Тагтан дээр түгжигдсэн хүү даарахын эрхэнд таван давхраас үсэрчээ

2012/03/14
Share |
Хүмүүс:
Тагтан дээр түгжигдсэн хүү даарахын эрхэнд таван давхраас үсэрчээ

Хүү энэ байрны таван давхраас үсэрчээ

ХҮНД ГЭМТСЭН ХҮҮГИЙН ЭЭЖ СҮРТЭЙ ЗҮЙЛ БОЛООГҮЙ ГЭВ

Тагтан дээр түгжигдсэн наймхан настай хүү таван цаг орчим зог­сохдоо даарахын эрхэнд тавду­гаар давхраас үсэрчээ. Хүү хүнд гэмтсэн ч азаар амьд байна. Хө­лийнх нь хуруунууд хайрагдсаныг харахад яаж даарч, зовж байсан нь тодорхой. Гэтэл ээж нь "Сүртэй зүйл болоогүй шүү дээ" гэж тоом­жиргүй хариулах юм. Шуурхай удирдлагын төвд өнгөрсөн сарын 26-нд "Өндрөөс унасан хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдлээ" гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Баян­гол дүүргийн II хорооны нутаг 59 дүгээр байранд оршин суудаг Тунгалаг гэдэг эмэгтэй гэрээсээ гарахдаа найман настай хүүг хэдэн цагаар тагтан дээрээ цоожилж явсан нь тогтоогджээ. Хүү "Дараад байхаар нь үсэрчихсэн" гэж мэдүүл­сэн байна. Болсон явдлыг сурвал­жиллаа.

"ХҮҮ АМЬД БАЙГАА БОЛОХООР СҮРЖИГНЭЭД БАЙХ ЗҮЙЛГҮЙ"

Хүү Эрээнд дунд сургуульд сурдаг. Өвлийнхөө амралтаар ирчихсэн байжээ. Ээж нь Эрээнд ажилладаг. Хүү Монголд хуурай эмээ болох Тунгалагийнд байсан аж. Тунгалаг гэртээ ганцаараа амьдардаг учраас хүүг ирэхэд нь хань татаад сайн байдаг гэнэ. Хэрэг гардаг өглөө хүүг тагтан дээр гарсны дараа Тунгалаг гадагшаа гарахдаа хүүг оруулахаа мартчих­сан аж. Тагтан дээр цоожлогдсон хүү даарахдаа үсэрсэн байна. Хүүг байрны хажууд ухаангүй хэвтэж байхад нь ойр орчмынхон нь олж өрхийн эмнэлэгт хүргэжээ. Удалгүй гэрийн эзэн болсон явдлыг мэдэж хүүг Гэмтэл согог, судлалын төвд хүргэсэн байна. Тэр өдрөө ээжийг нь Эрээнээс дуудсан гэнэ.

Хүүг Эрчимт эмчилгээний тас­гаас саяхан хүүхдийн тасаг руу шилжүүлжээ. Биднийг очиход хүү орон дээрээ сэрүүн хэвтэж байлаа. Найман настай гэхэд жижгэвтэр биетэй, сөөвгөр хүү сэргэлэн гэдэг жигтэйхэн юм. Эрүү, духандаа оёдол тавиулсан харагдана. Хөл нь сүрхий гэмтсэн бололтой дээш сойгоод хөдөлгөөнгүй бэхэлчихсэн байна. Хөлийн хурууны үзүүрүүд нь хайрагдсан харагдана. Хүү "Тэр байр чинь арван давхар байхгүй юу. Би тавдугаар давхраас нь унасан. Миний хөлийг битгий ха­раад бай" гэх мэтийг ярьж хэгжүүр­хэнэ.

Ээж нь 30 орчим насны эмэгтэй байна. Тэрбээр "Хүмүүс буруу ойлгоод байх шиг байна. Санаанд­гүй л юм болчихсон. Сүртэй зүйл биш ээ" гэж ярих юм. Түүний яриа­гаар хүү Тунгалаг гэдэг эмэгтэйг эмээ гэж дууддаг гэнэ. Хамаатан садан биш ч ээж шиг нь тус дам болдог ажээ. Хүүгийнхээ хичээлийг давтуулах гэж Монгол руу буцааж, Тунгалагийнд байлгаж байсан нь тэр гэнэ. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

- Хүүг чинь яагаад тагтан дээ­рээ цоожилчихсон юм бол?
- Манай хүүхэд өөрөө их хөдөл­гөөнтэй, дүрсгүй. Тэр өдөр "Тагтан дээр гарна" гээд байхаар нь гар­гасан юм билээ. Тэгээд санаандгүй цонхны хаалгыг хаачихсан болол­той юм. Вакуум цонхны хаалга хаагд­чихгүй юу даа. Түүнээс са­наатай цоожлоогүй гэдгээ Тунгалаг эгч хэлсэн. Манай Тунгалаг эгч их сайн хүн шүү дээ. Хүүд минь ч их сайн байдаг.

- Хамаатан, садан биш бол яагаад тэднийд хүүхдээ байл­гаад байдаг юм бэ. Тунгалаг эгч хүүхэдгүй юм уу?
- Хүүхэдгүй. Ганц бие. Урьд нь хүүг маань өргөж авъя гэдэг байсан. Ер нь хүүд муу зүйл хийгээд байх хүн биш.

- Хүү өөрөө "Даараад байхаар нь аргагүйн эрхэнд үсэрсэн" гэж мэдүүлсэн байсан.
- Цагдаа нар мэдүүлэг авахад шоконд ороод ухаангүй байсан юм билээ. Юу гэж ярьснаа санахгүй байгаа. Надад ярихдаа тагтан дээр байсан хөнжилнүүд давхарлаад юм харах гэж байгаад уначихсан гэсэн. Тэр нь үнэн байх.

