Хүмүүс: Х Тэмүүжин | Лу Гантөмөр | |
Хамтарсан Засгийн газраас гарсан даруйд АН-ынхан дарга, цэргээ солино, солихгүй дээрээ тулж, оны өмнөхөн ҮЗХ-ны хурлаа хийсэн. Гэвч одоогоор дорвитой өөрчлөлт гаралгүй тус намын дотоод зөрчил улам ихэсчээ. Үүний нэгэн тод илрэл бол оны дараахан байгуулагдсан “Шонхор” фракц, түүний “дүү” “Хөх тэнгэр” фракц зэрэг мэндэлсэн явдал юм.
УИХ-д суугаа АН-ын зарим нэг гишүүдийн байгуулсан "Шонхор" фракцид “Мөхөөлдөс”-ний Б.Батбаатарын “Хөх тэнгэр” фракц хариу цохилт хийхээр байгуулагдав уу гэж олон хүн таамаглаж байна. Гэвч улиг болсон “Алтан гадас”, “Кроун” зэрэг хөгшчүүдийн фракцаас ялгаатай нь “Хөх тэнгэр”-т 1970 оны үеийнхэн голлох байр суурийг эзэлж байгаа нь шинэ залуу үе ирэх сонгуульд хүч түрэн орж ирэх үүд хаалгыг нээв.
АН-ын Чингэлтэй дүүргийн даргаар толгойлуулсан уг фракцийн цаана УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар байгаа гэх яриа гарч байна. Тэд нэг үеийнхнээ доргиож ийнхүү өөрийн гэсэн фракцыг нам дотроо "эх барьж" авчээ. Тэгвэл С.Одонтуяа, Б.Мөнхтуяа зэрэг хэдэн Туяа нар нийлж эмэгтэйчүүдийн квотыг АН-ын дотор хадгалах, улмаар нэр дэвших эрхээ баталгаажуулах үүднээс бас нэгэн эмэгтэйчүүдийн фракцийг байгуулж мэдэхээр байна. Учир нь сонгуульд нэр дэвших хүсэлтэй, хандиваа аль эрт өгсөн хүний тоо 99-д хүрсэн нь ийнхүү тэднийг өөр хоорондоо жийлцэхэд хүргэжээ