Ардчилсан нам ба Н.Алтанхуяг

2012/02/27
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
Ардчилсан нам ба Н.Алтанхуяг

Ардчилсан нам ба Н.Алтанхуяг. Эсрэгээр нь Н.Алтанхуяг ба Ард­чилсан нам гэж хэлж болох ч ингэвэл бодит үнэнээс жаахан холдсон хэрэг болно л доо. Учир нь Н.Алтанхуягийн сүүдэр дор Ардчилсан нам оршин тогтох бус, Ардчилсан намын өн­гөн дээр Н.Алтанхуяг өөрийн карье­рийг хийж буй учраас тэр. Тэгээд ч намаасаа том даргатай байж болдоггүйн учир шалтгааныг МАХН-ын /одоогийн МАН/ дарга асан С.Баярын туршлага харуулсан билээ. Тухайн үед МАХН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын эсрэг “Элсний 13” буюу Н.Энхбаярын фрак­цийг хөдөлгөж, “газрын най­маачин” энэ тэрээр нь цоллож бай­гаад намын даргаас нь буулгасан тэрбээр Ерөнхий сайд болуутаа л “Атрын III аян” гээчийг эхлүүлж, төгөлдөршиж өг­дөггүй “таван төгөлдөршил”-ийн автор нь болсон билээ. Тэр ч байтугай 2008 оны сонгуулиар УИХ-д 44 суудал авч парламентад олонхи болсон МАХН 27 суудалтай Ардчилсан намыг Засгийн газартаа урин оруулсан нь ч цэвэр С.Баярын дэглэсэн “Монголын улс төр” байлаа.

Түүнээс өөр хэн ч ийм хэмжээний “стандарт бус” шийд­вэрийг намынхаа Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар гаргуулж чадахгүй биз. Шийдвэрийг тэр гаргаж, харин үр дагаврыг нь МАХН буюу одоогийн МАН амсч байна. Ардчилсан нам ч бас тодорхой хэмжээгээр хуваалцсан.

Н.Энхбаярын хувьд мөн ялгаагүй. Монголын төрийг 10 гаруй жил эзэрхэж, төрийн байгууллагуудын шат дамжлага бүрт хумсаа шигтгээд байсан энэ хүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь тухайн үеийн МАХН-ыг хэмжих хэмжүүр болж байлаа. Ерөнхийдөө улс төрийн намын мөн чанар нь бүрмөсөн алдагдаж, Н.Энхбаяр гэдэг хүнээр толгойлуулсан мафийн сүлжээ маягийн зүйл болоод байсан юм. Тиймээс одоо ч гэсэн МАН-ынхан Н.Энхбаяр, С.Баяр нарыг орлох дараачийнхаа “агуу удирдагч”-ийг хүлээн, нэг бол С.Батболдыгоо тэр хэмжээнд хүртэл нь тахин шүтэх, үгүй бол авч хаяад дараачийнх нь эрэлд гарах хоёрхон сонголттой тулгараад байна. Угаасаа үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого чиглэлээ нэгэнт алдсан намын хамт олныг чирж, чиглүүлж явах шинэ “зүтгүүр” энэ намд хэрэгтэй. С.Батболд ч энэ шаардалагад нь нийцэх гэж өөрөө өөртэйгөө зөрчилдөн самгардаж яваа.

Харин Ардчилсан намынхны хувьд өөр. 1996-2000 онд анх удаагаа төр барьж үзсэн Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялагдсаны дараа ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулахад анхны дарга нь Д.Дорлигжав байв. Эвслийн Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар богино хугацаанд ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг МАХН-ын дарга нарын халааснаас тусгаарлах гэж оролдсон зэргээс өөр улс төрийн туршлага, намтар гэхээр зүйлгүй, өөрийн гэсэн баг ч үгүй түүнийг намын дарга болгосны хүчинд нэгдсэн намууд салж сарничихалгүйгээр дараагийн сонгуультай золгосон билээ. Яагаад гэвэл түүнд намынхаа бусад лидертэй арцалдах амбиц, үзэл санааны ялгаралгүй, илүү “нейтраль” харагдаж байсан учраас. Тэр шийдвэр гаргах процессийн хамгийн сүүлд зогсч, эцсийн шийдвэрийг намын дүрэм журам болоод намын олонхид үлдээснээрээ тусгаар байсан тэр олон том намыг намын доторх фракци болтол нь жижиглэж, фракциудын ялгарлыг ч мартагдуулж чадсан юм.

