Ц.Элбэгдорж: Миний тэвчээр барагдаж байна

2012/02/18
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж: Миний тэвчээр барагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагдаа, Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль, хяналтын байгууллагын удирдлагууд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилт хөтөлбөрийн талаар танилцуулав. Танилцуулгаас Ерөнхийлөгч цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд хамтран орон нутгаар явж, хууль сурталчлах, орон нутгийн салбар нэгжийн ажил байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байгааг сайшаасан юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч “Хууль хяналтын байгууллагынхан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойгоор миний хэлсэн үгийг тусгайлан анхаарсанд талархаж байна. Гол нь би хууль бусаар баяжсан хүмүүстэй хүлээсэн үүргийнхээ дагуу тэмцэж чадахгүй явдлыг шийдэхийг хүссэн. Шүүх, прокурор, цагдаа, авлигатай тэмцэх газрын удирдлагууд зохих хэмжээнд ажлаа хийсэн байна. Эдгээрээс гол хяналт тавих газар бол АТГ. Шүүгчид, цагдаа нар ч ХОМ-ээ өгдөг. Цаашдаа төрд ажиллахад хэцүү болох нь гэсэн ойлголт ард түмэнд очиж байгаа. Ер нь улс төрийн албан тушаал хаших явцдаа авлига аваад шударга бусаар ажиллаж болохгүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлэх ёстой. Бид хуулийг улам чангална. Ямар нэгэн хэрэг өдүүлсэн байвал хойноос нь цаг хугацаа харгалзахгүй явах ёстой. Хэрэг хуучирдаггүй.

УИХ завсарлалаа. Ирэх сарын 5–наас ээлжит бус хуралдаан хийх юм байна. Миний тэвчээр барагдаж байна, болохгүй бол би ард түмэндээ хандаж үгээ хэлье гэж бодож байна. Хууль, шүүхийн байгууллагын тухай зургаан хууль оруулсан. Ерөнхий сайд, намын дарга, бүлгийн дарга нар, гишүүдтэй уулзаж их ярьж, хөөцөлдсөн. Ерөөсөө урагшлахгүй юм. Энэ зургаан хууль батлагдсаны дараа эрүүгийн, авлигын, иргэний гээд дахиад зургаан хуульд том өөрчлөлт оруулна. Үнэхээр энэ зургаан хууль батлагдах юм бол шүүхийн систем бүхэлдээ өөрчлөгдөх учиртай. Ийм өөрчлөлтийг хийх гэхээр гэм буруугаасаа айж, болгоомжилсон нөхдүүд, нам засгийн эрхийг атгаж байгаа хүмүүс хамгийн их айж, хойшлуулж байна. Зүгээр л шалтаг зааж хойшлуулж байна.
Би УИХ-ын гишүүдэд байнга хэлдэг. Та нар ямар нүүрээрээ шударга ёс ярьж сонгогчид дээрээ очих юм. Та нар энэ зургаан хуулийг батлахгүй, дахиад өргөн барих зургаан хуулийг хаврын чуулганаараа батлахгүй бол дахин сонгогдоно гэж бодолтгүй. Нийгэмд шударга бус байдлыг хална гэж ярих эрх ч байхгүй, нүүр ч байхгүй. Цаашдаа дэвших ч эрх байхгүй.

Хэрэв хуулиудыг баталж өгөхгүй бол би гишүүдийг шударга ёсны чиглэлд ажлаа хийж чадахгүй байна. Энэ хүн дэвших эрхгүй гэдгийг хэлэх болно. Би ийм маягаар шахаж байгаа. Хууль хяналтынханд ажлаа хийх боломж олгох ёстой.
Би та бүхэнтэй цагаан сарын өмнө уулзсаны учир нь цагаан сараас өмнө монгол айл бүхэн муу муухайгаа үлдэн хөөж, цэвэрлэдэгтэй холбоотой. Тэгэхээр Монголд байгаа муу муухай зүйл бол авлига, шударга бус зүйл. Эндээс цэвэрлэх чиглэлд ажил хариуцсан дарга нар нэгдмэл ойлголттой байгааг мэдэж авлаа. Энэ чиглэлд тууштай ажиллах нь зүйтэй. Ерөнхийлөгч үг хэлнэ гэдэг төрийн бодлогыг илэрхийж байгаа хэрэг юм шүү” гэлээ.

С.Жигүүр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.