”Өргөмөл охин” Ундармаа өөдлөхийн учир

2012/03/23
Share |
Хүмүүс:
”Өргөмөл охин” Ундармаа өөдлөхийн учир

Өчигдөр суваг сольж суухнээ Ерөнхий сайд маань ярилцлага өгч байна. Канадад яам тамгын газрын дарга болдог хүмүүс салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байж албан тушаалд томилогддог тухай ярьж байна. Цаашдаа манай засгийн газар ийм бодлого барина гэж байна. Салбартаа ажилласан туршлагатай, салбараа мэддэг хүнийг удирдах албан тушаалд тавина гэж байна.

Сайшаалтай хэрэг шүү. Салбартаа биш намдаа хэдэн жил ажилласан, түрийвчний нимгэн зузаанаасаа шалтгаалж албан тушаалд томилогддог үе өнгөрөх юм байна. Бас харьцангуй орлоготой дундаж давхаргыг харьцангуй олон болгохыг манай засгийн газар зорьж байгаа гэж байна. /харьцангуй гэдэг үгийг нэг л онцгой хэлэх юм билээ/  Тэгэхээр баян, ядуу хоёр хоорондоо ойртох юм байна.

Ерөнхий сайдын бодож байгаа хийж байгаа хоёр нь яг л тэнгэр газар шиг. Боловсролын салбарт нэг сар ч ажиллаж үзээгүй Бишрэлтийн Ундармааг БСШУ-ы дэд сайд болгосон. Газрын дарга ч биш дэд сайд шүү.  Хатагтай Ундармаа харьцангуй орлоготой дундаж амьдралтай иргэн мөн үү. Үгүй. Тэдэнтэй харьцуулахын аргагүй тасарсан баян эмэгтэй. Одоо энэ харьцаа улам холдох болно. Би атаархсан юм биш. Ерөнхий сайд өөрөө цөөхөн баячууд олон ядуучууд байна. Өдөр ирэх бүр тэдний зай холдож байна гэсэн юм. Тэгээд энэ зайг ойртуулах гэж байна гэж яриад байгаа мөртлөө улам холдуулаад байгаад л би гайхаад байгаа юм.  

“Бишрэлт Холдинг”-ийн захирал Б.Ундармаа энэ оны 1 сарын 31-ээс БСШУ яамны дэд сайдын албан тушаалд томилогдсон. Энэ эмэгтэй ганзагын наймаагаар хөлжиж 90-ээд оны дундуур “Бишрэлт Холдинг” компаниа байгуулснаас өөр тогтвортой, хариуцлагатай ажил хийж явсан түүх байхгүй гэхэд болно.

Удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын асуудал эрхлэх олон улсын хүрээлэн гэж хэний ч мэдэхгүй газар ганц хоёрхон жил эрдэм шинжилгээний туслах ажилтан хийснийг нь эс тооцвол шүү дээ. Ямар ч улс төрийн туршлагагүй, наймаанаас өөр юу ч хийж үзээгүй, төрийн албан тушаалд томилогдож байгаагүй энэ эмэгтэй ямар замаар шууд л БСШУяамны дэд сайд хэмээх зөөлөн бас ашигтай суудалд залрах болсон нь хачирхалтай. Ашигтай гэсний учир нь хаана буцалтгүй зээл тусламж, төсөл хэрэгжиж байна тэнд байгаа хүмүүс л баяжиж байна шүү дээ. Монголдоо томд тооцогдох Холдингийн захирал, нөхөр нь банкны эзэн ийм хүн бага юм харж улстөрд орно гэж үү. Компанийх нь ашиг тэрбумаар тоологдох энэ эмэгтэйг би лав ард түмний төлөө биш ашиг хонжоо харж улстөрд орсон гэдэгт итгэнэ. Хүн хуурч ашиг хонжоо олж явснаас биш хүний урманд Ундармаа хүмүүнлэгийн ажил хийдэг ч биш.  

Ерөнхий сайдын “өргөмөл охин” сэтэр зүүгээд байгаа Бишрэлтийн Ундармаа 2002 оноос улстөрд орохоор санаа шулуудан НАМЭХ-д удирдах зөвлөлийн гишүүн болж 2008 оны сонгуулиар СХД-ийн 26-р тойрогт нэр дэвшсэн боловч энэ үйлдэл нь өвдөг шороодсон гэхээсээ илүүтэй өөрийгөө таниулж эхэлсэн гэсэнтэй дөхөж очих болов уу. Нам нь хүртэл түүнийг “сулхан” нэр дэвшигч гэдгийг нь мэдэж байсан төдийгүй ядаж хүмүүст таниулахыг зорьсон. Гэтэл холыг харсан бодлогыг ухамсарлаж амжаагүй наймаачин бүсгүй намдаа шаралхаж сонгуульд гаргасан хэдэн төгрөгтөө харамсаад шөнө нойртой хонож чадаагүйгээр барахгүй  “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг”-ийн үлгэрээр намынхаа эсрэг хэсэг манаргаж хударгагүйтээд авсан удаатай.

