Харьд адлагдсан залуу нас

2008/05/05
Share |
Хүмүүс:
Харьд адлагдсан залуу нас

...Өмнөх аян замын тэмдэглэлийнхээ төгсгөлийг Солонгост ажиллаж байгаа монголчууд гундуухан байна лээ гэж төгсгөсөн минь учиртай. АН-ын дарга Ц.Элбэгдоржийн хэлснээр хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон Сөүл дэх “Монголын үдэш”-т цугларсан монголчуудын нудний харц бүхнийг хэлж байсан. Тэдний харц цаанаа л гунигтай. Хэдий ижий, аав, ах дүү амраг садандаа сайн байгаагаа дуулгахаар нүүрэндээ инээмсэглэл тодруулан, телевизийн камер харан ярьж байгаа ч тэд Монголд үлдсэн амьдралаа авч явахын тулд бүхнийг тэвчиж, мөнгөний захад хүрдэг юм билээ. Биднийг Сөүлд байх үед зарим хотод ажиллаж байгаа хараар ажиллагсад нуугдахаас өөр аргагүй байдалд орсон нь найзын минь утсаар хэлсэн ярианаас тодорхой байсан. Их сургуульд хамт суралцаж байсан найз маань утасны цаанаас уулзах юм сан гэдэг угийг олонтаа хэлж байсан ч ирж чадаагүй. Зочид буудалд байрлаж байгаа ахтайгаа уулзахаар ирсэн охин надтай хоолны ширээнд хамт суулаа. Энэ охин мөн л бултагсдын нэг. Солонгост ирээд бараг зургаан cap болж байгаа охин одоо гайгүй гэнэ. Энэ хугацаанд хэд хэдэн ажил сольж амжжээ. Уг нь энэ бүсгүйн гараас хөтлөөд аваад явчих ах дүү нар нь энд байгаа гэсэн. Гэсэн ч энэ монгол охин үүргэвч үүрэн харийн гудамжаар цөхөртлөө явж байсан үе олон гэнэ. Дээр нь Солонгос хэл мэдэхгүй нь хөл гарыг нь тушсанаас ялгаагүй аж. Би та нарт нэг инээдтэй зүйл хэлэх үү. Манай багийнхан автобуснаас бууж, суух тоолондоо зохион байгуулагч Солонгосчуудын тооллогот орж байсан. Заримдаа бүр зургуулхнаа байгаа мөртлөө л тоолуулчихдаг байлаа. Биднийг тэд харлачихна гэж л бодохгүй юу. Хөөрхий харьд залуу нас нь хямдарсан тэдний нэгтэй л уулзахад ингэж ярьсан юм. Тэднийгээ мөнгө үйлдвэрлэгчид гэж битгий бодоорой. Сөүл дэх “Монголын үдэш” 8000 гаруй монголчуудыг цуглуулж чадах нь ч чадсан. Өглөө орой үдэшгүй ажилладаг тэдний нуруу нэг өдөр ч гэсэн тэнийж, нутаг нэгтнээ харж баяссан гэдэгт найдаж байна. Хамт Солонгосыг зорьсон сэтгүүлчдийн ихэнх нь найз нөхөдтэйгөө уулзсанаа ярьж байлаа. Харин найзуудынх нь ихэнх жин хассан байна гэсэн. Цаг завгүй ажил, хөдөлгөөн тэднийг тийм болгожээ. Гэхдээ та Солонгост тарган хүн ер харахгүй. Тэгсэн мөртлөө хоолоо сойж байгаа хүн харахгүй. Энэ ард түмэн өлсөхийг хэзээ ч тэвчдэггүй, ажилсаг ард түмэн гэдэг нь үнэн юм билээ. “Олимпик стадион”-ны гадна дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хөл хөдөлгөөн ихтэй байсан. “Монголын үдэш”-т оролцохоор ирсэн монголчуудтайгаа уулзаж, сониноороо дамжуулан ах дүүтэй нь уулзуулчих санаатай явж байтал ” Та нар хотын амьдрал л яриад байх юм. Хөдөө цаг агаар их хүйтэрч, зуд турхан болоод байгаа гэсэн шүү дээ” гэсээр нэгэн залуу дөхөж ирсэн юм. Дорнод аймгаас Солонгост ирсэн энэ залууг О.Баттөр гэдэг. Хуан-Ши хотоос хурдны автобусаар ирэхэд таван цаг орчим явдаг аж. Тэрбээр юутай ч цагтаа амжиж ирсэн бөгөөд концертын үеэр хамгийн эхний эгнээнд суусан харагдав.