Н.Алтанхуягийн хувьд ч ялгаагүй. Түүнийг Ардчилсан намын дарга болсны дараа намаа Засгийн газарт оруулах эсэх асуудлыг намынхаа ҮЗХ-гоор хэлэлцүүлэх үед ҮЗХ-ны гишүүд МАХН-ын бага хуралтай адил ярсхийтэл гар өргөөгүй, тэр ч байтугай зарим нь хурлаа орхин гарч байсан. Гэвч олонхи нь Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг гаргасан нь 1996-2000 онд засгийн эрх барихдаа дөрвөн Засгийн газар байгуулж, 2004-2005 “хаан сонголт”-ын дараа ганцхан жил Засгийн газарт ажилласан Ардчилсан намынхны хувьд тухайн нөхцөлд хамтарсан Засгийн газар арай илүү тогтвортой ажиллах байх гэсэн горьдлого байсных биз.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг намын даргын хувьд гаргасан шийццдвэрээ нийт гишүүддээ тулгах бус, шийдлийг олонхиороо гаргах зарчим барьдаг, үүнийгээ ч ил хэлдэг. Яагаад гэвэл улс төрийн нам гэдэг өөрийн оршин тогтнох дүрэм журам, үнэт зүйл, үзэл баримтлал, зохион байгуулалт бүхий амьд организм. Тиймээс ч өнгөрөгч нэгдүгээр сард хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурлын үеэр Ардчилсан намыг Засгийн газарт оруулж “булшилсан” Н.Алтанхуягийг зайлуулах тухай санал нэг бус хүнээс гарч, маргаан дэгдсэн авч ҮЗХ-ны олонхи гишүүд 2008 оны сонгуулийн дараа өөрсдийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрсдөө хариуцахаас өөр гаргалгаагүй болсон. Өөрөөр хэлбэл, үйл явдлыг хувь хүний хүчин зүйл, сэтгэл хөдлөлөөр бус, өөрийнх нь өрнөлөөр явуулж, олонхиор нь шийдвэр гаргуулж ирсний үр дүн, ялгаа энэ. Нөгөө талаас нэг айхтар амбицтай, авьяас чадвар нь хэтийдсэн нэг нөхөр гэнэт гарч ирээд баахан амьтныг буруу зөвгүй авч давхиад үйчихгүй байх тэр “инстинкт” Ардчилсан намд хэдийн бий болчихсон. Ийм нам ямар ч даргын үед амьдрах чадвартай, өөрийн гэсэн хууль дүрэм, дотоод зохицуулалттай, хувь гишүүд, бүлэг фракциуд нь ч нам дотроо өөрсдийн үүрэг рольтой байдаг. Эсрэгээрээ намын дарга нь хэдий их эрх мэдэлтэй байна, нам нь тэр хэмжээгээр хүчгүйдэж, гишүүд нь өөрийн гэсэн байр суурьгүй үлбэгэр сул болж хувирдаг. Яг одоогийн МАН шиг. Уулнаасаа өндөр улиас байдаггүй гэдгийн учир энэ. Н.Алтанхуяг бол Ардчилсан намын зүгээр л нэг эд эс, гэхдээ түүнд өөрийн гэсэн үүрэг роль бий.

