С.Баярцогт бурхан тарааж, М.Зоригт үнэгүй үзвэрт урьжээ

2012/03/07
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
С.Баярцогт бурхан тарааж, М.Зоригт үнэгүй үзвэрт урьжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан нар өчигдөр шинэ батлагдсан сонгуулийн хуулийн хүрээнд сонгуульд шударга өрсөлдөхийг АН болон бусад намынханд уриаллаа.

Сонгууль ойртох тусам парламентад суудалтай АН болон бусад нам эвслүүдээс бусармаг хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж буйг баримтаар илчиллээ. УИХ-ын сонгуулийн хуулийг батлаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байхад ийнхүү бусармаг үйлдэл гаргаж байгаад харамсч буйгаа тэд илэрхийлсэн.
Төрийн хуулийг уландаа гишгэж буй хүмүүс сонгуульд нэр дэвших хэрэг байна уу. Шинэ батлагдсан хуулийг сайшаах хүн олон. Уг хуульд өмнөх сонгуулийн үеэр явагдаж байсан бэлэн мөнгөний амлалт, аливаа бэлэг сэлт, урлаг соёлын арга хэмжээ зэргийг хориглосон. Гэтэл хамт хэлэлцэж баталсан АНын гишүүдийн зарим нь зөрчөөд эхэлжээ. Саяхан УИХ-ын гишүүн С.Баярцогт Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчдод алтадсан Баян Намсрай бурхан тараасан бол Сүхбаатар аймагт өмнө нь УИХ-ын гишүүн байсан, одоо АН-аас нэр дэвшихээр горилж буй “Бодь” группын М.Зоригт иргэдийг үнэгүй үзвэр, үйлчилгээнд хамруулж, шагнаж урамшуулжээ.

Мөн Дорноговь болон бусад аймагт сар шинийг тохиолдуулан гарын бэлэг тараасан гэсэн мэдээллүүд МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ирсэн байх юм. МАН-аас ноцтой гэж үзсэн зүйлүүдийг СЕХ-нд хүргүүлнэ гэдгээ хэлэв. Ийнхүү сонгогчдын саналыг худалдаж авах хууль бус үйл ажиллагаа эрчимжиж байх шиг. Орон нутгийн иргэдийн мэдээлэл хомс байдлыг ашиглах гэсэн үү, эрхэм нэр дэвшигчид хэдийнэ хөдөөд өөрсдийн гар, хөлөө явуулаад амжжээ.

Энэ хуулийг эхнээс нь зөв зүйтэй хэрэгжих эсэхийг улстөрийн намууд, нэр дэвшигчдийн үүрэг, оролцоо тодорхойлно. Тиймдээ ч 2012 оны УИХ-ын сонгууль ойртсонтой холбогдуулан шинэ батлагдсан хуулиа улстөрийн намууд, нэр дэвшигчид хэр зэрэг дагаж мөрдөж буйд МАН-ын шат шатны байгууллага болон намын гишүүд анхаарал тавьж ажиллаж байдаг.

Иймээс бусад намаас нэр дэвшихийг горилж буй, өмнө нь УИХ-д сууж байсан, одоо УИХ-д ажилладаг хүмүүсээс хууль зөрчсөн үйлдэл гаргаж буйг олон нийтэд хүргэж, цаашид хууль зөрчихгүй 2012 оны сонгуулийг будилаангүй, шударга явуулахыг бусад МАН уриалж байгаа юм. Хууль зөрчсөн асуудлыг ил болгохын тулд АН болон бусад намаас нэр дэвшихээр горилогчдын иргэдэд тараасан бэлэг сэлт зэргээр үзэсгэлэн гаргахуйц хангалттай баримт байгаа гэсэн. МАН-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг дэмжиж, боловсруулах үйл ажиллагаанд дээрх байр суурийг баримталж оролцсон.

МАН өнгөрөгч сонгуулийн өмнө XXV Их хурлаараа сонгуулийн шударга тогтолцоог бий болгохоор “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал”-д тусгаж, өөрийн улстөрийн бодлогыг тодорхойлсон.

Тухайн үеийн МАНын дарга, Ерөнхий сайд сонгуулийн талаар асуудал дэвшүүлж байсан юм.

Ц.ЖАРГАЛ /ҮНЭН/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.