Саяхан “өргөмөл охин” Ундармаа Ерөнхий сайд аавынхаа хормойноос чирэгдэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж арлын Японыг зориод ирсэн. Ямар ажил алба амжуулсан юм бүү мэд. Ямартай ч явсан хүмүүсийн амнаас сонсох нээ бариж тависнаа мэдэхгүй, газар тэнгэрээ ялгахгүй амьтан явж байсан сурагтай. Албан ёсны айлчлалд ч тохирсон хувцас олоод өмсчихөж мэдэхгүй хоцрогдсон загвартай албаны хослол, эсвэл элдэв төмөр тоног унжсан дэрэвгэр хормойтой богинохон даашинз өмсөж гүйгээд их л ичээсэн юм байхаа. Бас болоогүй ээ, айлчлалын бүрэлдэхүүнд явсан сэтгүүлчдэд эрэгтэй, эмэгтэй гэж алаг үзэлгүй “shisido” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглээд өөрийгөө хальт “пи-ар”-даад авсан гэж байгаа.  

Унасан нутаг, угаасан ус нь Ховд атал хаа байсан Дорнод аймгаас 2012 оны сонгуульд нэр дэвшихээр сэтгэл шулуудаж яваа нь нутаг усандаа нэр муутай байдагтай нь холбон тайлбарлах хүмүүс захаас аваад таарах юм. Намдаа хэдэн арван сая төгрөг өгч эрхээ авсан Б.Ундармаа аль 95-оноос бизнест орсон хүн нутаг усаа хөгжүүлэх дэмжих үйлсэд хэд гурван төгрөг хандивлаад, ганц нэг айл саахалт хүнийхээ хүүхдийг ажил төрөлд оруулаад явж байсан бол юу гэж ийм байдалд хүрэх билээ. Тэгээд ч эмэгтэй улстөрчдийг бүх талаасаа бахь байдгаараа дэмжье гэж яригдаад байгаа энэ үед нутагтаа нүүртэй байсан бол өнгөтэй өөдтэй яваа ганц эмэгтэй нь юм шүү дээ гээд нутгийнхан нь дэмжих л байсан байх даа. Яг үнэндээ тохиролцооны дэлгүүр дэн буудлаас эхэлсэн түүний бизнес хэний татаасаар өдий зэрэгт хүрснийг хангалттай олон хүн мэддэг билээ.

Дорнод аймгийн Засаг дарга Жанлав гэж байнгын хэл аманд өртөж явдаг, нэг нөхөртэй хавирга сүвэргээрээ холбогдоод авсан. Өнгөрсөн шинэ жилээр Дорнодын айл болгонд бэлэг тарааж өмнө нь наадмыг нь хүртэл ивээн тэтгээд явсан. Засаг дарга Жанлавт замыг минь сайн засаж байгаарай гэж шувуу болгонд үг дайгаад, шуудан бүрийд захиа дайгаад гэдэг шиг л завсар өгөхгүй л залгадаг гэлцэх юм.

“Том хүүхэд том асуудлын эзэн, жижиг хүүхэд жижиг асуудлын эзэн” гэж Оросын нэг хэлц үг байдаг. Угаасаа улс төрд жижигхэн Ундармааг жижиг асуудлууд л тойрох юм даа. Жишээлбэл 2008 оны сонгуулиар нэгэн жижиг хэвлэлийн үйлдвэрт сурталчилгааныхаа материалыг захиалан хэвлүүлжээ. Хэвлэх үйлдвэр 20 сая төгрөгний ном, тараах материал хэвлэж өгч. Эрхэмсэг хатагтай /сайд гэхээр санаанд нэг л багтахгүй юм, уучлаарай/ Б.Ундармаа урдчилгаа гэж хоёр сая төгрөгийг нь өгсөн байна. Мөнгөтэй баян хүн юм чинь гайгүй биз гээд хэвлээд өгчихсөн чинь мөнгөө өгдөггүй луу унжжээ. Сонгууль ч дуусч сураггүй болсон мөнгөө олж авахаар Ундармаа дээр очтол юун мөнгө авах “Чамайг шүүхд өгнө, чи миний материалыг чанаргүй хэвлэснээс болж би сонгуульд ялагдчихлаа гэж амыг нь жинхэнэ ангайлгаад авсан гэдэг. Цаашлаад бүр өнөөх хэвлэлийн жижиг компаний захирал шүүхд дуудагдсан бөгөөд одоо ч энэ нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж. Авах ёстой 18 сая төгрөгнөөсөө давсан өрөнд орох шахсан гэх юм. Авснаасаа давж ашиг олох нь наймаачин хүний зан л юм хойно доо. Сайд болсны учир нь юу ч өгөхгүйгээр ихийг авах хүсэл нь юм шүү дээ.

Компанийхаа цахилгааны төлбөрийг бага гаргах гэж тоолуураа хүртэл цахилгаанчнаа загнан байж ухраадаг, ажилчдаараа хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ он сарыг нь өөрчилж тусгайлан хэвлүүлж авч ирсэн шошго наалгадаг. Шинээр маркетингийн албанд ажилд орсон залууг Нарантуул захруу явуулж хуурамч гоо сайхны бараа авчруулж зарсан гэхчлэн ямар л мөнгө олох арга байна тэр бүхнийг жижиг гэлтгүй, луйвар гэлтгүй хийдэг эл эмэгтэй монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны ажил хэрэг, бодлогыг хийхэд потенциал нь ч хүрэхгүй нь тодорхой, шунал нь ч барагдахгүй нь тодорхой. Сайд байх хугацаа сараар хэмжигдэх юм даа гэж л найдахаас даа.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.