Амагийн нулимс

2012/04/12
Share |
Хүмүүс: Бямбадорж | 
Амагийн нулимс

Мэргэжлийн сумогийн галтайхан озэки Харумафүжи Д.Бямбадоржийг бид Ама гээд сурчихаж. Мань хүн тэрхүү нэрээр олон жил дуудуулан барилдаж озэки цолонд хүрсэн л дээ. Гэхдээ энн удаа сумогийн талаар, Амагийн уран хурц барилдаан дайчин чанарын талаар ярих гэсэнгүй ээ. Сэтгэлд нэгэнтээ эмзэглэл үлдээсэн нулимсных нь талаар өгүүлье гэсэн юм. Нулимснаас үүдээд аав хэмээх тэнгэрлиг агуу ертөнцийн талаар өгүүлэхийг хүслээ.

Хоёр мянга долоон оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээс нь сувдрах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь аавыгаа алдсан харууслын нулимс байв. Рэгжийбуугийн Давааням гэж олны хайлан болсон сайхан хүн, сайн бөх байсныг манайхан мэднэ. Цаг бусаар хорвоог орхисон аавыгаа хөдөөлүүлэхэд Ама ирж чадаагүй. Сумогийн холбоо түүнд зөвшөөрөл өгөөгүй.

Барилдаан бүрийнх нь өмнө утсаар ярьж цаг үргэлж хамт байдаг ханагар аав нь эзгүй он жилүүд тийнхүү эхэлсэн. Тийм л он жилүүдтэй тэрсэхдээ энхрий жаалхан хүү яалт ч үгүй нулимс унагасан юм.

Тухайн үед нэг зүйл бодогдож билээ. Р.Давааням агсны нутаг болох Говь-Алтайн Чандманийн хөвүүн, Өдрийн сонины Герман дахь тусгай сурвалжлагч Дэлгэрмаагийн аав Түндэвийн Юмсүрэн гуайн “Нарлаг өндөр Алтайн ууланд…” гээд эхэлдэг аавын тухай сайхан дуу бий. Тэрхүү дууны түүхийг сөхөхүйд “…Аав нь өнгөрсөөн гэх хоёрхон үгийг уншихад манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон доо” гэж байдаг. Үнэхээр аав гэдэг ийм л агуу том, ер бусын, гайхамшигт уул билээ. Уул хэрнээ сэтгэл зүрх нь ямар зөөлөн, энхрий гэж санана.” Таван жилийн өмнөх Амагийн нулимсыг сэтгэлдээ тээж явдгийн учир энэ буюу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.