Хүсээгүй хүүхэд…

2012/03/19
Share |
Хүмүүс:
Хүсээгүй хүүхэд…

БНХАУ-д өнгөрсөн оны аравдугаар сард хоёр настай бяцхан охиныг автомашинаар мөргөж, гэмтээн, үүний улмаас хөөрхий охин амь насаа алдсан тухай баримтат бичлэг дэлхий нийтийг цочроож байсан.  Хэрэв тухайн үед уг эмгэнэлт хэргийн дүрс бичлэг хийгдээгүй байсан бол хэн ч энэ тухай үнэнийг мэдэж чадахгүй өнгөрөх байсан болов уу. Тиймдээ ч  хүн бүр хятад хүний мөс чанар муутайг гайхаж, амнаас ам дамжин энэ талаар ярилцаж байсан. Үнэндээ баримт үлдсэн учраас тэднийг буруутгахад амархан байсан биз ээ.

Хүний мөс чанар муудсан талаар олныг өгүүлж болох ч бүсгүй хүн, эх хүний үр хүүхдээ гэсэн уян зөөлөн сэтгэл үгүй болж байгаад харамсаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төрүүлсэн үрээ хээр, гадаа хаясан тухай мэдээлэл нилээдгүй гарах  болсон. Тэр ч бүү хэл зочид буудлын өрөөнд төрүүлсэн үрээ орхисон тухай ч нэг хэсэг ярьсан. Харамсалтай эдгээр хэргийн эзэн нь тогтоогдоогүй, тогтоогдсон ч хувь хүний нууц хэмээн холбогдох албаныхан  нууцалдаг гэдэг.

Гэтэл хүний эрхийг дээдэлдэг гэх монголын эмэгтэйчүүд төрүүлсэн үрээ голж орхих, дөнгөж төрүүлчихээд ангир уургийг нь хөхүүлэлгүй энд тэнд хаях нь багадсан бололтой. Саяхан буюу энэ сарын 10-нд БНСУ-д нэгэн монгол эмэгтэй зочид буудалд хүүхдээ төрүүлээд орхисон тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллээр гарч, олныг цочирдуулжээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэвэл,

2012.03.13 18:11 Chosun.com site

”Хүүхдээ гаргаад зугтаав”

Хууль бусаар оршин суугч 20 орчим настай монгол эмэгтэйг баривчлав.  Инчон хотын Самсангийн цагдаагийн газар өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг буудалд орхиод зугтаасан монгол А (23 настай)-г баривчилан саатуулаад байна гэж мэдэгдлээ.

А нь энэ сарын 10 –ны үдээс хойш 15.30 цагт Инчон хотын Бупёон дүүргийн нэгэн буудлын өрөөнд эрэгтэй хүүхэд төрүүлснийхээ дараа хаяад зугтаасан хэргээр сэжиглэгдэн саатуулагдаад байна.

Байцаалтаар А-нь Солонгост 10 гаран жилийн турш хууль бусаар амьдарч байгаа  ба монгол найз залуугаасаа хүүхэдтэй болсон гэж тайлбарлалаа.

Цагдаагийн газар нь хүүхдийн эцэг Б-нь 3-4 сарын өмнө “хүүхэд өсгөх чадвар байхгүй” гэсэн шалтгаанаар жирэмсэн байсан А-г Солонгост орхиод монгол буцсан гэж мэдэгдлээ.

А нь цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө  “Ганцаараа Солонгост үлдээд хэзээ нутаг  буцахаа мэдэхгүй байсан. Эцэггүй хүүхэдтэй байхыг  хүсэхгүй байна.  Эдийн засгийн чадвар муу тул хүүхдийг асрамжийн газар өгвөл сайн байна” гэжээ. Түргэн тусламжийн газрынхан хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд хүүхдийн бие болон амь насанд нь ямар нэгэн асуудалгүй гэж мэдэгдлээ.  Цагдаагийн ажилтнууд байцаалтаа дуусангуут л Гадаадын иргэний хэрг эрхлэх газарт А-г шилжүүлэх бөгөөд түүнийг шууд нутаг буцаахаар шийджээ.

Энэхүү мэдээллээс үүдэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эмэгтэй хүн, эх хүний тухай, хүний мөс чанарын тухай нилээдгүй яригдаж байна. Өмнө тус улсад хүүхдээ төрүүлээд жорлонгийн усанд живүүлж, дараа нь гэрээсээ 200 гаран метрийн цаана байх хогийн цэгт уутанд хийгээд хаясан 26 настай Мун гэдэг эмэгтэйг цагдаа нар зургаан сарын дараа баривчилж байсан тухай ч тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацадаж байсан байна.

“Хүсээгүй хүүхэд”-ийн хувь заяаг яаж шийдэх эрх эмэгтэй хүнд байж болох ч, хэн нэгэн насаараа ч хүсээд  үр хүүхэд заяахгүй хорвоог туулж байгаа. Хүний мөс чанартай холбоотой энэ асуудалд эмэгтэйчүүд бурууг хүлээж байгаа ч ийм алхамд хүргэсэн эрэгтэйчүүд бидний дунд гэм зэмгүй алхаж явдаг нь даанч гачлантай.

П.Наран

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.