Цагаан сараар тодорсон ”Манлай уяач”-ын паян

2012/02/28
Share |
Хүмүүс:
Цагаан сараар тодорсон ”Манлай уяач”-ын паян

Ардын дундаас л тодордог байсан алдарт уяач цолыг улстөрч эрхмүүд өмчилдөг болсоор багагүй хугацаа өнгөрчээ.
Худалч хүнд нэг ч удаа морины уяан дээр очоогүй, ганц хоног ч болов хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан нойргүй хонож үзээгүй байж нэг л мэдэхэд алдарт, манлай уяач болчихдог ид шидийн гэмээр үзэгдэл зөвхөн улстөрчдөд л тохиолддог.
Луу жилийн сар шинийн босгон дээр ч ийм ид шид давтагдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаа гарган УИХ-ын гишүүн Г.Батхүүд Улсын тод манлай уяач цол олгов. Мөн Өмнөговийг дангаараа эзэгнэнхэн суудаг болсон гэх “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар манлай уяач боллоо.

Улстөрч бус эрхмүүд мэдээж энэ эрхэм цолны эзэд болсоон. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг дээлнээс нь морины хөлс үнэртсэн эгэл уяачдын дунд их улстөрийнхөн ороод ирсэн нь үнэндээ онцгүй харагдав.
УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн нэрээр цоллогддог Толин хул азарганы тухай мэдэхгүй хүн байхгүй. Г.Батхүүг өдий зэрэгтэй нэр алдарт хүргэхэд тэр хурдан ажнайн буян гавьяа ч байсан нь мэдээж. Тод манлай уяач болох үедээ тэрбээр “Улсын наадамд гурван түрүү, бүсийн наадамд нэг түрүү, 17 айраг авч Монгол Улсын тод манлай уяачийн цолны болзлыг хангаж, Ерөнхийлөгчөөс цолоо хүлээн авсандаа баяртай байна.
Ерөнхийлөгч цол гардуулахдаа монголчууд морио уралдуулахгүй бол өөр юу хийхэв гэж хэлсэн шиг би морь уях дуртай” хэмээн хэлжээ. Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн хэлснээр монголчууд морио уяж, уралдуулах дуртай.

Харин өдөр, шөнөгүй хуралдаж суудаг УИХ-ын гишүүнийг морь уяад, хоол ундыг нь тааруулж суудагт итгэнэ гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болох билээ.
Г.Батхүү баян хүн учраас өдөрт нь хуралдаа суучихаад шөнөд нь нисдэг тэргээр очиж, мориныхоо уяа сойлгыг тааруулдаггүй л юм бол шүү дээ. Мэдээж тэр тэгдэггүй. Хэн нэгэн жинхэнэ уяачид мөнгө өгч, морио уяулчихаад өөрөө алдар хүндийг нь хүртэж суудаг улстөрчдийн л нэг.
Олонд хэрэгтэй, улс орны хөгжилд дэмтэй олигтой ганц хууль санаачлахгүй атлаа ард түмний дунд нэрээрээ цоллуулсан хурдан хүлгийнхээ буянаар багагүй алдар хүнд олдгийг нь ч нуух хэрэггүй. Тэр тусмаа сар шинийн босгон дээр, сонгууль дөхсөн үед хүртсэн түүний цол хэргэм хөөрхөн гэгч пиар болж байгаа нь ч тодорхой билээ.

Уг нь хуулиар сонгууль болтол улстөрчид нэр хүндээ өсгөх аливаа нэг үйл явдалд оролцохгүй байх гайгүй сайн хаалт хийж өгсөн.
Гэвч улсын Ерөнхийлөгчийн шагнал үүнд хамаагүй. Мань Ц.Элбэгдорж сонгууль болтол төрөлх намынхаа хэчнээн ч хүнд иймэрхүү маягаар төрийн нэрийн өмнөөс хайр хишиг түгээхийг таашгүй. Төрөө хүндэлдэг, дээдэлдэг эгэл ард түмний хувьд энэ бүхэн бас л тэмдэглүүштэй сайхан үйл явдал.
Төрийн түшээ нь өндөр цол хэргэм, өргөн олны хүсээд ч авч чаддаггүй шагналын эзэн болоход бараг л өөрөө авсан мэт баярлана. Цаагуураа мань улстөрчийн рейтинг сонгогчдын дунд өсөөд байна аа л гэсэн үг.

