. Тэр зөвхөн өөрийнх өө хөлийг доголгосон биш, төрийн нэр нүүрийг хиртүүлснээ тогтож нэг анзаарасай билээ.

“ӨНӨӨДӨР” СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.