Хүмүүс: |
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг тойрох хэрэг, түүний хүү С.Наранбатын тарьсан хэрэг хоёр яг тэнцэхээр. Тэдний хувьд бүх зүйлд өөрсдөө шүдэнз зурдаг бөгөөд одоо ч аль, аль нь тоогоо алдсан. С.Наранбатын хувьд хар тамхины хэрэгт холбогдсон, үнэтэй машиныг ёоз ёозоор нь унаж давхихдаа дүрэм зөрчсөн, амарч зугаалж явахдаа буу гарган танхайрсан гээд түүний явсан замынх нь урт, мандаасан хэргийнх нь хурцыг тоочоод барахгүй. Энэ их дуулианы эзнийг хань ижил, үр хүүхэдтэй болохоороо тоомоожих байлгүй дээ хэмээн ээж нь хэрэндээ л горьдож суусан гэдэг. Гэвч С.Наранбат эхнэр авч, бүр ихрүүдийн эцэг болон, ээж аавыгаа эмээ өвөө болгосон ч засарсан зүйл огт үгүй гэдэг юм билээ. Тэр ч бүү хэл Ш.Сайхансамбуугийн “эрх жаал” их сургуульд сурч байх үедээ хоёр ч удаа сургуулиас хөөгдөх тушаалаа уншуулж байсан сурагтай. Тодруулбал өнөөх хар тамхины хэргээр нэг удаа уншуулсан бол гурван хичээлд унаж хоёр дахь тушаалаа уншуулж байсан гэнэ. Гэхдээ л түүнийг тус сургуулийн дипломыг өвөртөлж чадсан гэх бөгөөд хэрэв энэ үнэн бол баян аавынх нь л нөлөө болж таарах биз.
А.Сарнай.Factnews.mn