- Хүү чинь нэлээн хүнд гэмт­сэн байна. Тагтан дээр орхиод явчихсанд нь гомдохгүй байна уу?
- Хүү минь эсэн мэнд. Тэгэхээр сүржигнээд байх зүйлгүй. Үүнээс болж Тунгалаг эгчийгээ гомдоогоод баймааргүй байна гэсэн юм.

Хүүгийн аарцагны яс хугарч, түнх нь мултарчээ.

ТУНГАЛАГ: 21 МЯНГАА АВАХ ГЭЖ ДУГААРЛАЖ БАЙСАН ЮМ АА

Тухайн үед хүүг асран хамгаалж байсан Тунгалаг 48 настай. Түүнтэй утсаар холбогдож болсон явдлыг тодрууллаа.

- Хүү танайд ямар учраас бай­сан юм бол?
- Хятадад сурч байгаад ирсэн юм. Уг нь байцаагч намайг энэ талаар элдэв хүнтэй ярьж болохгүй гэсэн шүү дээ.

- Болсон явдлыг л тодруулж байгаа юм. Хүүг эргэж байгаа юу. Нэлээд хүнд гэмтсэн байна лээ.
- Мэдэхгүй байна. Ээж нь яриад энгийн тасаг руу шилжүүлчихсэн гэсэн.

- Та яагаад хүүг тагтан дээр цоожилсон юм бэ?
- Хүүг олсон хүмүүс л тэгж яриад байгаа юм биш үү. Орхиод л гар­чихгүй юу. Би тэр өглөө 9.30 цагт гэрээсээ гарсан.

- Тухайн үед хүү ямар хувцас­тай тагтан дээр гарсан юм бэ?
- Тагтан дээр гарч байгаа юм чинь хувцсаа давхарлана шүү дээ. Гарахдаа харахад тагтан дээр харагдахгүй байсан. Хөдөлгөөнтэй хүүхэд болохоор түлхүүр аваад гарчихсан юм болов уу гэж бодсон. 00-ийнхоо өрөөнд харчихаад л гарчихсан юм. Өөрөө салхилж байгаад л уначихсан юм шиг байна лээ.

- Хүүгийн ээжийг яаж таньдаг юм бэ?
- Эмээтэй нь хамт ажилладаг байсан юм. Эмээ нь нас барахад нь очсон юм. Түүнээс хойш хэдэн сар харьцаагүй. Тэгтэл ээж нь "Хоолгүй байна" гэж дуудсан. Тэгээд л дахиж холбогдсон. Би тус болдог л байсан.

- Та хүүг өргөж авъя гэж гуйж байсан гэдэг үнэн үү?
- Ээжийг нь найман сартай жи­рэмсэн байхад эмээ нь хүүг өргөж аваач гэж гуйдаг байсан. Хүү их туниа муутай төрсөн л дөө. Тэгэ­хээр нь дулаарахаар авъя гээд хойшлуулчихсан. Өргөж авах санаа­тай яваад байхгүй юу даа. Тэгээд юм түшиж явдаг болохоор нь авах гэтэл эмээ нь "Яршиг" гэхээр нь орхичихсон. Сүүлд ээж нь өөрөө гуйсан. Амьдрал нь тааруу­хан айл л даа. Цагаан сар боллоо гэхэд би бололцоогоороо л тусалдаг.

- Таныг хуулийн байгууллагад шалгаж байгаа. Хохирогчид гом­дол гаргаагүй юу?
- Олж авсан хүмүүс цагдаад гомдол гаргасан гэсэн. Орхиод гарсан нь миний буруу л даа. Үнэндээ би 21 мянган төгрөгөө авах гэж гүйчихсэн хэрэг.

Хүүгийн ээж, хуурай эмээ хоёр ингэж ярилаа. Хоёулаа хүүгийн биед санаа зовсон өнгөөр биш асуудал дэгдээхгүй байхыг хүссэн аясаар ярьсан юм. Санаандгүй гэж өмөөрч болох ч бага насны хүүх­дийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг асран хамгаалаг­чид нь бий. Эрүүгийн хуульд эцэг эх, асран хамгаалагч нь асран хамгаалж байгаа хүнээ хараа хя­налтгүй байлгасан бол хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх тухай заасан байдаг. Мөн хүүхдийг халамжлах үүрэгтээ хайнга хандсан бол 3-6 сар ба­ривчлах ял оноох тухай хуулийн заалт байдаг.

Ээж, хуурай эмээ хоёр нь хүүг хөдөлгөөнтэй, дүрсгүй учраас л тагтнаас үсэрчихсэн мэтээр ярьж байгаа. Хүү сэргэлэн тулдаа хөлд­чихгүйн тулд үсрэх ёстой гэж бодож. Даарч чичрэхдээ өндрөөс унах илүү аюултай гэдгийг бодоо­гүй хэрэг.

Хэдэн жилийн өмнө овоон дээр архидаж байсан нөхдүүд хөдлөх­дөө хүүхдээ мартаж орхиод явчих­сан байсан. Нэлээд хол явсныхаа дараа гэнэт санаж, эргээд очиход нь хүүг чоно идчихсэн байсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Гэрээсээ гарахдаа, амсхий­гээд хөдлөхдөө эд зүйлээ мартаж болох ч амьд хүнийг, өөрийгөө хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг мартах нь санамсаргүй гэхээс илүүтэй хариуцлагагүй үйлдэл юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.