Би хэзээ ч ухаангүй дурлаж үзээгүй

2012/04/05
Share |
Би хэзээ ч ухаангүй дурлаж үзээгүй

2012 он Мадоннагийн жил болох нь. Яагаад гэвэл тун удахгүй түүний “M.D.N.A” хэмээх шинэ цомог худалдаанд гарна. Мөн “Бид хайранд итгэдэг” хэмээх кино нь саяхан дэлгэцнээ гарчээ. Энэ тухай тэрбээр “Elle” сэтгүүлд ярилцлага өгчээ. Уг кино нь Английн Эдвард хаан, америк бүсгүй Уоллис Симпсоны гэгээн хайрын тухай өгүүлдэг аж.

- Чухам яагаад энэ сэдвийг сонгох болсноо яриач?
- Энэ бол үнэхээр гайхалтай түүх. Төсөөлөөд үз л дээ. Хаан хүн нэг эмэгтэйд хайртайгаасаа болж хаан ширээнээсээ татгалзана гэж байх уу. Эдвард, Уоллис хоёрын хайр дурлалын түүхийг нөхөрт гараад, Англид ирснийхээ дараа маш ихээр сонирхож билээ. Тухайн үед Лондонд таньдаг найз нөхөд байгаагүй болохоор өөрийгөө хөгжүүлж, Их Британийн түүх, соёлтой танилцсан юм. Тэгээд л Английн хаадын талаар уншиж байгаад сүүлдээ Виндзорын эзэнт гүрнийг сонирхож эхэлсэн.

- Үүнээс өмнө Эдвард, Уоллис хоёрын хайрын түүхийн талаар мэддэг бай­сан уу?
- Америк бүсгүйд дурласан Английн нэг хаан гэдгээс цааш мэдлэггүй байсан. Харин тэдний амьдрал яагаад ч юм, зохиол шиг л санагдаж билээ.

- Ер нь та өөрийгөө Эд­вардын оронд тавьж үз­сэн үү. Та ч бас хатан хаан. Гэхдээ хөгжмийн ер­төн­цийнх. Тиймээс хайр дур­­лалынхаа төлөө алдар нэ­рээсээ татгалзаж чадах уу?
- Хайр дурлалын төлөө би нэлээд зүйлээс татгалздаг шүү дээ. Миний хувьд хүүхдүүдээ хайрлахын тулд зарим зүйлээ золиосолсон. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл би кино хийж, тэднийхээ цагаас хумсалж байна. Ер нь Эдвард хааны үе өөр, биднийх ч бас өөр гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнөө цагт ажиллаж, карьер хөөхийн хажуугаар үр хүүхдээ өсгөж, дурлаж болно. Харин Эдвард бол хайрынхаа төлөө бүхнийг золиосолж байгаа.

- Та хэзээ нэгэн цагт ийм хүч­тэй дурлаж байсан уу?
- Үгүй ээ. (Инээв)

- Эвдардын хайртай бүс­гүй Уоллис Симпсоныг хүмүүс сөргөөр хүлээн ав­даг. Хэрүүлч, завхай, хааны замыг алдуулсан аме­рик бүсгүй гээд л. Харин та түүнд хүнлэг байдлаар хан­даж, өөр өнцгөөс ха­руулжээ?
- Үнэн. Түүхэнд өгүүлсэн ихэнх зүйл нэг талыг барим­талсан мэт санагдсан. Нацист, нууц ид шид эзэмшсэн шу­лам ч гэж нэрлэдэг. Би энэ түүхээс орчин үеийн ний­гэмд өвөрмөц санагдах чиг хандлагыг олж харсан. Эмэг­тэй хүн хүчирхэг байхыг хүмүүс ойлгодоггүй бөгөөд улам доромжилж, буруутгаж, галд шатааж байх жишээтэй.

- Та өөрийгөө феминист үзэлтэн гэж боддог уу?
- Үгүй, хүмүүнлэг гэвэл таарна.

- Гэхдээ танд ч бас тэр хүч чадал тодорхой хэмжээгээр байгаа шүү дээ?
- Тийм ээ, би хүчирхэг эмэгтэй. Гэхдээ зарим хүн үүнийг буруугаар ойлгож, аюул хэмээн хардаг. Энэ ч байх ёстой зүйл. Хүн ямар нэгэн зүйлээс айх үедээ ямар хариу үйлдэл үзүүлдэг билээ. Түүнтэй л адил юм.

- Та ямар эмэгтэйчүүдээр бахархдаг вэ?
- Фрида Кало, бүжигчин Марта Грэм, гэрэл зурагчин, хувьсгалч Тина Модотти нараар бахархдаг. Тэд бол эрчүүдийн ертөнцөд өөрийн орон зайгаа хайхаас айгаагүй, эрх чөлөөний төлөө тэмцэгч эмэгтэйчүүд.

- Харин та өөрийгөө бусдын шүтээн гэдгийг хэр мэ­дэрдэг вэ?
- Үнэндээ шүтэн биш­рэг­чид янз бүр байдаг. Байнга мөрдөж, мөшгиж, энергиэр тань тэжээгддэг нэгэн байхад таниар үнэхээр их бахархаж, таны мэд­лэ­гээс хуваалцахыг хүлээж суудаг хүмүүс ч байна. Мэдээж, хүмүүс миний үгийг сонсож, миний хийх үйлд­лийг үнэлж суудгийг би мэдэрдэг.

