Чадвал бариарай

2012/04/02
Share |
Хүмүүс:
Чадвал бариарай

Ирэх жилийн сонгуулийн сурталчилгаа илүү далд утгатай болох шинжтэй. УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар “амлалт” өгөхийг хориглосон. Тодруулбал, уг хуульд “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно” гээд “нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно” гэж заажээ. Энэ заалт нь өнгөрсөн сонгуулийн үеэр гарч байсан бүхий л амлалтыг багтаах гэсэн оролдлого бололтой. Гэвч сая таванзуун мянган төгрөг өгнө гэж шууд амлахгүй ч “Биднийг дэмжвэл цалин сая таванзуун мянга болох боломжтой” гээд яриад явах боломж нь бий. Мөн “өөрийнхөө орон бусдаар хэлүүлж, ямар нэгэн хөтөлбөр хэрэгжсэнээр тийм тийм сайхан зүйлд хүрнэ” гэж “шороон буландах” арга ч байж болох.

Ямартаа ч амлалт өгөхийг нь хориглочихсон болохоор амласнаа биелүүлсэн мэт харагдах байдлаар одоогийн парламентын гишүүд сурталчилгаандаа анхаарах бололтой. Хөгжлийн мод ч юм уу, хүний хөгжил ч бил үү “нэг хөтөлбөрийн зорилтыг танилцуулсан болохоос биш би л лав амлаагүй” гэж гүрийх хүмүүс ч гарна.

Хориглолт чангарсаны хэрээр арга нарийсч, уран сайхны кино зэргийг хүртэл сурталчилгаандаа ашиглаад ч эхлэв. Сонгуулийн сурталчилгаагаа хүргэх гэж мөнгө зарлагаддаг байснаа больж хүмүүсээр тасалбар авахуулж далдуур санаагаа тулгах, тархи угаалт хийнэ.

Телевиз бүхэн нэгэн хэлэлцүүлэгтэй болж, хэдэн гишүүд нь хөтлөгч болж, хэсэг нь зочин болж ирээд л УИХ дээр яриагүйгээ хэлж “хэрэгтэй” гэх үгсээ харамгүй урсгах ч боломж байна. Тэдний энэ нэвтрүүлгүүд сурталчилгааны цаганд харин тооцогдохгүй. Өнөөх шинэхэн сайдууд нь өдөр бүр л нэг газрын ажил байдалтай танилцаж, хэвлэлийнхнийг дагуулж явцгаана. Энэ тухай мэдээ мөн л сурталчилгаанд хамаарахгүй. Удахгүй сонин хэвлэлүүд зай талбайгаа нэг нөхөрт түрээслэж, өнөөх нөхрийн малийсан царай, магтсан нийтлэлтэй дугаарыг нь мань мэт нь өөрийнхөө мөнгөөр худалдаж авна. Эдгээр сонины тусгай дугаарууд мөн л сурталчилгааны талбайд нь хамаарахгүй. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад хотын төвийн хамаг үнэтэй самбаруудыг улаан цаас, утгагүй бодлоор дүүргэгч ч зүгээр л нэг намын дэргэдэг залуусын байгууллага байна гээд бодохоор ирэх сонгуульд энэ намууд мөнгөөр тоглох нь тодорхой байна. Гэхдээ улаан цайм амлалтыг хориглочихсон юм чинь утгагүй таавар, утга шилжүүлсэн санаагаар өөрсдийгөө магтах болно. “Catch Me If You Can” буюу “Хэрвээ чадвал бариарай” гэх киног та үзсэн үү. Тэр кинон дээр баригддаггүй зальдагчийн тухай гардаг бөгөөд сүүлд нь зөв замд орох хүртлээ луйвардсаар, зугтсаар явдаг тухай гардаг юм.

Өнөөдөр сонгуулийн штабаа бай­гуул­чихаад сонгуулийн хуулийн завсраар хэрхэн өөрсдийгөө сурталчлах вэ гэж бодоцгоож буй хүмүүс олон бий. Тэд одоохондоо нэг л зүйлд итгэж байгаа. Тэр нь “хэрвээ чадвал бариарай” гэх бодол.

Б.МАНДАХ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.