Нөөцийн махны бизнесийг “Мах импекс” тэргүүтэй таван компани атгадаг

2012/03/05
Share |
Хүмүүс:
Нөөцийн махны бизнесийг “Мах импекс” тэргүүтэй таван компани атгадаг

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн луйврын шинжтэй бизнесийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ дагуу холбогдох бай­гууллагаас шалгалт хийж байгаа билээ.
Энэ жилийн хувьд 20 компани сонгон шалга­руу­лалтад тэнцэж, 12000 тонн мах бэлтгэхээр болсон. Гэвч эдгээр компанийн бэлт­гэсэн гэх 12000 тонн мах нийс­лэл­чүүдийн аманд ч үгүй, хамарт ч үгүй бай­саар арай ядан сар шинэ өнгөрөөв.

Арга ч үгүй биз. 100 тонн мах бэлтгэх ёстой ком­пани ердөө 20 тонн мах бэлтгэж, түүнийгээ хуурамч падаанаар аргалчихаар нэг сая хүн амд хэдхэн тонн мах яаж хүрэлцэх билээ.
Бүр цаашилбал мах нөөц­лөх эрх авсан зарим ком­пани өөрсдөө нэг ч тонн мах бэлтгэхгүй байх то­хиолдол мэр сэр гардаг аж.
Улаанбаатар хотод мах хадгалах зоорь хэзээний гачигдалтай байдаг. Иймээс багахан хэмжээний мах бэлтгэх эрх авсан компаниуд жижиг ченжүүдийн бэлт­гэсэн махыг үнэгvй хадгална гэсэн зар тарааж, 100 тон­нын агуулахаа дүүргэдэг гэнэ. Шалгалт ирэхээр зоорь, агуулахаа дүүртэл мах бэлтгэсэн дүртэй сууж байдаг юм байна.
Ингээд л “…” ХХК тен­дерт заасан хэмжээгээр ма­хаа бэлтгэсэн болж, тө­рөөс олгосон мөнгийг зүв зү­гээр сууж байгаад авдаг. Шалгалтын дараа жижиг гарын ченжүүд махаа зөөж, өөрсдийн шугамаар зарж борлуулаад, нөөцийн мах хэ­рэглэгчид хоосон хоцордог. Харин нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид төрөөс олгосон найман тэрбум төгрөгийг хувааж иднэ.
Хамгийн аймшигтай нь Засгийн газар эдгээр ком­панийг агуулахдаа нөөцийн мах хадгалсан хэмээн най­даж, агуулах ашигласан, мах бэлтгэсний хөлсөнд най­ман тэрбум төгрөг төлдөг гээд бод доо. Ийм байдалтай нөөцийн мах бэлтгэхээр хэ­дэн зуун мянган тонноор нь хадгалаад ч долоодугаар сар хүрэхгүй.
Тэгвэл энэ жил ямар ямар компани нөөцийн мах бэлт­гэх тендерт ялав гэдгийг сонирхъё.
Энэ жагсаалтыг “Мах импекс” ХХК 2000 тонн мах нийлүүлэх эрх авч тэргүүлж байна. Үүний араас “Мах маркет” ХХК 1700 тонн, “Мах экспорт” ХХК 1300 тонн, “Баатрууд тэнгэр” ХХК 1200 тонн, “Тайж трейд” ХХК 1200 тонныг тус тус нийлүүлэхээр болжээ. Ерөн­хийдөө нөөцийн махны бизнесийг энэ таван компани л атгаж байна.
Эдний араас “Эй Эн Ди Эм” ХХК 800 тонн, “Соотон” ХХК 600 тонн, “Давшилт трейд” ХХК 500 тонн, “Саян-Уул” ХХК 500 тонн, “Мик маркет” ХХК 350 тонн, “Мон­гол мах экспо” ХК 300 тонн, “Багахангай” ХК 250 тонн, “Баруун Монгол” ХХК 200 тонн, “Нэмэр их” ХХК 200 тонн, “Тэс шим хоршоо” ХХК 200 тонн, “Монгема” ХХК 200 тонн, “Сэргэн мандал групп” ХХК 200 тонн, “Хүнс трейд” ХХК 100 тонн, “Хүнсний коллеж” 100 тонн, “Талын хүнс” ХХК 100 тонн мах бэлтгэн нийлүүлэх эрх авчээ.