Түүнийг дэмжигчид Ардчилсан намд одоо хэр нь олонхи байгаа шиг эсэргүүцэгчид ч бас бий. Ялангуяа З.Энхболд, эсвэл Х.Баттулга түүнээс илүү хүчтэй удирдагч байх болно гэсэн нэг хэсэг нь өнгөрсөн удаагийн ҮЗХ-ны хурлын үеэр намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал хураалгасан боловч олонхи нь дэмжээгүй. Нэгдүгээрт, намын дүрэмд заасанчлан энэ асуудлыг намын их хурлаар шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын сонгуулийн дүнгээр буюу сонгуулийн дараа хэлэлцдэг тогтсон жишигтэй. Тиймээс ҮЗХ-ны хуралдаанаар уг асуудал унасны дараа МоАХ-ын тэргүүн Х.Баттулга дараагийнхаа алхмыг хийж, холбоогоо түшиглэн улс төрийн хоёр ч том акци хийгээд амжсан. Эхний удаад МоАХ-ын их чуулганыг зохион байгуулсан бол саяхан сар шинийн өмнө МоАХ-ны дөрөвдүгээр их хурлыг зохион байгуулсан билээ. Тэрээр үүгээрээ МоАХ-г Ардчилсан нам доторх жижиг фракци бус /уг нь бол ганцхан сарын өмнө болсон ҮЗХ-ны сүүлийн хуралдаан дээр С.Эрдэнэ нар нам дотроо МоАХ фракцийг албан ёсоор байгуулснаа зарласан билээ/, илүү том нийгмийг хамарсан хүчин болгон харагдуулахыг зорьж байгаа. Энэ нь мэдээж түүний хувьд ашигтай. Гэхдээ савнаасаа хэтрээд намаа хагалах, рейтингийг нь унагах хэмжээнд хүрвэл үр дагавар өөр дээр нь ирнэ. Түүнийг намын дарга болсны дараа нам доторх фракциудын дахиад 50 хувь нь түүний эсрэг зогсоно гэсэн үг.

Уг нь бол Э.Бат-Үүл МоАХ-тай ойр гэвэл хамгийн ойр байх хүн нь. МоАХ нам болж Монголын Ардчилсан Намыг байгуулахад анхных нь даргаар ажиллаж байсан тэрээр энэ удаа Н.Алтанхуягийн талд зогсч байна. Гэхдээ энэ урвалт биш. Зарим хүний харж байгаачлан Н.Алтанхуягийн “пиарчин”-ий хэмжээнд очтол өөрийгөө “доош оруулаад” байгаа түүний энэ шийдэл намдаа бол хамгийн их хамгаалалтыг бий болгож байгаа. Намын төв аппаратаас зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр ч, МоАХ-ны дөрөвдүгээр их хурал дээр ч нөгөө л “Гэр хорооллыг орон сууцжуулах” хөтөлбөрөө яриад зогсч байсан нь нэг талаас түүний энэ санаачлагыг дэмжиж, бодлого болгоод авч яваасай гэсэн санаа. Нөгөө талаас хүн дээр бус, бодлого дээр төвлөрч ажиллая гэдгийг намынхандаа ухааруулах гэсэн арга чарга.

Гэвч, хэрвээ Н.Алтанхуяг ирэх сонгуулийг өөрийг нь дэмжиж намын даргад барьж байгаа 51 хувьд зориулна гэвэл тэр нь харин алдаа болно. 2004 оны сонгуульд Ардчилсан нам, ИЗН, Эх орон намыг нэгтгэсэн “Эх орон-Ардчилал” эвслийг удирдаж орсон М.Энхсайханы гашуун туршлага бий. Сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр намынхаа зарим бүлэг фракцийг гадуурхаж, эвсэлд орсон нөгөө намууддаа 30 тойрог суллаж өгсний үр дүнд Ардчилсан намын УИХ-д авч болох суудал тав, арваар танагдаж, намынх нь лидерүүд бие даан нэр дэвшихэд хүрсний дээр М.Энхсайхан ч өөрөө намаасаа шахагдаж, тойрон хүрээлэгчдээ дагуулан шинэ нам байгуулсан билээ.

Сүүлийн үед Ардчилсан нам дотор олон бүлэг фракциуд шил шилээ даран төрж байгаа. ҮЗХ-ны сүүлийн хуралдаан дээр залуучуудын “Нэг Ардчилал” клуб фракц байгуулснаа зарласан, экс МҮДН-чүүд ч бас. Түүний дараа АХХ-ныхон “Шонхор” фракцийг, араас нь УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нар “Мөнх тэнгэр” хэмээх фракцийг зарласан. Ухаандаа “Шонхор нь тэнгэрийн амьтан бол шонхорын эзэн нь мөнх тэнгэр юмаа” гэсэн санаа байх л даа. Тэгээд “Мөнх тэнгэр” фракцийн ард Н.Алтанхуяг байгаа гэсэн яриа ч нам дотор гарсан байна лээ. Үгүй байлгүй дээ. Н.Алтанхуягт “Алтангадас”-аас илүү ямар фракци хэрэгтэй гэж. “Алтангадас” бол ҮЗХ доторх хамгийн том фракци, түүний дараа ҮЗХ-н дахь төлөөллөөрөө “Нэг Ардчилал” хоёрдугаарт орж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.