Лэди Гага: Орондоо орохдоо хүртэл нүүрээ буддаг охин байлаа

2012/03/24
Share |
Хүмүүс:
Лэди Гага: Орондоо орохдоо хүртэл нүүрээ буддаг охин байлаа

Шүтэн бишрэгч үзэгчдийг цаг үргэлж гайхшруулж байдаг авьяаслаг дуучин Лэди Гага шоу нэвтрүүлгээ шинээр эхлээд буй ярилцлагын хатан хаан Опра Уинфрийн зочноор оролцжээ.

Тэрээр уран бүтээлээ туурвихаасаа бусад үед хүүхэд насандаа амьдардаг байсан Нью-Йорк дахь гэртээ эцэг, эхтэйгээ хамт байдаг аж. Дуучин бүсгүй энэ удаа Опраг гэртээ урьж, ээжийнхээ хамт ярилцлага өгсөн байна. Ярилцлагыг товчлон хүргэе.
 

-Миний урилгыг хүлээж авсан та хоёрт баярлалаа. Синтия, таны охин авьяаслаг, гэхдээ их этгээд, өвөрмөц нэгэн. Та заримдаа түүнийг харахдаа “Ээ Бурхан минь, энэ охин яаж байна аа. Би яаж хүмүүжүүлчих вэ” гэж бодож байсан уу?
-Синтия: (Лэди Гагагийн ээж) Яг тийм. Тэр үргэлж намайг гайхшруулдаг. Арван насныхаа төрсөн өдрөөрөө алдартай хүн шиг үдэшлэг хиймээр байна гэсэн. Бид хүссэнээр нь үдэшлэг хийсэн. Гэтэл тэр миний хуучин цамцнуудаас нэгийг нь авч өмсөөд дээш нь эвтэйхэн гэгч нь нугалж зангидаад, хүйсээ гаргасан цамц болгож өмсөөд загвар үзүүлж эхэлсэн. Би маш их гайхсан. Аравхан настай охин шүү дээ. Тэр үргэлж л хүмүүсийг гайхшруулсан зүйл хийдэг байсан.
 
-Лэди Гага: Ээж ээ тэр үед намайг хэний дүрд тоглож байсныг санаж байна уу. Синди Кроуфорд болж үзүүлсэн шүү дээ.

-Синтия: Тийм ээ. Тэгсэн. 

-Опра: Чиний шүтэн биширч, үлгэр дууриал авдаг байсан дуучин Хьюстон байсан гэж ярьж байсан?
-Лэди Гага: Тэгэлгүй яах вэ. Түүний нас барсан талаар мэдээг сонсоод би маш их цочирдсон. Би ерөөсөө ч итгэж чадахгүй байсан. Тэр бол миний шүтээн байсан. Миний өрөө хоёр давхар байсан л даа. Шатаар өгсөхөөс эхлээд л өрөөгөөр дүүрэн Хьюстоны зураг байдаг байсан. Одоо ч байгаа. Өдөр бүр хичээлээ тарж ирчихээд Хьюстон шиг дуулж сурах гэж байнга сургуулилдаг байлаа. Бүх дууг нь сураад Хьюстоны нэг хувилбар болохыг хүсдэг байж билээ. 

-Тэгэхээр Хьюстон чиний хувьд хамгийн агуу дуучин гэж ойлгож болох уу?
-Мэдээж. Би хамгийн сүүлд энэ Грэммиг авахдаа хэлж байсан даа. Би энэ зэргийн дуучин болж чадсандаа Хьюстонд талархаж явдаг. Түүний ачаар би энэ бүх шагналыг авсан гэж боддог. Намайг супер од болохыг тэр цаг үед түүнийг хажууд байж харсан ч болоосой. Намайг өөрт нь маш их хайртай, хүндэлдэг гэдгийг мэдэж байсан байх гэж найдаж байна.

