Сангийн сайд асан С.Баярцогт УИХ-ын намрын чуулган өндөрлөмөгц хөдөө гарч хөлөө хугалах шахам гүйж сонгогчидтойгоо уулзаж байна гэнэ ээ. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд юу хийж, юу сурснаа тоочиж яваа юм байх. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг сурч чамгүй ихийг идсэн тэрбээр энэ удаа иргэдийнхээ толгойг угаах ажилдаа ихэд хичээнгүйлэн яваа аж.
Улстөрчдийн ярьж дуусдаггүй сэдэв, тавьж дуусдаггүй өгөөш болоод байгаа Оюутолгойн хувь хишгийн талаар амаа цангаж, хэлээ хугартал ярьж яваа тэрбээр Сэлэнгэдээ ардын баатар болохоо шахаад байгаа гэх.
Учир нь “Би Сангийн сайд байхдаа...” хэмээн эхэлдэг үлгэр нь түүнийг баатар болгож байгаа гэх. Бодвол С.Бат-Үүл ахынхаа араас баатар болохоор ийн хичээнгүйлэн ярьж яваа бололтой дог. Гэхдээ үлгэр болгон амар сайхандаа жаргадаггүйн хяслан бас бий. С.Баярцогт “баатарын” эхлүүлж буй үлгэр нь Баян Намсрайн үлгэр.
Эртээ урьдын цагт нэгэн Баян Намсрай нэртэй бурхан байжээ. Суурин дээрээ С.Баярцогт дурсгав гэсэн бичиг бүхий эл бурханыг айл өрх, албан тушаалтнууд хоймороо тавьж тахин шүтэж, хааяа нэг Сангийн сайд С.Баярцогт дурсгав гэсэн бичгийг нь уншиж сүсэглэвэл баяжих нигуур ихтэй гэнэ.
Сангийн сайдын нэрийг хичээнгүйлэн мутарласан, урд зүгт захиалгаар хийлгэсэн бурхан нь баян байхыг билгэдэж байгаа учраас үнэ төлбөргүй тараагдаж гэнэ. Айл өрхүүд ч хурдан баяжихыг хүсэж Баян Намсрайгаа шүтэж, Баярцогт сайдынхаа нэрийг уншаад уншаад дээрээс мөнгөн бороо бууж, дэргэдээс нь алтан гулууз ургадаггүй гэнэ.
Аргаа барсан иргэд айл саахалтаараа цуглаж ярилцжээ. Гэтэл улс орныхоо арвин их сан хөмрөгийн амсарыг атган сууж асан С.Баярцогт Баян Намсрайтай “хуйвалдаж” баахан хүнийг хуурсан нь илэрчээ.
"Улаанбуудайн гаалийн татварыг нэмэх" саналыг Засгийн газарт оруулж улс амьтныг гурилаар цангаах ажиллагаа хийсэн нь ч илрэв. Сэлэнгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг "Товхон хан" тариалангийн компанийнхаа эрх ашгийг бодож импортын улаан буудайн татварыг чангалж, өөрийнхөө буудайг үнэ хүргэх гэсэн санаа агуулж явсныг ч ярилцав.
Бас Оюутолгойн төлбөрийн урьдчилгаа болох 250 сая ам.долларыг огтоос хүүгүй байтал сайн дураараа санаачлага гаргаж сая саяар нь хүү бодож өгөх шийдвэрийг хэсэг нөхдийн хамт хэл ам хийн байж шийдсэн нь илрэв.
Энэ нь манай улсын төсвийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан Эрдэнэтээс зэсийн нөөцөөрөө долоо дахин их, алтны нөөцөөрөө Бороогийн алтны ордоос 40 дахин их, Асгатын мөнгөний ордоос дөрөв дахин их мөнгөний нөөцтэй гэдэг. Оюутолгойн орд газрын баялгийг мөнгөнд шилжүүлбэл дэлхийн долоон тэрбум хүнийг бүтэн capын турш өлхөн тэжээх хөрөнгө мөнгө босч ирнэ гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоочихсон.
Асар их алт мөнгөнөөс хувь хишиг хүртэж Арабын шейх шиг амьдрах хувь заяаг эргүүлж, 21 мянган төгрөг дээр дугаарлаж хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдрах тавиланг далласан нь ч баригджээ, мөнөөхөн Баян Намсрайтай Баярцогт нь.
Оюутолгойн орд газраас орж ирэх 250 сая ам.долларын урьдчилгаа нь огт хүүгүй байсан бөгөөд гэрээ байгуулах явцад хүүтэй болсны дараа Сангийн сайд С.Баярцогт баяр хөөрөөр дүүрэн 100 сая ам.долларыг хүлээн авч бид баяжлаа хэмээн дуун алдаж байв. Өөрийн юмаа бусдад худалдаж мөнгө босгохын оронд өр ширэнд орчихоод хүзүүндээ пайз зүүх нь холгүй хөөрч догдолж явсан түүнийг мөхөөлдөсний хүүхэд гэхээс өөр юу гэхэв.
Нэгэнтээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг “Жаахан хүүхэд минь чамайг мөхөөлдөс долоогоод гүйж явахад би улстөр хийж явсан юм шүү” хэмээн дайраад авсан ч үнэндээ голыг нь олоод хэлчихсэн юм.
Энэ мэтээр сайн муу үг сонсч дүлий дүмбэ оргин явсан С.Баярцогт яалт ч үгүй төрөөс төрсөн тэрбумтны нэг. Дөнгөж 22 насандаа улстөрийн тогоонд хөл тавьж түүнээс хойш урвалт шарвалт гэгчийг яруу тодоор харуулж сурсныхаа хүчинд хөл дээрээ босох хөрөнгө чинээтэй болсон төдийгүй албан тушаал ахих аятайхан боломж бүрдсэн гэдэг.
Гэхдээ дотор газар үйлдвэрлэгдэж хятад шаахайтай зэрэгцэн газраар хэвтэх цутгамал бурхан тарааж ард түмний саналыг авна хэмээн сэрүүн зүүдлэхээ боль, УИХ-ын гишүүн С.Баярцогт оо.
Эх сурвалж: Mass.mn