Хүмүүс: Баянмөнх Гантогтох | Н.Алтанхуяг | |
Саяхан АН-ын дарга Н.Алтанхуяг “Ардчилсан засаглал 1206” номынхоо нээлтийг хийж, хамтран зүтгэгчид нь цугларлаа. Харин тэнд байсан хүн бүхний анхаарлыг эрхгүй татсан зочид нь Дархан аварга Х.Баянмөнх, түүний хүү Б.Гантогтох болон хүргэн П.Сүхбат нар байлаа.
Мэдээж Н.Алтанхуяг даргатай нэг нутаг усны хүмүүс гэдгээрээ ойр дотно байх нь аргагүй биз. Гэсэн ч сонгууль ойртож буй энэ өдрүүдэд юм бүхэн улс төржих дуртай байгаа бололтой. Номын нээлтийн дундуур хэдэн хүн “Баянаа аварга хүүгээ улс төрд сойж спортоос хөндийрүүлсэн хүн дээ.
Одоо нэг нутгийнх бас дээр нь улс төрийн нэг том хүчний лидер гэдгээр нь Н.Алтанхуяг даргыг түшиж, нөмөр нөөлөгт нь багтах сонирхолтой явдаг байх нь” гэсэн яриаг нам дуугаар өрнүүллээ. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Гантогтох өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Мөн үндэсний бөхөөр барилдахаа болиод удаж байгааг бид мэднэ. Өнгөрсөн удаагийн Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаас дэмжлэг авч сонгогдож чадсан түүний улс төрийн гараа амжилттай яваа. Нэгэн цагт дээлийнхээ захыг мушгиулан байж үзүүр түрүү булаалддаг байсан гарьд Б.Гантогтох зодог шуудгаа нүдний шил, костюмаар сольж, ажил хэрэгч дүртэй улс төрд хөл тавихаар зэхэж байна.
Хайртай бөх, хүндтэй хүний хүүхэд гээд ард түмэн төр түшихийг зөвшөөрдөг цаг ард өнгөрсөн. Гарьд маань өөрийгөө хэрхэн бэлдэж аавын буянг хувааж, ард түмний хайрыг татах бол. Олны үг ортой гэгчээр өнгөрсөн зун Н.Алтанхуяг даргыг нутагтаа очих үед намын дарга, нутгийн дүүгийн хувиар хүүг минь түшиж тулж яваарай гэж Х.Баянмөнх аварга хүссэн гэж угийн нутаг нугаа тулах дуртай Увсынхан мэддэг. Н.Алтанхуяг даргын хувьд хүн чанар сайтай нэгэн гэгддэг юм билээ. Х.Баянаа аварга хүүгийнхээ ирээдүйг зөв хүнд даатгасан бололтой дог.