-Тийм ээ тэр гайхалтай, агуу дуучин байсан. Тэгэхээр энэ өрөөнөөс л чи дуучин болох эхлэлээ тавьж ээ дээ. Өөр их олон дурсамж энд үлдсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Миний хүүхэд нас тэр чигээрээ энд өнгөрсөн.
 
-Яг арван жилийн өмнөхөөр бол би энэ өрөөнд ямар дүр төрхийг харах байсан бол?
-Тэр үед би 15 настай байсан гэсэн үг. Орой үдэш гадагш гарахыг ээж аав зөвшөөрөхгүй болохоор хөгжмөө тоглоод л сууж байсан байх даа. Насанд хүрээгүй болохоор шүү дээ. Ээж аав маань хундага дарс шимээд, хууч хөөрч, эгч минь хаа нэгтээ гэрийн даалгавраа хийж байх байсан гэж бодож байна. Би бол гэрийн даалгавар хийх биш цаг үргэлж хөгжим тоглоод л сууж байдаг байсан.
 
-Чи бага байхаасаа л ийм загварлаг, этгээд хувцасладаг байсан уу?
-Бага бол жирийн л хүүхдүүд шиг хувцасладаг байлаа. Аажмаар загварын талаар илүү их мэдлэгтэй болж, янз бүрийн загвар сэтгэж, бусдаас өөрөөр, заримдаа их этгээд хувцасладаг болсон.
 
-Зарим зурагнаас чинь харахад их жаахан байхаасаа нүүрээ будаж эхэлсэн юм шиг байна?
-Тийм шүү. Би орондоо орохдоо хүртэл нүүрээ буддаг байсан.
 
-Хөөх тийм үү. Тэгэхээр чи сургуульдаа ч их алдартай, онцгой хүүхэд байсан байх даа?

-Үгүй ээ. Тийм ч онцгой байгаагүй. Бусдын л адил жирийн охин байсан.
 
-Ингэхэд гэр бүл, хүүхэдтэй болохыг хүсч байна уу?
-Тийм ээ. Маш их. Гэхдээ өнөө маргаашгүй гэсэн үг биш л дээ. Ер нь бол нөхөртэй, хүүхэдтэй болохыг их хүсч байна. Гэхдээ ганц хүүхэд биш хөл бөмбөгийн багтай болмоор байна. 

-Хөөх. Тийм олон хүүхэдтэй болохыг хүсдэг хэрэг үү?
-Үнэндээ хөлбөмбөгийн баг гэдэг нь жаахан хэтрүүлэг л дээ. Ямар ч гэсэн цөөхөн хүүхэдтэй байхыг хүсэхгүй байна.
 
-Дипак Чопра надаас нэг удаа маш энгийн мөртлөө их хэцүү асуулт асууж байсан. Би одоо чамаас асууя. Чи хэн бэ?
-Би бол бүх зүйл. Би бол бүх ертөнц. Энэ ертөнц бүрэлдсэн атомаас л би бас бүрэлдсэн шүү дээ.
 
-Алдар нэртэй байхын юунд нь дургүй вэ?
-Хүмүүс биднийг өөрсдийнхөө асуудлыг шийдэх цаг завгүй, хэтэрхий завгүй гэж боддог. Дээр нь өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн, паппараци дагаж, тэр дунд найз нөхөд гэр бүлийнхэн маань энэ ачааг үүрэлцэхэд хүрдэг. Би өнөөдрөөс хойш ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцахгүй гэж бодож байгаа. Бүр биш юм аа гэхэд нэлээд удаан хугацаагаар. Ер нь би сүүлийн үед сонин уншихгүй, зурагт үзэхгүй байгаа болохоор их амар тайван байгаа. Ээж заримдаа “тэнд нэг тийм юм бичсэн байна чи уншсан уу” гэж асуухад би огт сонирхдоггүй.
 
-Юунаас хамгийн их айдаг вэ?
-Эцэс төгсгөлгүй олон магтаал, алдар нэр заримдаа намайг айдаст автуулдаг. Ийм үед би огт үнэ цэнэгүй юм шиг санагддаг.

Б.Тамир

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.