Гэвч эдгээр компани нөө­цийн мах бэлтгэх ажлыг луйв­­рын бизнес болгосон уу, эсвэл махаа бэлтгэж за­раад дууссан уу, ямар ч байсан Засгийн газар дахин 15000 тонн мах бэлтгэх шаард­лагатай боллоо. Нэг хүнд ног­дох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг манай улс махны гачигдалд орж нүүрээ улайлгахгүйн тул Зас­гийн газар ийм шийдвэр гаргасан биз. Энэ удаа ху­вийн аж ахуйн нэгжүүд бус Засгийн газар өөрсдийн шу­гамаар мах нөөцлөхөөр орон нутаг руу ажлын хэсэг гаргасан сурагтай.
Хамгийн гол нь эдгээр монополь эрхтэй нөөцийн мах нийлүүлэгчдийн ард улс­төрчдийн ашиг сонирхол бий гэлцдэг. Томчуудын дэмж­лэгтэйгээр жил бүрийн сонгон шалгаруулалтад тэн­цэж, Засгийн газраас орж ирэх сул мөнгийг ямар ч асуудалгүй эвтэйхэн ху­ваагаад авчихдаг гэсэн үг.
Тухайлбал, энэ жил хам­­гийн  их  мах бэлт­гэх  эрх  авсан “Мах им­пекс” ХХК ЗТБХБ-ын сайд асан, УИХ гишүүн Х.Бат­тулгынх бол өнгөрсөн жил хам­гийн их буюу 2400 тонн мах нийлүүлэх эрх авч байсан “Мах маркет” ХХК нь “Жаст” группийн Ш.Батхүүгийнх.
Хоёр жил дараалан 1200 тонн мах нийлүүлэх эрх авч буй “Тайж трейд” ХХК-ийг “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэв эзэмш­­дэг. “Мон­голын мах­ны холбоо” нөө­цийн мах­ны тендерийн сонгон шал­гаруулалтыг ха­­риуцдаг болс­­ноос хойш түү­­ний “Тайж трейд” ХХК байнга л 1000-гаас дээш тонн мах нийлүүлэх эрх авдаг болжээ.
Харин өнгөрсөн онд 700 тонныг нийлүүлэх эрх ав­сан “Монгол мах экспо” ХК-ийг БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа, жил бүр 1000-аас дээш тоннын эрх авдаг “Баатрууд тэнгэр” ХХК-ийг Алдарт уяач Х.Цогт­сайхан, 2011 онд 500 тон­нын эрх авсан “Соотон” ХХК-ийг Ардчилсан на­мын ҮЗХ-ны гишүүн Д.Гэ­рэл гэгч эзэмшдэг  аж.  Д.Гэрэл  нь ирэх сонгуульд Ар­хан­гай аймгаас өрсөлдөх магад­лал­тай, АН-ын нөлөө бүхий сан­хүү­жүүлэгч ги­шүүдийн нэг юм байна.
Том компаниуд шиг 1000 тонноор нь мах нийлүүлэх эрх авдаггүй ч энэ ашигтай бизнесээс яаж ийгээд зуурч үлддэг “Баруун Монгол” ХХК мөн л АН-ын гишүүн Б.Бат-Энэрэл гэгчийнх аж. Түүнд намынхан нь итгэл үзүүлэн Ховд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд өр­­­сөл­дүүлсэн боловч ялагд­жээ.
Тэгвэл энэ жил Засгийн газ­рын найман тэрбумаас хи­шиг хүртэхээр шинээр есөн компани нөөцийн махны бизнест орж иржээ. Эдний ихэнх нь нам, мөнгө, албан тушаалаараа далайлган тен­­­дерт ялсан байх ма­гадлалтай.
Тодруулбал, 100 тонн мах нийлүүлэх эрх авсан “Хүнс трейд” ХХК нь “Гацуурт”-ын Л.Чинбатын охин компани аж. Харин 200 тонн махны эрх авсан “Сэргэн мандалт групп”-ийг Нийслэлийн хө­рөнгө оруулалтын газрын дарга асан, НИТХ-ын тө­лөөлөгч Б.Төмөрчулуун эзэмш­дэг билээ.
Энэ жилийн хувьд Улаан­баатар хотод 12 мянган тонн, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн, аймаг тус бүрт 100 тонн мах нөөцлөх тооцоо гаргасан. Тэгэхээр нэг аймгийг хангах хэмжээний мах бэлтгэх эрх авлаа гэхэд л мөнгийг сая саяар нь халаасална гэсэн үг.
Иймээс ил цагаандаа гар­сан нөөцийн махны биз­несийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах шаард­­лагатай. Цагдаагийн бай­гууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба болон хотын удирдлагууд анхааралдаа авах цаг нь бол­сон биз.
Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.