Х.Бадамгэрэл: Загвар өмсөгчдийг боловсролгүй гэдэгтэй санал нийлдэггүй

2012/03/20
Share |
Хүмүүс:
Х.Бадамгэрэл: Загвар өмсөгчдийг боловсролгүй гэдэгтэй санал нийлдэггүй

“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын мисс Хүрэлбаатарын Бадамгэрэлтэй ярилцлаа.

-Таны бага нас хаана өнгөр­сөн бэ?

-Миний бага нас 220 мянгатад өнгөрсөн. Багадаа даруухан хүү­хэд байлаа. Ерөнхийдөө бүрэг талдаа болохоор нам гүмхэн бай­даг байсан. Харин бусдын өмнө нээлттэй байх, илэн далангүй ярилцах, хөгжих боломжийг заг­вараас сурсан юм. Олон сайхны өмнө зоригтойгоор өөрийгөө нээж өгч чадсан гэж боддог. Хүүхэд бай­хаасаа дуу, хөгжим, бүжгийн дугуй­ланд явж байсан болохоор аливаа нэгэн зүйлд мэдрэмжтэй хандаж сурсан юм болов уу. Энэ бүх зүйлд ээж намайг хөтөлж оруулдаг бай­сан. Түүнээс өмнө ярь гээд байхад л дуугарч өгдөггүй хүүхэд байлаа шүү дээ. Би гурван эрэгтэй дүүгээ ээжтэйгээ хамт өсгөлцсөн. Тийм болохоор миний амьдралд хандах хандлага болон хүмүүжилд минь эерэгээр нөлөөлсөн. Бага байхдаа л ижийнхээ дэргэд байж сайн мууг үзсэн болохоор ертөнцийг үзэх үзэл минь бусад хүмүүсийнхээс өөр. Эрэгтэй хүүхдүүдийг дэг журам­­тай, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлтэй болгож хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч ээж бид хоёрын төлөвлөсөн бүхэн одоо биеллээ олж байна.

-Бага байхын өндөр хүүх­дүүдийн тоонд ордог байв уу. Таны өндөр хэд вэ?

-Багадаа бол тийм өндөр бай­гаагүй ээ. Нэгдүгээр ангиасаа тавдугаар анги хүртлээ доороосоо гуравт зогсоно. Харин зургадугаар ангид орохдоо ангийнхнаа “суга” алгасаж нэлээд дээгүүр жагсаад долдугаар ангиасаа дээрээсээ хоёрт зогсдог болсон. Одоо бол ангийнхаа хамгийн өндөр нь. Өндөр бол манай удмынх. Манай аав ээж биерхүү хүмүүс байдаг. Миний өндөр 178 см.

-Гурван эрэгтэй дүүтэй гэж байсан. Гэр бүлээ танилцуу­лахгүй юу?

-Манай аавыг Р.Хүрэлбаатар гэдэг. Швейцарь улсад амьдардаг. Ээжийг маань Г.Батсүх гэдэг. Бат­лан хамгаалахын их сургуулийн магистр хариуцсан захирлын алба хашдаг. Бадамдэлгэр, Мөнх-Од, Мөнх-Амгалан гэдэг гурван сайхан дүүтэй. Хоёр нь оюутан, бага дүү ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Бид дөрөв хатуу дэг журам­тай, хүмүүжилтэй айлын хүүхдүүд. Өвөө маань спортын хүн байсан болохоор өндөр шаардлага тавь­даг байсан. Өвөөгийнхөө хайртай зээ охин нь байсан тул шаардла­гад нь хүрэхийн тулд хичээж ирсэн. 10 жилийн тухайд Герман-Мон­голын хамтарсан 38 дугаар сургуу­лийн герман хэлний ангийг төгссөн. Сая сургуулийн маань 20 жилийн ой тохиолоо. Ямар ч байсан Бадам­­гэрэл гэж хүн энэ сургуульд сурч байсныг хүн болгон мэддэг болсон байна лээ.

-Та ямар брэндийг илүүд үздэг вэ?

-”Louis Vuitton”-ы гутал, цүнх таалагддаг.

-Эмэгтэй хүний насыг асуу­даггүй гэдэг. Та ямар жилд төр­сөн билээ?

-Би 1990 оны цагаан морин жил төр­сөн.

-Олны танил мисс бүсгүйг гадуур явахад харц унагах залуус олон байдаг уу?