-Сайн байна уу, та. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Солонгост ирээд хэдэн жил болж байна вэ?
-Сайн явцгааж байна уу. Энд ирээд хоёр жил болж байна. Гэрээгээр ирсэн л дээ. Солонгост ажиллахаасаа өмнө малчин, жолооч зэрэг ажил хийж явлаа. Манай нутагт шороон шуурга болж, гантай байгааг дуулаад сэтгэл зовж суух юм.
-Солонгост ажиллаж амьдрах тэгээд ямар байна. Ямар үйлдвэрт ажиллаж байна вэ?
-Эхлээд бетоны үйлдвэрт ажиллаж байлаа. Харин одоо төмрийн үйлдвэрт ажиллаж байна. Солонгосчууд мөнгөтэй болж байна. Эдний аль хүнд хүчир ажлыг л гадныхан хийдэг. Нутгаа, тэр дундаа хоёр хүүтээ их санах юм даа. Дөнгөж сая би МИАТ-ийн онгоцны тасалбарын үнийг харчихаад гарч ирлээ. Гэр бүлийн хүн маань байхгүй. Муу хоёр хүүгээ л их санах юм. Уг нь утсаар их л ярьдаг.
-Хоёр хүү чинь хэдэн настай вэ?
-Зургаа, долдугаар ангид сурдаг.
-Манайхны талаар зарим таагүй зүйл сонсогдох юм. Энд ирээд хэрэг төвөгт орж, архинд орчихдог гээд л ярих юм?
-Тухайн хүнээс л шалтгаална. Зарим нь гэр орноо санаж, Монголоос таагүй мэдээ сонсох юм бол архи уудаг. Ер нь Солонгосчууд өөрсдөө сөжүгээ их уудаг.
-Байрны үнэ Монголд тэнгэрт хадаж байна. Харин та нарын цалин тэр хэрээр нэмэгдэхгүй шүү дээ. Гэрээний хугацаа чинь дуусахад нэг жил дутуу байна. Ирсэн зорилгоо биелүүлж чадаж байна уу?
-Юутай ч гэрээгээ дуусгана. Хүмүүс амьдрах тохилог сууц, хөл дүүжлэх унаатай болох зорилготой ирдэг л байх. Миний хувьд нутагтаа очоод мал аж ахуй эрхлэнэ. Боломжийн гэр орон, хашаа байшин худалдаж аваад нутагтаа амьдрах сонирхолтой.
-Зарим ажил олгогч эзэд монгол ажилчидтай үнэхээр тийм бүдүүлэг ханддаг уу. Уг нь манайхныг хамгийн сайн ажиллах хүчин гэж магтдаг гэсэн?
-Ер нь гадаад ажилчидтай бүдүүлэг харилцдаг шүү. Харин үйлдвэрийн эзэд дарга нар тэгж харилцахгүй. Анх ирж байхдаа би “Сэки”/гөлөг/ гээд дуудахад нь гүйгээд л очдог байлаа. Хэл мэдэхгүйн харгай шүү дээ. Харин одоо бол гайгүй. Монголчууд хамгийн сайн ажиллах хүчин. Эрчүүд нь хүнд үйлдвэрүүдэд ажиллана. Би анх бетоны үйлдвэрт хуваарилагдаж байлаа. Ажил хүндхэн л байсан”. Өнгөрсөн зун миний арьс яг л нялх хүүхдийнх шиг нурсан. Гэхдээ 14 сарынхаа цалинг авахын тулд гүрийчихсэн.
-Одоо төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа гэл үү. Шинэ эзэдтэйгээ дасч байна уу?
-Одоо дажгүй. Хүн бүр юу гэж муухай загнаад байх вэ дээ. Би энд их ганцаарддаг. Тэгээд юм бодоод суучихдаг. Намайг юм бодоод сууж байхыг харсан хамт ажилладаг солонгосчууд “Төөгий сэн юу бодоод суугаад байгаа юм бэ” гэж асуудаг.
-Солонгос руу ажиллахаар явах залуусын их нүүдэл ер тасрахгүй нь. Энд ирэхийн тулд ямар ч аргаар хамаагүй виз даруулахыг хүсч байна. Тэдэнд ирэхээс нь өмнө зөвлөх үг хэлэхгүй юу?