- Уоллис хайрынхаа төлөө амьдралаа золиосолж бай­­на. Та ч бас ийм зүйлийг амссан хүн. Алдар нэрийн төлөө хувийн орон зай­гаасаа татгалзах нь хэр хүнд вэ?
- Эхэндээ янз бүрийн мэдрэмж төрдөг. Хүмүүс нэрээр минь хашгирч, зургийг минь байнга авахаар урам зориг ордог. Гэхдээ амар тайван байдал алдагдсаныг хожим нь ухаарах юм. Заримдаа би хэний ч анхаарлыг таталгүйгээр гэрээсээ гармаар санагддаг.

- Алга болж, олны нүднээс далд амьдрахыг хүсч байсан удаа бий юу?
- Тийм ээ, тэгж хүсч байсан.

- Хуучин нөхрүүд тань болох Шон Пенн, Гай Ричи нар кино зураг авалтын онц­логт сургасан байх?
- Тийм шүү. Би тэднийг юу хийж байгааг ан­хаа­ралтай ажигладаг бай­лаа. Шон жүжигчин бол Гай найруулагч. Шоноос би давтах, өмнө нь сайн бэлтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Харин Гай зураг авалтын үеэр гардаг тохиолдлуудад найдаад, их эрсдэл хийдэг. Тэр, дүрэм журмын эсрэг байх дуртай. Би ч бас тэрийг нь сурсан.

- Ер нь найруулагч хүн эмэгтэйчүүдтэй ажиллахдаа хүүхдүүддээ хандаж байгаа мэт харьцдаг гэж ярьдаг шүү дээ?
- Хүлээн зөвшөөрч байна. Зураг авалтын талбай дээр би олон том хүүхэдтэй айлын ээж юм шиг л болчихдог.

- Энэ киноны талаар охин тань юу бодож байгаа бол?
- Тэр маш дуртай хүлээн авч байгаа.

- Тэр бас сайхан ханхүү мөрөөддөг болов уу?
- Үгүй л болов уу. Миний охин тэс өөр зантай. Гэхдээ тэр кинонд тоглохыг хүсдэг болсон.

- Энэ киноны гол утга санаа бол “Төгс төгөлдөрт хэзээ ч бүү эрмэлз гэсэн утга­тай. Харин таныг хүмүүс төгс төгөлдөр хэмээн үзэж, дуу­райхыг хүсдэг?
- Төгс төгөлдөр юм гэж хэзээ ч байдаггүй. Гэхдээ бид нэг хүнийг тахин шүтэх нь давамгайлсан нийгэмд аж төрж байна. Өнөөдөр богино хугацаанд алдар нэрийг олж болно. Хүмүүс зөв­хөн одод дунд эргэлдэж байна. Сэтгүүл дээрээс шүтээнийхээ зургийг хараад л илүү ойртон дотносч байна гэж эндүүрдэг.

- Уоллис, Эдвард нарын амьдарч байсан үе одоогийн бидний үеэс сонирхолтой болов уу?
- Энэ талаар хэлэхэд эртэднэ. Дэлхий ертөнцөд тухайн цаг үедээ сонирхолтой байсан зүйл одоо аль хэдийнэ хуучирсан. Хүн болгон сайхан амьдралын төлөө тэмцэж, түүнээс хэсэгхнийг ч болов тасалж авахыг эрмэлздэг. Гэхдээ авхаалжтай хүн энд занга нуугдаж байгааг мэдэрдэг.

- Ер нь оддын ертөнц дээр үеийн язгууртнуудын ертөнцтэй төстэй юм шиг ээ?
- 1930-1940-өөд онд Хатан хааны гэр бүлийн гишүүд тухайн үеийнхээ шүтээн, жинхэнэ алдартан нь байсан гэж боддог. Жеймс Д’Арси нэгэн ярилцлагадаа “Эдвард тухайн үедээ кино одтой адил байсан” хэмээн өгүүлсэн. Хүмүүс түүнийг хүндэтгэж, даган дуурайдаг байсан.

- Тэр одоо ч гэсэн ХХ зууны моодны хэв загварыг тодорхойлогч гол хүн хэвээр үлдсэн?
- Эдвард өөрийн гэсэн стильтэй. Түүнийг тод өнгийн оймс, бие барьсан костюм өмсдөг хэмээн аав нь байнга загнадаг байж. Тэр өргөн ташаатай өмд өм­сөж, том хүрээтэй малгай дух­дуулж, машинаараа салхи татуулан давхиж, нө­хөр­тэй хүүхнүүдийн араас ан­гуу­чилдаг, тийм л эр байсан.

- Тэгвэл одоогийн хаад тийм болов уу?
- Би одоогийн хаадын нэгэнтэй ч харьцдаггүй. Тэд намайг хүлээн авалтдаа урихгүй юм байна шүү дээ. (Инээв).

- Зурагт авалтад хэрэглэх орны цагаан хэрэглэлийг та­ны шаардлагаар өөр тивээс онгоцоор зөөж авч ир­сэн гэж сонссон?
- Онгоц нь ч яах вэ. Цагаан хэрэглэлийг миний Лондонд байдаг байрнаас авч ирсэн юм.

- Тэгэхээр Мадонна зураг авал­тад өөрийнхөө цагаан хэрэг­лэлийг хэрэглэх хүсэл­тэй байсан байх нь ээ?
- Ер нь зураг авалтын талбай дээр бид хувийн эд зүйлсээ маш их ашигласан. Бид тодорхой төсөв, нарийн графиктай байсан учраас зарим зүйлээ хайх цаг байгаагүй. Нэг удаа бид кинонд тохирох орны цагаан хэрэглэл олж чадаагүй юм. Тиймээс би байрнаасаа үүнийг авч ирүүлэхийг хүссэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.