Хууль хяналтын байгууллагын буруугаас болж бүсгүй амиа алджээ

2012/04/10
Share |
Хүмүүс:
Хууль хяналтын байгууллагын буруугаас болж бүсгүй амиа алджээ

Манай улсад гэр булийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлаад өдгөө найман жилийг ардаа орхижээ. Гэхдээ энэ хууль зөвхөн цаасан дээр байж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид уг хуулиар олгогдсон боломж, хамгаалалтыг хүртэж чадахгүй хохирсоор л байна. Түүгээр ч үл барам хуулийн хамгаалалт хуссэнийхээ төлөө илүү эрсдэлд орж, биедээ хүнд гэмтэд, бэртэл авах, амь насаа алдах тохиолдлууд өдөр ирэх бүр нэмэгдсээр л байна.

Үүний хамгийн тод жишээ нь энэ сарын тавны өдөр 23 настай Г нөхрийнхөө гарт Л удаа хутгалуулан амь насаа алдсан явдал. Талийгаач нь нөхөртэйгээ гэрлэсэн цагаасаа байнга дарамт, хүчирхийлэл дор амьдардаг байсан байна. Түүний хувьд нөхрийнхөө энэ бүх дарамтнаас эхлээд залхаж байсан бол сүүлдээ энэ нь айдас болж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд хандаж энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, өргөдөл болон нөхрийнхөө эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулахаар хүссэн байсан байна.

Тэрээр нэхэмжлэлдээ хүчирхийллийг тэвчин өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай маш тодорхой дурдаж, амь насанд нь заналхийлж байгаа эрсдэлт нөхцөл байдал болон тэрхүү заналхийллээс хамгаалж өгөхийг хүссэн байжээ. Гэхдээ түүний хүссэн нэхэмжлэлийн дагуу намайг хамгаална хэмээн итгэж найдаж, айх зүйлгүй алхаж байсан нь түүнийг амиа алдахад хүргэсэн гээд хэлчихэд болно.

Түүний үхэл зүгээр нэг байж л байдаг үзэгдэл мэт боловч талийгаач ийм байдалд орох эрсдэлтэй байгаагаа мэдэж хууль хяналтын байгууллагынханд гэр бүл цуцлуулж айлган сүрдүүлж байгаа нөхрийгөө цагдан хянаж арга хэмжээ авч өгөх талаар олон удаа хандаж байсан ч төдийлөн тоож үзээгүй нь магадгүй тэр бүсгүйг үхэл рүү түлхсэн байхыг үгүйсгэхгүй.

Хууль хяналтын байгууллагыг үхэлд нь буруутай гэж үзэх болсон нь бүхэл бүтэн хоёр сарын турш гэр бүл цуцлуулах хүсэлтээ өгч өөрийнхөө байр байдлаа хэлж нөхөртөө үхэхээс наагуур болтлоо зодуулчихаад салгаад өгөөч, арга хэмжээ аваад өгөөч гэж уйлан дуугаран очиж байгаа хүнийг байдаг л үзэгдэл хэмээн үзсэнд хуулийнхныг буруутгаж байгаа юм.

"Гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална" гэж заасан атал шүүх хоёр сарын эвлэрүүлэх хугацааг өгсөн. Түүгээр ч зогсохгүй түүний "амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах өвдөр эрсдэдтэй" гэдгийг тогтоосон нөхцөл байдлын үнэлгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээг нийгмийн ажилтан хийсэн, тэр нь хавтаст хэрэгт авагдсан атал шүүгч "Нэхэмжлэгч Гангамөрөнгийн нөхөр Мөнхбат айлган сүрдүүлж, орой үдэш мөрдөж байгаа гэдэг байдал нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдэл гэж үзэх боломжгүй" гэсэн үндэслэлээр хохирогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байх юм.

Мөн нөхөртөө зодуулчихаад аргаа бараад цагдаагийн 102 утсанд хэд хэдэн удаа дуудлага өгсөн ч ирээгүй байна. Маргааш нь хөхөрсөн нүд хавдсан духтай эмэгтэй хүн гэж хэлэхэд хэцүүхэн царайтай хүн очиж энэ байдлыг хэлэхэд "Чи тэгээд дуудлага очсонгүй гэж зарга хийх гэж ирээ юу" хэмээн доог тохуу хийсэн байна. Ард иргэдийг амар амгалан байлгах эрх үүрэг нь цагдаа нарын гарт байдаг биш билүү.

Шүүхээс өгсөн хоёр сарын эвлэрүүлэх хугацааг асар их дарамт хүчирхийлэд дор өнгөрөөсөн хохирогч уг хугацаа дуусмагц гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд дахин хандсан байна. Харамсалтай нь хохирогч шүүх хурал болохоос 30 минутын өмнө амь үрэгдсэн байна. Энэ бол олны өмнө ил болсон хэрэг учраас хэвлэл мэдээллээр шуугьж байгаа хэрэг.