-Түүнийг би анзаардаггүй. Тийм байлаа гэхэд энэ бол шаналмаар зүйл биш л дээ. Харин монголчууд их туйлшрамтгай юм шиг санагд­даг. Тэр хүн “муу” гэсэн л бол цаад хүнээ өөрчлөгдөхийг хүлээдэггүй. Өөрчлөгдсөн ч хүлээж авахыг хүс­дэггүй. Сайн, муу аль нь ч бай цаг хугацааны хуулиар өөрч­лөгд­дөг. Хүн өөрч­лөгдөж болдог гэдгийг ухаа­рах хэрэгтэй. Манайхан сайн яваа нэгэндээ атаархаж яа­гаад энэ ийм өндөрлөгт хүрэв гээд ухаж төнхөөд эхэлдэг. Энэ нь надад таалагддаггүй. Яагаад хийж бүтээх хүсэл зо­рилго дүүрэн байгаа за­луу­саа дэмжээд өгөхгүй байна вэ.

-Сүүлийн үед рек­лам, кинонд их чад­варлаг тог­лож харагд­сан. Дэл­­гэцийн урлагт хүч со­­рих ямар са­нагд­сан бэ?

-ШУТИС-ийн КТМС-ийг Марке­тин­гийн удирд­ла­гаар 2011 онд төгссөн. Энэ сур­гуульд хүсэж мө­рөө­­дөж орж билээ. Хэр баргийн хүүхэд толгойгоороо ороод бай­хааргүй сургуульд оюутан бол­сон минь азтай хэрэг. Киноны хувьд гэвэл сүүлд “Валентины захи­дал” ки­нонд тоглосон юм. Үүнээс өмнө кинонд тоглох хэд хэдэн санал ирж байсан. Харин зохиол нь миний байгаа байдал, үзэл бод­лоос минь ангид байсан болохоор урилгыг нь буцаасан юм. Энэ кино­ны хувьд гэвэл миний бүтээхийг зорьсон дүр мөн байсан. Багын минь дүрийг өөрийн эрхгүй санаг­дуулсан болохоор Дөлгөөн гэж гол дүрийн охины дүрийг бүтээ­хээс татгалзаагүй. Миний хүсэл мөрөө­дөл бол хойч үедээ хийсэн бүтээс­нээ үлдээх юм. Хийсэн зүйл­тэй хүн үр хойчдоо магтагдан, дурсагдах болно. Тэр үүднээс энэ кинонд тоглосон. Жүжигчин хүн мөнх амьдардаг гэдэг дээ.

-Багын сурлага сайтай байж дээ. Миссүүдийг хүмүүс бо­ловсролын тал дээр нь голонгуй байдаг нь нууц биш…

-Хүмүүс загварынхныг боловс­ролгүй гэдэг. Хүн болгон тийм биш. Ганц нэг хүнээс болоод бүгдийг нь тэгж дүгнэж болохгүй. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэдэг шиг юм болоод байна. Миний хувьд 10 жилд байхын хичээл номдоо шамддаг байсан. Угаасаа ч гэр бүл маань хатуу дэг журамтай тул хичээл хийхгүй байна гэдэг санаанд ерөөс буудаггүй байж. Тэр чанга хүмүүж­лийн үр дүнд өөрийн хүссэн сур­гуульдаа орж чадсан. Дэлхийн 1000 шилдэг их сургуулийн нэгээр шалгарсан сургуульд оюутан бол­но гэдэг сайхан. Тэгээд ч сургуулиа “А” үнэлгээтэй төгссөн шүү.

-Хүссэн сургуульдаа дуртай мэргэжлээрээ суралцсан юм бол одоо мэргэжлийн дагуу ажил­­лаж байгаа юу?

-Одоо “Азийн модель” агент­лагийн гүйцэтгэх захирлаар ажил­лаж байгаа. Энэ үүднээсээ агент­лагийн гадаад, дотоод маркетин­гийн ажлуудыг хариуцна. Манай захирлаар мисс Ч.Содтуяа эгч ажилладаг. Бидний зорилго нэг болохоор баг болж хамтарч ажил­лахад хүндрэл гардаггүй. Хүн өөрийн сонирхолтой зүйлдээ цаг зав гаргадаг биз дээ. Миний хувьд сонирхлынхоо хүрээнд үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Монголын шилдэг 100 за­луу­гийн нэгээр шалгарахдаа та “Бүх салбарт өөрийн хүчийг үзнэ” гэж хэлж байсан. Эхнээсээ хүчээ өгч эхэлсэн байлгүй?

-Залуу хүн эрч хүчтэй, ба­дамлаж буй гал шиг байгаа дээрээ нийгмийн олон салбарт орж ажил­лах хугацаандаа өөрийн байр суурь, нэр хүндийг олох хэрэг­тэй. Олон салбарт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадах үед өөртөө асар их туршлага хуримтлуулсан байх болно. Сүүлд нь тэр хүнд өөрт нь хэрэгтэй. Тэрнээсээ хүн хөгжиж, суралцаж байдаг. Тийм болохоор ганц загвар, маркетингийн сал­барыг онцлоод байх биш олон зүйлд чадах, чадахгүйгээ үзье гэж боддог. Ирээдүйд агентлагаа заг­варын өнгө төрхийг тодорхойлж чадахуйц хэмжээний томоохон байгууллага болгох бодол бий. Ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Өсвөр үеийнхний хүмүү­жил, гоо зүйн боловсролд анхаарч ажиллаж байгаа.

