Мисс С.Мөнхцэцэг: Олуулаа ганц өрөө байранд амьдардаг учраас нэрэлхдэг

2012/03/19
Share |
Хүмүүс:
Мисс С.Мөнхцэцэг: Олуулаа ганц өрөө байранд амьдардаг учраас нэрэлхдэг

Үе үеийн сайхан бүсгүйчүүд дундаас магадгүй хамгийн бахархалтайгаар энэ алтан эрдэнийн титмийг гардсан бүсгүй бол С.Мөнхцэцэг биз. Тиймдээ ч өнөөдөр миссүүдийн мисс гэх үг дагалдаж явдаг. Сайхан бүсгүй жаргадаггүйн үлгэрээр ч юм уу, түүний хувийн амьдрал чамгүй ээдрээтэй.  Түүнийг УИХ-ын эрхэм гишүүн, “Монгол шуудан”-гийн Д.Зоригттой олон жил амраг сэтгэлийн харилцаатай байж, ижий аав бололцсоныг ойр дотныхон нь хуучилдаг. Юутай ч энэ өдрүүдэд биднээ сураг ажиг тасраад удаж буй гоо бүсгүй тэртээ 20 жилийн өмнө юу гэж хуучилж байсныг хамтдаа сонирхъё.   

- “Сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан үеэ дурсаач. Энэ тэмцээний талаар юу гэж боддог вэ?
- Амьдралд гайхам сонин учрал олон тохиолдоосой. Би тэгж боддог юм. Тэмцээнд орохдоо ийм нэгэн учрал болоосой гэж бодсон. Өөр нэг их зүйл ч бодоогүй. Тэмцээнд оролцох явцдаа нэгэнт орчихсон юм ялагдахгүйн төлөө гэсэн сэтгэлтэй байсан. Харин одоо тэмцээний тухай ямар ч сайхан дурсамж алга болчихжээ. Зохион байгуулагчид нь мөнгөний хойноос хэтэрхий хөөцөлдөөд байх шиг санагдсан. Тэмцээн бол тэмцээн. Тэгээд л явагдаад өнгөрсөн. Харин дараа нь олны өмнө нөгөө л купальниктай ахин дахин гарахыг биднээс шахаж шаардах хандлага ажиглагдсан. Сайхан бүсгүйн тэмцээнийг жил бүр зохиогоод байвал улиг болчихно доо. Хүмүүс ч сонирхохгүй биз. 3-5 жилд нэг удаа сайн бэлтгэлтэй хийх хэрэгтэй санагддаг.

- Чи ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
- Жаахан оршил ярьчихъя, болох уу. Гадаад хэлний дээд сургуулийн англи хэлний ангид энэ жил дөнгөж орсон. Ирэх жилээс 2 дахь хэлээ сонгож суралцана. Сайн шийдээгүй байна. Магадгүй хятад хэл үзэх байх. Олигтойхон суралцвал амьдрал өөдрөг байх болов уу даа. Сүүлийн үед жинхэнэ мэдлэг эзэмшихгүйгээр ямар ч диплом хэрэггүй болох хандлага ажиглагдах боллоо.

- Чамайг нэг жил ажиллаад дээд сургуульд орсон гэж сонссон?
- Ажиллаж байгаад суралцах нь ашигтай л юм шиг санагддаг. Ядахдаа мөнгөний үнэ цэнийг мэддэг болдог юм билээ. Нөгөө талаар амьдралын гэгээтэй, бараантай өнгө төрхийг илүү мэдрэмтгий болчихсон байдаг.

- Хүний ямар чанарыг үнэлдэг вэ?
- Үнэнч байх.

- Чамтай сурвалжлагчид олон уулздаг уу?
- Уулздаг. Бас миний тухай бичсэн зүйл ч нэлээд их бий. Байгаа юмыг нэмэр чимэггүй байгаагаар нь бичээсэй гэж боддог. Харин гадаадын сурвалжлагчдыг гэртээ ирүүлэхгүй юмсан гэж боддог. Нэрэлхээд ч юм уу. Бид олуулаа ганц өрөө байранд л суудаг юм шүү дээ.
Мөнхцэцэг наадмаар Буянт-Ухаагийн тэнүүн талд буудалласан уяачид дээр очих үедээ авахуулсан нэг сайхан зургаа бидэнд үзүүлээд ийм энгийн байхад авахуулсан зургандаа илүү дуртай гэж өгүүлсэн. Тэр удахгүй Москвад суралцдаг нөхөр лүүгээ явна гэж ярьсан. Буянт-Ухаагийн замаар дахиад л давхин одох нь. Аяны зам нь үргэлж өөдрөг гэрэл гэгээтэй байх болтугай.   

С.Цэрэндорж “Есөн гоо бүсгүй” номноос хэсэглэн авав.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.