Харин үүний цаана далд ийм аймшигтайгаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа хорлож, хүний гарт амиа алдаж байгаа хичнээн охид бүсгүйг байгааг хэн ч мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой, мөн Монголын эмэгтэйчүүдийн дунд гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Тус төвийн захирал Д.Энхжаргалтай уулзлаа.

 -Танай төвөөр үйлчлүүлж байсан Г нь нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг гарлаа. Энэ хэрэгт нөхрөөс нь гадна хууль хянатгын байгууллагыг буруутгаж байгаа?

-Хохирогч эмэгтэйн хувьд манай төвөөр үйлчлүүлж сэтгэлзүйчийн туслалцааг аваад явж байсан. Гэвч тэр бүсгүй хууль хяналтын байгууллагын ямар нэгэн хамгаалалт авч чадалгүй нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алдлаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэл нь амь насаа алдсан эмэгтэйг буруутгасан биеэ үнэлэгч байсан, нууц амрагтай байсан гэх мэтээр буруутгаж байна. Үхсэн хүн босч ирээд юм ярьдаггүй болохоор хүн бүхэн өөрийн сонссон дуулсандаа л итгэх байх.

Амиа алдсан бүсгүйд үйлчилгээ үзүүлж байсныхаа хувьд гадуур яригдаж байгаа худал хуурмаг мэдээллийг залруулья гэсэн юм. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэг дээр дэндүү хайхрамжгүй, байгаа бололцоогоо ашиглалгүй хайнга хандсанаараа энэ бүсгүйг үхэл рүү түлхчихсэн гэж хэлж болно. Хууль гэдэг өнөөдөр яах гэж байдаг юм бэ. Түүнийг хэрэгжүүлж ард иргэдийг амгалан тайван байлгах гэж баталж зохиодог. Харин энэ хуулийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгжүүлдэг ёстой биз дээ.

Харин энэ хэргийн хувьд хууль, түүний хэрэгжилт өчүүхэн төдий ч байсангүй. Уг нь энэ хэрэгтэй холбоотой хууль батлагдаад удаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Даанч энэ хууль нь хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь их байгаа гэдгийг гарч байгаа хэргүүдээс харж болно. Хохирогчийн хувьд хуулийн байгууллагуудын доороос дээд хүртэл нь явж өөрийнхөө амь нас аюулгүй байдлыг хангуулах гэж яваад чадалгүй байсаар амь насаа алдаж байгаа юм.

Энэ нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа сул байгааг харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байгаад ч хэрэг алга, түүнийг хэрэгжүүлэх хууль хяналтын байгууллага байгаад ч хэрэг алга байна шүү дээ. Өнөөдөр Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа охид бүсгүйчүүдэд гурван зам байгаа гээд хэлчихэд болно.

Нэгдүгээрт, амиа хорлох, хоёрдугаарт хүчирхийлж байгаа хүнийхээ гарт амь насаа алдах, гуравдугаарт хууль хяналтын байгууллагуудад хандаад гэр бүлийн хүчирхийллээс гарч чадахгүйгээ мэдэн хүчирхийлэгчээ алах. Үүнийг сонссон хүмүүс ийм юм гэж хаа байдаг юм гэж бодож болох ч энэ бол Монголын өнөөгийн нийгэмд байгаа асуудал. Жил ирэх бүр гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ихэссээр байгаа нь маш ноцтой асуудал юм.

Зүгээр нэг тоо баримт хэлэхэд сүүлийн нэг жил арван сарын хугацаанд хүчирхийллийн улмаас нөхрийнхөө гарт амь насаа алдсан 47, амиа хорлосон тав, 873 хүн хүндэвтэр гэмтсэн байгаа юм. Энэ бол албан ёсны тоо шүү. Үүний цаана мэдэгдэлгүй ийм хэрэг хичнээн гарч байгаа бол.

- Эхнэрээ хуггалчихаад өөрийгөө бас хутгалсан гэсэн. Хэрэгтний биеийн байдал ямар байгаа бол, мөн хаана байгаа талаар танайд мэдээлэл ирсэн үү?
- Бид нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Хохирогч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сэтгэлзүйч дээр ирж бүх зүйлээ ярьж байхдаа нөхрийнхөө хэлсэн үгийг үргэлж давтаад л хэлээд байсан гэсэн. Энэ нь "Чи надаас үхэж байж л сална" гэдэг үгийг хэлдэг байсан гэсэн. Энэ бүхнээс харахад хохирогч ямар их айдастай явдаг байсан нь харагдаж байгаа юм.

- Гэр бүлийн хүчирхийлэл жил ирэх бүр нэмэгдэж байна гэж хэллээ. Too баримтаар яривал?
- Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн тоог бодитоор нь яг тэд байна гэж гаргах боломжгүй гэж улс орон үздэг. Яагаад гэвэл энэ далд байгаа учраас. Манай хүчирхийллийн эсрэг төвд жилд 1300 гаруй хүн хавдаж байна. Үүнээс 500 гаруй нь манай төвд байрлаж байна.

Г.Төгс
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.