-Хамгийн түрүүн энд ирээд шууд ажиллана гэдгээ л ойлгох хэрэгтэй. Таны халаасанд мөнгө зүгээр л урсаад орчихгүй. Хий дэвэргэн мөрөөдөл өвөртөлж ирээд хэрэггүй шүү. Тэгээд юун түрүүн хэл сур. Хэлгүй бол хөлгүй гэдэг үнэн гэдгийг энд ирээд мэдэрнэ. Тиймээс хэл сурч, ажил хийж сур. Ажил хийж чаддаггүй жоохон залуус ирээд их шантардаг. Үүнээсээ болж элдэв хэрэг төвөгт орооцолдоно. Хүний итгэлийг дааж сурах хэрэгтэй. Баян хүмүүс таны зовлонг хэзээ ч ойлгохгүй гэж хэлье. Дээр нь бас хүний нутагт бблгоомжтой ажиллах хэрэгтэй. Хэн нэгэн үйлдвэрийн осолд орлоо гэхэд таны буруу болоод л өнгөрнө. Ямар нэгэн ажил хайж байвал ах дүү нарын хамтарсан үйлдвэр дэмий гэж хэлье.
-Солонгост ядуу хүмүүс бараг л байхгүй юм?
-Залуучууд нь 30 нас хүртлээ бараг л ажил хөдөлмөр хийдэггүй юм билээ. Харин үүнээс хойш өрх гэрээ авч явахын тулд ажиллана. Өө, тэр гуйлгачин ядуу хүмүүс байна шүү. Ялангуяа Үжинбүд бол манай өвгөнтийнх шиг хүмүүстэй их тааралдана.
-Монголд УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Та аль намыг дэмждэг вэ. Хэрэв АН ялбал Монгол, Солонгосын хооронд визгүй зорчих асуудал нааштайгаар шийдэгдэх тухай манай багийнхны дунд ярна гарч байна л даа?
-Би нам бус. Гэхдээ АН-ыг дэмждэг. Манай томчууд сайхан ярьдаг шигээ ажил хийдэг бол сайхан л байна. Мэдээж Монгол, Солонгосын хооронд визгүй зорчвол сайхан л байна. Харин Солонгосчууд эдийн засгийн байдал алдагдана гээд зөвшөөрөх болов уу даа.
-Ажлаа сайн хийгээд эх орондоо эсэн мэнд ирээрэй. Та гэрийнхэндээ манай сониноор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Дорнод аймгийн төвд суугаа аав Очирхуяг, ээж Бурмаа болон хоёр хүү, охин дүүдээ сайн сууж байгаарай гэж хэлье. Хүү нь удахгүй та нартаа очно гэлээ. Манайхан тэнд ядарч л явна. Солонгосын ард түмэн баян айлын хүүхэд шиг байхад бид харин ядуу айлын хүүхэд шиг явсаар л байна. “Монголын үдэш” концерт үзэж суухад зэрэгцэж суусан сэтгүүлч бүсгүй маань нэгэн залуутай чих дөжрөөм дуунд үг сольж суусан юм. Түүнээс залуу юу ярьсныг сонирхоход энэ залуу хамаг мөнгөө гэрийнхэндээ найз охиндоо явуулдгаа ярьжээ. Энэ залуу мөнгө явуулахаа үүрэг гэж л боддог гэнэ. Харин тэрбээр жаахан гомдсоноо сэтгүүлч бүсгүйд ярьжээ. Манай багийнхан Монголоос баахан дайвартай тэнд очсон. Гэрийнхнээсээ ирсэн ааруул, тос, чихэр жимсхэнийг тэд ямар амтархаж иддэг гээч. Тэд өлссөндөө биш. Монголтаунд тэр бүхэн өрөөстэй. Харин тэд нутаг, ижий аав, үр хүүхдээ санасан сэтгэлээ ингэж л тайтгууралдгаа хэлж байлаа. Харин энэ залуугаас cap бүр мөнгө нэхдэг оюутан найз бүсгүй нь атга чихэр ч өгч явуулаагүйд тэрбээр гомдсоноо хэлсэн байна лээ...

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ikagzlxb , http://diawelmabe.emeineseite. de/blog/dating-baden-baden.htm l dating_baden_baden, http://jayventizard.emeineseit e.de/blog/mark-driscoll-dating -principles.html mark_driscoll_dating_principle s, http://diffdophires.emeineseit e.de/blog/single-frau.html single_frau,
IP:185.13.32.33  2018-12-18 15:31:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.