Уг нь хэн нэгэн хууль тогтоогч эртнээс санасан бол сонгууль болохоос зургаан сарын өмнө улстөрчдөд төрийн дээд одон, медаль, элдэв цол хэргэмийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгож болохгүй гэсэн утгатай заалтыг хуульд оруулж өгөх байж л дээ.
Гэвч нэгэнт тийм заалт байхгүй учраас сар шинээр Г.Батхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нарыг пиардсан Ц.Элбэгдоржийн бодлого цаашид ч үргэлжлэх вий. Магадгүй сонгууль болохын өмнөхөн АН-ын баахан улстөрчид төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаавал гайхах хэрэггүй биз ээ. “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд хамаагүй” гэсэн үг хаанаас ч юм гарсан байдаг. Тэгвэл мөнгөтэй, нөлөөтэй улстөрчид бүхнийг өмчилдөг байдалд дургүйцэх хандлага сүүлийн үед илэрхий цухалзах болсныг анзаарсан уу.

Г.Батхүү нэгэн ярилцлагадаа морь уралдуулах бол монгол соёл болохоос мөнгөтэй хүний хийдэг ажил биш хэмээн ярьж байжээ.
Гэтэл өөрөө мөнгөөр бүхнийг шийдэж, улстөрчийнхөө нэр хүндийг ч өсгөсөөр байгаагаа зөвтгөх шалтгаан бий юу. Тэрбээр мөн аливаа спортыг нэр хүндээ өсгөхөд ашигладаг нь ч нууц биш хэмээн ярьсан байх юм.
Г.Батхүү морь уядаг учраас үүгээр дамжуулан нэр хүндээ өсгөсөөр байгаа нь ч нууц биш. Үнэндээ бол улстөрчид иймэрхүү маягаар нэр хүндээ өсгөх нь ёс жудаг, шударга ёсны аль алинд нэн харш юм. Хөөрхий, сэтгэл зүрхнээсээ моринд хорхойтой, насаараа хөлстэй тохом дэвсч унтсан шахам хөдөөгийн уяач эрд хэчнээн хүсээд ч алдарт уяачийн цол ирэхгүй.

 Тэр мөнгөгүй учраас морио ачиж ирээд улсын наадамд уралдуулж чадахгүй. Өндөр үнэтэй тэжээл, тариагаар бордож чадахгүй шүү дээ. Чухам иймээс л ардын наадам ардаараа үлдэх ёстой гэсэн олонхийн саналтай нэгддэг юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү моринд хорхойтой учраас бүр онгод нь ороод гэнэтхэн л “Толин хул” гэдэг дууны үг биччихсэн гэж байгаа.
Хурдан хүлэг, уянгат дуунд учиргүй хайртай ард түмэн уярч мэлмэрээд сүйд ээ. Харин тэр шүлгийг нь Г.Батхүү биш, Батсайхан гэгч залуу бичсэн гэдгийг олон түмэн төдийлэн мэдэхгүй.

Г.Батхүү мөнгөтэй учраас 400-хан мянган төгрөгөөр худалдаж аваад л өөрийн өмч болгочихож. Мөнгө бүхнийг шийддэг болсон цөвүүн цагт шударга ёс ч ингэж л хэрэгжиж байна. Цагаан сараар тодорсон манлай уяачийн паян гэж үүнийг нэрлэж болно. Цадиггүй улстөрчдийн тохуурхал ч гэж бас хэлж болох буй заа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.