Хүмүүс: Доржсүрэн | Д Хүрэлхүү | Б Арго | |
Ард түмний багш Арго саяхан “Хорин нэгэн мянга” нэртэй хошин шогийн номоо гаргасан. Тэрээр харь хэлээс хошин урлаг руу урвах болсноо хошин урлагийн продакшнууд доогуур түвшинд уран бүтээл туурвиж, ямар ч зохиолгүй жүжиг тавих болсонтой холбон тайлбарласан. Тиймээс тэрээр хошин урлагт хүч түрэн орж ирж байгаагаа сүр дуулиантай зарлаад байгаа юм. Тэрээр мөн өөрийн бичсэн зохиолуудаараа үзэгчдэд дээд зиндааны жинхэнэ сонгодог инээд бэлэглэнэ гэж яриад байгаа.
Арго багш “Хорин нэгэн мянга” номондоо багтсан зохиолуудаараа удахгүй хошин шогийн тоглолтоо хийнэ. Түүний тоглолтын нэр “21 мянга” бөгөөд уг тоглолтод хүрэлцэн ирсэн зочдоос 21 хүнийг сонгож азтанаар тодруулна гэсэн. Мөн англи хэлний сургалтанд үнэгүй сурах эрх олгох аж. Тэрбээр бөөгийн шашинтай учраас тоонд их ач холбогдол өгдөг байж болох юм. "Хорин нэг" гэдэг нь түүний хувьд ихэд билэгшээлтэй тоо гэнэ. Түүний хүүхэд насаа өнгөрүүлсэн Баянзүрх дүүрэгт байдаг гэр нь 21 дүгээр байрны 21 тоот дугаарын хаалгатай байснаас гадна 21 гэдэг тоо түүний амьдралын чухал мөчүүдэд тохиосон гэв. Тэрээр хошин урлагийн хамтлагуудыг урьж хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Харин хошин урлагийн продакшнууд Арго багштай хамтарч ажиллах болов уу? Хамтарч ажиллах үгүй талаар нь тэдний санал бодлыг сонслоо.
Жүжигчин СТА, Ш.Доржсүрэн. Манай хошин урлагийн продакшнууд мэргэжлийн жүжигчин, мэргэжлийн найруулагчтай ажилладаг юм шүү дээ. Түүнээс биш хэн дуртай уран сайханч нь хийчихдэг юм биш. Мэргэжлийн жүжигчдийн багууд ажилладаг амаргүй ажил шүү дээ. Дуртай хүн ороод хийчихдэг юм биш л дээ. Зохиол гэдэг чухал боловч гүйцэтгэл гэдэг чинь маш олон жилийн туршлагаар дамжигдаж үзэгчдэд хүрнэ. Дан зохиолоор дамжуулаад биеэр гүйцэтгэхгүй хэн нэгэн дуртай хүн инээдмийн шоу хийнэ гэвэл бүтэхгүй л байх. Юу ч гэсэн хийгээд л үзэг. Дараа нь хамраараа газарт унана. Doz entertainment хошин урлагийн тоглолт хийхгүй байгаа. Арай мэргэжлийн тал руу гаа хандсан юм хийнэ. Одоо цагт хошин шогийг хүмүүс их үздэг болсон байна. Хүмүүс ихээр үзэж байгаа зүйлээр мөнгө хийх бодолтой хүний л ажил байх. Ингэснээрээ энэ урлагийг мөнгө олох хэрэгсэл болгож байна. Хар мөнгөний хэлбэр рүү л оруулж байна гэж бодож байна даа.
Жүжигчин СТА, Ц.Амбий. Хошин урлаг ерөнхийдөө зохиолгүй болчихоод байгаа шүү дээ. Зохиолоос нь шалтгаалж хамтарч ажиллах үгүйгээ шийднэ. Ер нь зохиолгүй болчихоод маш их удаж байна. Хоёрдугаарт манайхан нийгэм рүү хандсан хүнд юм ойлгуулсан тийм юм хиймээр байгаа юм. Манайхан бол одоо өмнөх шигээ эмээ болж хүн инээлгэж байгаа шүү дээ. Одоо арай зүйл хиймээр байгаа.
“Шинэ үе” продакшны жүжигчин, МУСТА Д.Хүрэлхүү. Би Арго гэдэг хүнийг танихгүй. Энэ талаар сонсоогүй юм байна. Ямар ч байсан манайхтай хамтарч ажиллах санал тавьж яриагүй байна. Хошин зохиол гаргаж байгаа талаар огт сонсоогүй болохоор хамтарч ажиллах үгүйгээ мэдэхгүй байна.
Т.Хулан