Л.Насанбуян: Би дуучин болох гэж хичээж яваа залуу хүн

2012/03/21
Share |
Хүмүүс: М.Насанбуян | 
Л.Насанбуян: Би дуучин болох гэж хичээж яваа залуу хүн

“Оддын эрэлд”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” зэрэг олон уралдаанд амжилттай оролцож авьяастай нэгэн гэдгээ харуулсан дуучин Л.Насанбуянтай цөөн хором ярилцлаа.


-Та олон уралдаан тэмцээнд оролцох юм. Өөрийгөө сорих дуртай юм аа даа?

 -Тийм шүү. Би их тууштай, хичээнгүй зантай. Нэг юмыг хийнэ гэсэн бол заавал үр дүнг нь харахыг хүсдэг. Бэрхшээлийг туулж өөрийгөө сорих дуртай. Хэзээ ч “гурилдах” дургүй. Бүхнийг сэтгэлээсээ хийхийг хүсдэг нь миний төрөлхийн зан гэхүү дээ. Сэтгэлээсээ хийсэн юм бүхэн сайн болж чаддаг шүү дээ.

 -Яагаад “Universe best songs”-д орохоор болсон бэ?

 -Энэ саналыг миний багш, зууны манлай дуучин Сарантуяа эгч маань гаргасан. Би өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Урьд нь дандаа монгол дуу дуулсан болохоор одоо гадаад дууг ч дуулж чадна гэдгээ харуулахыг хүссэн. Аливаа зүйл өрсөлдөөн дунд өсөж хөгждөг. Өөрийгөө дахин нэг өөрөөр харах боломж юм уу даа.

-Зарим хүн мэргэжлийн дуучин байж энэ тэмцээнд орлоо гэж шүүмжилжээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?


-Тийм ээ. Сайтаар сайн муу зөндөө юм бичсэн байсан. Урьд нь энэ тэмцээнд олон мэргэжлийн дуучин орж байсан. Гэтэл яагаад намайг ороход дургүйцээд байгааг ердөө ойлгохгүй юм. Би дуулах дуртай. Тийм болохоор л оролцсон. Яагаад болохгүй гэж, тийм биз дээ. Дуучин хүн байнга бусдаас суралцах ёстой. Би одоо ч өөрийгөө дуучин гэж бардам хэлж чадахгүй. Би дуучин болох гэж хичээж зүтгэж яваа залуу хүн. Тиймээс бүхий л уралдаан тэмцээн надад дадлага туршлага болдог.

-Ямар учралаар дуучин Сарантуяатай багш шавь бололцов ?

-Би “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцож байхдаа анх уулзсан. Багаасаа л дуучин Б.Сарантуяагийн дууны шүлгийг цаасан дээр буулгаж байгаад дагаж дуулдаг байлаа. Тэгээд шавь нь болох хүсэлтийг тавихад дуртай хүлээж авсан. Би өөрөө ч араас нь их гүйсний эцэст тоогдож чадсан шүү.

 -Сүүлийн үед уран бүтээлийн олз омог хэр байна даа?

-Саяхан “Мартлаа гэж үү” дууныхаа шинэхэн клипийг гаргасан. Сонирхуулахад, энэ клипний санааг Сараа эгч гаргасан. Их сайхан клип болсон. Дуучин нь өөрөө гол дүрд тоглосноороо онцлог болов уу. Цомгийнхоо баярт зориулаад цомхон тоглолт хийх бодолтой байна. Аливаа уран бүтээлд санхүүжилт чухал. Тиймээс санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр нутгийнхаа хүмүүст санал тавиад байгаа. Хугацааг нь тодорхой хэлж чадахгүй. Удахгүй Сараа багштай хамт гадагшаа тоглолтод явах гэж байгаа. Тэмцээн уралдаан гээд ажил их байгаа болохоор тодорхой хэлж мэдэхгүй юм.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.