-Та хорь гарч яваа залуу хүн. Таны багшилдаг “Азийн модель” агентлагийн хүүхдүүд загварын ертөнцөд танигдаад эхэлчихлээ. Шавь нараараа бахархдаг байлгүй…

-Үүн дээр би бахархалтай бай­даг. Содоо эгч (мисс Ч.Содтуяа) бид хоёрын шавь нарын бахархам зүйл нь хүмүүжилтэй, хүнийг хүн­дэтгэж харьцдаг. Хийж буй зүйлдээ үнэн­хүү сэтгэл зүтгэлээ зориулж чаддаг нь том давуу тал. 12-18 насны хүүхдүүдийг ээж, аав нар нь бидэнд итгэж гоо сайхны хүмүү­жилтэй хүн болгуулах гэж авчирч өгдөг. Тэр олон хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй. “Miss Mongolia-2011″ уралдаанаас миний гарын шавь Билгүүнзаяа “Дэд мисс”-ийн шаг­нал хүртсэн. Энэ тэмцээнээс оюу­тан миссд оролцох эрх авч тэр уралдаанаас “Дэлхийн энхтайвны дуу хоолой” гэсэн өргөмжлөлөөр шагнуулж бүтэн жилийн турш энхтайвны үйл ажиллагаанд орол­цож байна. Мөн Энхжин гээд шавь маань “Манжуурын мисс”-т гурав­дугаар байрт шалгарсан. 16 нас­тай хүүхэд гэхэд өөрийн хэмжээнд том амжилт гаргаад байна.

-Мисс Бадамгэрэл гэж дуу­дуулахад гоё байдаг уу?

-Үгүй. Хүмүүс намайг мисс л гэдэг. Миссийн цаана хичнээн олон зүйл байдгийг мэддэггүй. Би мис­сээс гадна нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцдог. Өөрийн зүгээс хүмүүст тусалчих юмсан гээд явах гэхээр энэ гоёж гоо­дохоос өөр зүйл мэдэхгүй хүн гэж зарим нь боддог болол­той. Хүн хийж бүтээе гэж байхад нь хийлгэх л хэрэгтэй. Хийж чадахгүй бол тэгж хэлэхгүй байсан. Намайг мисс гэдэг утгаар биш хийсэн бүтээснээр минь тань­даг байгаасай. Ямарваа нэгэн зүйлийг болгохын тулд хичээл зүтгэл гаргаж чар­­майсан гэдгийг ойл­гоо­­сой. Би нэг эхэлсэн зүйлээ заа­вал дуусгаж байж санаа амардаг.

-Таны бодлоор сайн хүн, сайхан хүн гэж ямар хүнийг хэлэх бол оо?

-Тухайн хүний хүмүүжлийн асуу­­дал болов уу. Сайн болох, эс болохын тухайд хувь хүний үзэл бодлоос шалтгаална. Хүн болгон сайн хүн байх албагүй ч хийсэн ажилдаа эзэн болж, хүнд чин сэт­гэлээрээ тусалж, буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Сайхны тухайд хамгийн ойр жишээ гэвэл Содоо эгч байна. Үргэлж сайхан зүйл ярьж, төлөвлөж, түүний гүйцэлдүүлж чаддаг. Алтны дэргэдэх гууль шар­лана гэдэг шиг энэ хүний дэргэд байгаагийн хувьд өөрийн алдааг засч чаддаг.

-Хүн болгоны дотор эмзэглэл оршдог. Х.Бадамгэрэл юунд эмзэглэж явдаг вэ?

-Эмзэглэл хүн болгонд өөр өөрөөр буудаг байх. Миний хувьд залуусын оюуны доройтолд эмзэг­лэж явдаг. Түүнээс дутахгүй сургуу­лийн жаахан хүүхдүүд тамхи татаж, архи уудаг. Шоу цэнгээн нь хэтэр­сэн, цаг зав дэндүү их байна. Үүнээс шалтгаалан нийгэмд хэрэг­тэй хүн болж төлөвшиж чадахгүй байгаа юм болов уу.

-Та наснаасаа илүү намбатай харагдах юм аа. Нүүр будалт ч юм уу ямар нэгэн шалтгаан бий болов уу?

