“Сэмэрсэн” төрийн далбаа

2012/04/07
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
“Сэмэрсэн” төрийн далбаа

Өнөө өглөө төв стадионы хажууд байх Монгол Улсын хамгийн том төрийн далбаа үзүүр нь сэмрээд гурван тийшээ салбайтал унжжээ. Сэмэртэл санаа алдаа юу?
Өвөө минь “Юм гэдэг учиртай” гэж их хэлдэгсэн. Веб сайтуудаас Герман Улсад төрийн айлчлал хийж байгаа Ерөнхийлөгчийн маань ард Германы төрийн далбаатай эн зэрэгцэн байрласан монгол төрийн далбаа маань өсөж дэвжихийн бэлгэдэл өөдөө цогнойх гал биш өвс шарилжийн хүндэтгэл өмнөд хөршийн цэцэг байхыг хараад сэтгэл өвдсөнөө бичих шалтагийг “сэмэрсэн” далбаа надад сануулаад орхилоо.

Өнгөрсөн жил ийм алдаа гарсан. Одоо ахиад л давтагдаж байна. Монгол төрийн далбаа ямар байх ёстойг стандарт гаргаад батлаа биз дээ уг нь. Гэтэл яахаараа төрийн тэргүүн нь ийм адармаатай сонголтыг хийгээд байдаг юм бол. Монгол Улсад зарагдаж байгаа өч төчнөөн төрийн далбаанаас яг ийм цэцэгтэйг ол гэвэл бас л очих газар мухардах байх шүү.

Бодлоос төрсөн бодол. Төрийн тэргүүний айлчлалын үеэр ямар далбаа мандуулахыг Төрийн ёслолийн алба хариуцдаг юм болов уу, гадаад аялал болохоор Гадаад хэргийн яам нь мэддэг юм болов уу, эсвэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба хариуцдаг юм болов уу сайн мэдэхгүй л байна. Ер нь хэн ч хариуцдаг байсан гэсэн ахин дахин давтагдаад байгаа энэ асуудлыг яамаар ч юм дээ? Цалингаа буухаар Улсын их дэлгүүрт 14,999 төгрөгөөр зарагддаг 1х2 хэмжээтэй зөв далбааг худалдаж Улсынхаа тэргүүнд бэлэглэдэг юм билүү? Айлчлалын зурагнаас нь харахад Ерөнхийлөгчийн ард намирах төрийн далбаа хэмжээгээрээ тэрнээс том лав харагдахгүй юм билээ.

Гэтэл өнөөдөр Нийслэлийн маань бахархах ганц том Төрийн далбаа сэмрээд унжчихаж. Удахгүй Киргизийн айлчлалаас Буянт ухаагаар даваад төрийн ордон руугаа Энх тайвны гүүрээр ирэх Улсын ерөнхийлөгчийг Монгол төрийн далбаа маань сэмэртэл санаа алдаад угтах нь дээ. Өөрийнх нь хувцасыг өмсөөд өөрийнх нь нэрээр нэрлэгдээд нөхөртэй нь хамт алхаад байгаа өөр эмэгтэйг харвал тэргүүн хатагтайд таагүй байх нь мэдээж. Төрийн далбааныхаа өмнөөс ингэж л зүйрлэхээс. Ер нь Төрийн ёслолын алба, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийнхэнд нь биш эрхэм тэргүүн хатагтай танд л зөвлөе,  Монгол төрийн далбааг өөр орны бэлэгдэлээр биш Монгол Улсын стандартынх нь дагуу зөв төрийн далбаагаар чимэх асуудлыг та хариуцаж санаа тавьж өгөөрэй.

Алдаж болно, алдаагаа давтах л хамгийн гутамшигтай билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.