Ё.Отгонбаяр: Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон

2012/03/15
Share |
Хүмүүс: Отгонбаяр.Ё | 
Ё.Отгонбаяр: Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон

-Их дээд сургуулийн тоог цөөлөх бодлого хэр үр дүнтэй байна вэ. Сауны дэргэдэх 20 оюутантай хувийн дээд сургууль хүртэл байсан удаа бий.

-Төрийн өмчийн сургуулиудыг хооронд нь нийлүүлсэн ажил нэлээд үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. 42 төрийн өмчийн сургууль байсныг 14 болгосон. Үүний цаад талд нь бид орчин цагт амьдарч байгаа хүмүүс учраас нэг байшинд амьдарч сурмаар байна. Бүгдээрээ таван ханатай гэр барьчихаад амьдраад байна. Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон. Цаашдаа иймэрхүү зүйлсийг улам цөөлнө. 2005 оны үед их, дээд сургуулийн тоо 187 хүрсэн. Намайг ажлаа авч байхад 157 байсан одоо 94 болсон. Энэ бодлогыг үргэлжлүүлж байгаагийн цаана сургуулиудад тавьж байгаа шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Энэ мэргэжлээр олгож байгаа боловсрол чинь стандарт хангаж байна уу, үгүй юу гэдгийг харж байна. Их, дээд сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байгаа. Номын санг нь шинэчилж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийг англи хэл мэддэг байх ёстой гэж үзэн англи хэл заадаг. Тэгсэн хэрнээ их, дээд сургуульд орохоор нь сургуулийн номын сангийн 92 хувь нь дээр үеийн орос ном угтддаг. Тэгэхээр багшийн лекцнээс өөр мэдээлэлгүй оюутны чанар ямар байх вэ гэдэг ойлгомжтой зүйл. Дээд боловсрол чанаргүй гэдгийг бүх сургууль руу нялзаадаг байдлаас татгалзаж, олон улсын итгэмжлэл хийгдсэн, эсвэл манайхыг хүлээн зөвшөөрсөн сургалтуудыг бид бодлогоор дэмжих юм. Тухайлбал, ШУТИС, “Аризона-гийн их сургуультай 2+2 гэсэн хөтөлбөр явуулж байгаа. Энэ нь оюутан хоёр жил ШУТИС-д сураад дараагийн хоёр жил нь “Аризона”-гийн сургуульд суралцаж, хоёр дипломтой төгсөх юм. Өөрөөр хэлбэл, ШУТИС-д олгож байгаа боловсролыг Аризонагийн их сургууль хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Тэгсэн атлаа ШУТИС-д сурах хугацаандаа нэг сая төгрөг, “Аризона”-гийн их сургуульдаа 45 мянга ам.доллараа төлж суралцах юм. Бид нар ямар боловсролыг ямар үнээр олгож байгааг энэ жишээ давхар харуулж байгаа. Үүн дээрээ олон улсын магадлан итгэмжлэл хийлгэнэ гэдэг гадаад, дотоодын улс оронд диплом нь хүлээн зөвшөөрөгдөх асуудал. Цаашдаа хийх өөр нэг ажил бий. Үүнийг би нийгэм маань хараахан бэлэн биш байгаа гэж үзээд оролдоогүй байгаа. Энэ нь манай дээд боловсролын тогтолцоо ерөнхий боловсролын тогтолцоогоо үнэгүйдүүлдэг. Чи онц сурсан ч, муу сурсан ч мөнгө л байвал их, дээд сургуульд орж болно. Тэгэхээр тэр хүүхэд онц сураад байхад ямар хэрэг байгаа юм бэ. Мөнгө л байвал их сургуульд орж болдог энэ байдлын эсрэг нийгмээрээ тэмцэх хэрэгтэй. Одоо дээд сургууль төгсөөд ажилгүй хүмүүс байна гээд байгаа. Манайхан өнөөдрийг хүртэл социалист сэтгэлгээгээрээ яваад байгаа. Би хүүгээ л дээд сургууль төгсөгвөл миний хүү насны хоолтой болно гэсэн ойлголттой яваад байгаа. Тухайн үед манай улс 20 мянган оюутантай байсан. Харин одоо 170 мянган оюутантай. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээрээ багтаж, шингэх газаргүй байх нь аргагүй. Өнгөрсөн оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон Засгийн газраас зарлаж, маш их хэмжээний зардал гаргаж дэмжсэн. Үүний хүрээнд 80 мянган ажлын байр бий болгосны 17 мянга нь дээд боловсролтой, 36 мянга нь мэргэжлийн боловсролтой иргэнд зориулсан байсан. Гэтэл жилд 33 мянган хүн дээд боловсрол эзэмшиж байна. Мэргэжлийн боловсролыг 27 мянган хүн эзэмшиж байна. Ийм байхад худалдагч хийхээс яах юм бэ. Үүнийг л эсэргээр нь эргүүлэх хэрэгтэй.

-Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт багатай мэргэжлийг олноороо сонгодог энэ байдалд хувь хүмүүс хариуцлагатай ханддаг байх зүйлийг нийгэм шаардаж байх шиг байна. Тэгэхгүй бол бүхнийг төр зохицуулах шаардлагатай мэтээр хандах хандлага ажиглагдах боллоо. Дээр нь их, дээд сургууийн төлбөр нэмэгдлээ гээд л жил бүр оюутнууд зам хаагаад л тэмцэх юм. Үнэ нь хямд байгаа нь дээд боловсролоо үнэгүйдүүлээд байгаа юм биш үү?

-Хөдөлмөрийн зах зээлтэй уялдах асуудлыг манайхан хуучны нийгмээ санагалзаад үүнийг төр зохицуулаад өгөөч гэх сэтгэхүй давамгайлаад байдаг. Үүний цаана 1990 онд хийсэн бидний асар том сонголт хөндөгдөнө. Хүн мэргэжлээ өөрөө сонгох эрхтэй. Засгийн газар шийдвэр гаргаад энэ жил 6000 инженер, 2000 багш, 1000 сэтгүүлч бэлтгэнэ гэж квот тогтоож болно. Ингэвэл бидний үед л байсан хувиар сонгох энэ тэр гэсэн зүйл гарч ирнэ. Бид ардчилсан чөлөөт нийгмээ нэгэнт сонгож байгаа юм бол хүн мэргэжлээ өөрөө сонгох хэрэгтэй. Гагцхүү энэ сонголтыг хийхэд нь төр туслах үүрэгтэй. Бид өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль төгссөн оюутны мэдээллийг Хөдөлмөрийн бирж дээр байршуулж эхэлсэн. Эндээс хүүхэд ямар мэргэжлээр сургууль төгсвөл ажил олдож байна вэ гэдгийг харах ёстой. Манай салбарт одоо ч бүрэн арилаагүй байгаа том дутагдал бол хөдөлмөрийн зах зээлийг огт авч хэлэлцдэггүй. Зөвхөн чи надад мөнгөө төлж байна уу тэгвэл би чамайг энэ мэргэжлээр сургаад өгнө гэсэн цэвэр бизнесийн шугамаар явчихсан гажуудал харагдаад байгаа юм. Уг нь төгсөж гарсан хүүхдүүдийнх нь ажлын байраар хэр хангагдаж байгаагаар нь тухайн сургуулийн чанарыг дүгнэж, нэр төрийг нь тодорхойлдог. Өрнөдөд ийм зүйл мөрдөгддөг. Мөн хүн сургууль төгсөөд 6-7 жилийн дотор сургалтын зардлаа бүрэн олж болдог байх ёстой гэж үздэг. Тиймээс “Харвард”-ын их сургууль төгссөн хүн өндөр цалинтай ажлын байран дээр очдог. Сургалтынх нь төлбөр өндөр байдаг. Тиймээс тэдний сургалт чанартай байх ёстой. Манайх бол ШУТИС-ийг сая төгрөг төлж төгсөөд 1000 ам.долларын цалинтай ажилд ороод явна. Ингэвэл тэр хүний дөрвөн жил зарцуулсан сургалтын төлбөрөө ямар ч асуудалгүйгээр олох боломжтой. Тэгэхэд нийгмийн ухааны чиглэлээр сурсан хүн 350 мянган төгрөгийн цалин аваад энэ зардлаа нөхнө гэвэл боломжгүй. Эндээс манай нийгмийн харилцаа энэ тал дээр зохимжгүй байгааг харуулж байна.

 эх сурвалж shuud.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва ЛомоносР¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить марихуаР½Ñƒ Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ METHADONE Москва Орехово-
IP:95.181.176.141  2018-07-17 18:34:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.