-Зарим нэг хүмүүсээс би нас­наасаа илүү намбатай гэсэн зэм­лэл хүртэж байсан. Энэ миний ажил мэргэжил, хийж буй зүйлтэй шууд холбоотой болов уу. Үргэлж завгүй, ажилтай байдаг нь миний нэг давуу тал, зөв хэвшил юм. Гэртээ зүгээр суухаар уцаарласаар байгаад таардаг. Төлөвлөгөөний дагуу өдрийн ажлууд бүтээд түү­ний­­гээ дэвтэртээ ногооноор тэм­дэг­лэх миний аз жаргалын нэг шүү дээ.

-Арван жилийн дараа таны хувьд юу өөрчлөгдсөн байх бол. Ирээдүйнхээ тухай бага ч гэсэн хуваалцахгүй юу?

-10 жилийн дараа мөн л төлөв­лөгөөнийхөө дагуу амьдрал маань үргэлжилсээр байх болно. Ямар байсан таван хүүхэдтэй болсон байх болов уу. Нэг охин, дөрвөн хүүтэй эрүүл энх, аз жаргалтай өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсэж байна. 10 жилийн дараа заавал тийм болсон байх ёстой гэж боддог. Өөрийн гэсэн байр суурь­тай, эзэмшсэн мэргэжил маань намайг хаана ч аваад явчихдаг, хүүхдүүд маань ээжийнхээ хийж бүтээснээр бахархдаг байгаасай гэж л хүсдэг. Тэжээж чадаж л бай­вал энэнээс олон хүүхэдтэй боло­хыг үгүйсгэхгүй.

-Хувь заяагаа өөрийн гараар зурж зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж яваа юм байна. Та шүтлэгтэй юу?

-Миний хувьд шүтлэггүй талдаа хүн. Гэхдээ манай гэр бүл бөөгийн сахиустай. Тийм боло­хоор түүндээ итгэхгүй байж болох­гүй. Цагаан сарын дараа шинийн 15-ндаа багтаад уншуулах номоо лам хув­рагаар уншуулчихдаг. Шашинд хэт орчихсон хүн өөрийн­хөө зо­рил­гыг мартчихдаг юм шиг санагд­даг. Бурхан миний өмнөөс бүх зүйлийг шийдэж өгнө гэж бод­дог хүмүүс байдаг. Хувь хүн өөрөө амьдарч байгаагаа мартчихаад сүслэн зал­бираад уйлж, дуулаад бөөн юм болдог. Өөрөөс нь бүх зүйл шалт­гаалах учраас бурхан үүнд нө­лөөлнө гэж байхгүй. Миний үзэл бодол ийм л байдаг.

-Таныг миссүүд дундаа хам­гийн царайлаг нь, мөн хамгийн эршүүд нь гэдэг юм билээ…

-Гурван эрэгтэй дүүгээ өсгөсөн болохоор эршүүд байж магадгүй. Ямар ч байсан би юмыг тойруулж ярих дургүй. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлчихдэг. Түс тас шууд асуудлыг зохицуулдаг зан маань эрэгтэй дүү нартайгийн гавьяа гэж боддог. Эршүүд байлаа гээд муу юм алга. Хүмүүстэй харьцаж хамт­ран ажиллахад хүртэл амар бай­даг. Гэхдээ эршүүд гэх нь хаашаа юм. Хатуу, чанга гэж ойлгож болно.

-Аз жаргалтай мөчүүдээсээ хуваалцахгүй юу?

-Тухайн өдрийн ажлаа дуус­гаад орой гэртээ ороод ээжийнхээ хийсэн хоол, цайг идэж уугаад ээжтэйгээ, дүү нартайгаа юм яриад сууж байх л миний жаргал юм даа.

-Таны амьдралдаа барим­талж, чиг шугамаа болгодог ямар үг байдаг вэ?

-”Хүс, мөрөөд, зорь. Зорьсон­доо хүрэхийн тулд тууштай тэмц, хөдөлмөрлө” гэж өөртөө хэлдэг. Ямар нэг зүйлийг чадахгүй гээд мөрөөдөөд байж болохгүй. Мө­рөөд­лөө биелүүлэхийн тулд чадах­гүй байсан ч тэмцэх хэрэгтэй. Тэгж байж их, бага хэмжээгээр түүний үр шим гарна. Түүний үр дүнд турш­лага хуримтлуулж цаашдын ажилд тус нэмэр болно гэж боддог. Эмэг­тэй хүн гээд сул дорой байж болох­гүй. Бүсгүй хүн гэдэг хамгийн хүчир­хэг, тэвчээртэй ертөнц юм.

-Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой явна вэ. Хэзээ тусдаа гарах гэж байна вэ?

-Цаг хугацааны эрхээр бүх зүйл болох байх. Одоогоор ээж, дүү нартайгаа хамт XIII хороололд амьдарч байна. Гэр бүлийг сайтар төлөвлөж шийдэх ёстой. Гэр бүл хэн нэгэн хүний хүсдэг тоглоом биш.

Э.ЭНХБОЛД

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.